Манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр(APTA)-т орсон талаар өмнө мэдээлж байсан билээ.
Уг хэлэлцээрт орсноор үндэсний аж ахуйн нэгжүүдэд үүсэх боломж, түүнийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг өнөөдөр Гадаад харилцааны яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.
Тус хэлэлцээр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд ач холбогдлынх нь талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Оюу "АРТА нь гишүүн орнууд дотроо худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх зорилготой олон талт хэлэлцээр.
Манай улсын худалдааны хоёр том хөрш болох БНХАУ, БНСУ энэ хэлэлцээрт бий. Тиймээс энэ хоёр улстай хийж буй худалдаанд тодорхой хэмжээнд эергээр нөлөөлнө.
Ялангуяа, БНХАУ руу гаргаж буй коксжих нүүс 50 хувийн тарифын хөнгөлөлт эдлэхээр болоод байгаа. Мөн боловсруулсан болон хагас боловсруулсан арьс ширэн бүтээгдэхүүн дээрх хувиар хөнгөлөгдөх бол ноолууран сүлжмэл эдлэл 35 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Нийт 10,667 бүтээгдэхүүнийг зургаан улстай хийх худалдаанд 5-10 хувийн хөнгөлөлт эдэлнэ.
Түүнчлэн хэлэлцээрт нэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчид 2.9 тэрбум хүнтэй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байна" гэв.
Ийнхүү хөнгөлөлт эдлэхэд бараа бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг заавал авсан байх шаардлагатай юм. Үүнийг хэрхэн авах талаар МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Ц.Хулан "Гарал үүслийн гэрчилгээг 30 минутын дотор авах боломжтой болсон. ААН цахимаар хүсэлтээ гаргасан тохиолдолд МҮХАҮТ-д бичиг баримттайгаа ирээд гарал үүслийн гэрчилгээгээ авна.
Тодруулбал, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн барааг үйлдвэрлэх процессыг харуулсан нотлох бичиг баримттай ирэхэд болох юм. Шаардлагатай тохиолдолд МҮХАҮТ давхар шалгадаг" гэв.
Хэлэлцээр хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээлэл, зөвлөгөөг өөрсдийн цахим хуудсаар түгээх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!