Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Будзаан: Хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэхтэй холбоотой зардлыг ирэх оны төсөвт суулгасан

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Сүүдэр бүү тусга" аяны хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэ үеэр ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаанаас хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх болсон талаар тодрууллаа. 

-Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан хэдэн алба хаагч ажиллаж байна вэ. Тэдний ачаалал хэр байдаг вэ? 

-Цагдаагийн байгууллагад хүүхдийг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нийт 53 алба хаагч ажилладаг. Энэ хүмүүсийн ажлын ачааллыг аваад үзэхээр нэг хүүхдийн байцаагчид 19-22 мянган хүүхэд, 10-25 орчим ерөнхий боловсролын сургууль, 1-12 цэцэрлэг оногдож байгаа юм. 

Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүүхдийн байцаагч нар маань бүс орон нутгийн хэмжээнд гэр бүл, хүүхдийн чиглэлээр ажиллахад ажлын ачаалал хүнд байдгаас үр дүн гарахгүй байгаа байдал бий. 

Тиймээс цагдаагийн байгууллагад хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх саналыг 2017 оноос холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Энэ жил ХЗДХЯ-наас орон тоо нэмэх саналыг 2021 оны төсөвт оруулсан. 

-Гэр бүл, хүүхэд хариуцсан алба хаагчийн тоог хэдээр нэмэгдүүлэх санал гаргасан юм бол. Ажлын ачаалалтай харьцуулаад энэ чиглэлийн алба хаагч хэд байх шаардлагатай вэ? 

-Бусад улсын жишгээс харахад 8,000 хүн тутамд нэг байцаагч байдаг. Одоогийн байдлаар хамгийн багадаа 103 хүүхдийн байцаагч нэмэх юм бол аймаг бүрт 1-3 байцаагт нэмэгдэх боломжтой юм. Ингэснээр хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдээ олж илрүүлэх, тэдэнтэй ажиллах боломжууд нэмэгдэнэ. 

Гэвч энэ нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулах нэг л шийдэл юм. Хүүхдийн байцаагчийн тоог нэмэгдүүлснээр энэ төрлийн гэмт хэрэг байхгүй болно гэсэн үг биш юм. 

-Орон тоо хэдээр нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан бэ? 

-Одоогийн байдлаар орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гараагүй байна. 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнд алба хаагчдын хувцас хэрэглэл, цалин, техник хэрэгсэл бүгд орж байгаа. 

-Хүүхдийн байцаагчаар ажиллах хүмүүсийг мэргэшүүлдэг үү?

-Цаашдаа хүүхдийн байцаагчийн орон тоог хэрэгцээ шаардлага байгаа учир цагдаагийн байгууллагаас санаачлан Хууль сахиулахын их сургуульд шинэ анги элсэлт авч эхэлсэн. Цагдаагийн байгууллага хүүхдийн асуудал хариуцсан ажилтнаа бэлдэж эхэлсэн гэсэн үг. 
Багш, нийгмийн ухааны ажилтнуудыг Хууль сахиулахын их сургуульд хоёр жилээр сургаад, цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд хүүхдийн байцаагчаар ажиллуулна. 

Хүүхэдтэй холбоотой асуудал зүгээр нэг хулгайн хэрэг биш шүү дээ. Эрүүгийн хэргийн тусгай субьект. Заавал ар гэр, асран хамгаалагч, өмгөөлөгчийг нь байлцуулж, хүүхдэд эрсдэлгүй орчин нөхцөлд мэдүүлэг авах зэрэг олон асуудал бий. Энэ бүхнийг хангаж ажиллахад мэргэшсэн хүн байх шаардлагатай. Цагдаагийн байгууллагын түүхэнд энэ чиглэлээр мэргэжсэн хүмүүс ажиллуулахад хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан эерэг үзүүлэлэлт гарч байсан. 

-Хууль сахиулахын их сургуульд хүүхдийн байцаагчаар суралцах хүмүүст ямар шаардлага тавигдах вэ? 

-Дээд боловсролтой, 30 хүртлэх насны хүмүүсээс жил бүрийн хавар сонгон шалгаруулалт явуулж суралцуулна.