Зураг
Зураг
Индэр    
Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх танаа
Зураг
2020 оны 9 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх танаа

Монгол Улсын Ерөнхий сайд нь өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг тэргүүлдэг, түүний эрх мэдлийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харьяанд Цагдаагийн ерөнхий газар хамаардаг учир энэхүү хүсэлтийг бичлээ.



 

Ерөнхий сайд таны өмнө улаан хивс дэлгэх, цүнх барьж далдайх хүн олон байгаад Та уурлан унтууцаж байгааг харлаа. Гэтэл өнөөдөр нийгмийн өмнө тулгамдсан асуудлаар үнэн зөв, нотолгоонд суурилсан мэдээллээр өөрийг тань хангаж, нүдээ олсон шийдвэр гаргахад тань тусалдаг, зөвлөдөг хүн үгүй бололтой. 

Үүний нэг баталгаа бол Монгол Улс өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалахаар ажлын бүтэн цагаа зарцуулах мэргэшсэн цагдаагүй байна. 

Энэ сарын 20-ны өдөр амиа алдсан есөн настай охин хойд эцэгтээ байнга зодуулдаг байсныг хөршүүд нь баталсан тухай сурвалжилгыг "TV5" телевиз хийсэн байна. Хөршүүд нь талийгаач охиныг хойд эцэг нь хашаагаараа чирч гулдчин зодож, цохиж байсныг ч харж байснаа ярьжээ.

Тэд мэдсээр байж нэг нь ч цагдаа, нийгмийн ажилтан, 108 утсанд дуудлага өгсөнгүй. Шалтгаан нь ердөө хүний хэрэгт хошуу дүрээд яах вэ гэж. Бид өнөөдөр үүргээ биелүүлж биш юм гэхэд өөрийгөө хамгаалах чадваргүй нэгэнд жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол нэг хүүхдийн амийг аврах боломж байсан ч юм билүү.

Нэгэнт бид иймэрхүү амиа хичээсэн нийгэмд амьдарч байгаа энэ үед хүүхдүүдээ тэдгээр хүчирхийлэгчдийн гарт үлдээх үү, ингээд орхих уу?

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-т "Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж зааж өгсөн байдгийг энд сануулъя.

Ямар шийдэл байна вэ?

Хүүхдийн эсрэг онц ноцтой хэрэг гарах бүрд нийгэм шуугиж, хэн нэгэн буруутныг хайн, гайхширч байгаад аяндаа үйл явдлыг мартдаг. Дахин аймшигт хэрэг гарна. Дахиад л шуугиад өнгөрнө.

Яг ийм чөтгөрийн тойргоос гарч чадахгүй явсаар сүүлийн гурван жилийн хугацаанд 5,043 хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон байна.

Зөвхөн 2020 он гарсаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсон бөгөөд тэднээс 82 хүүхэд нас барж, 290 нь гэмтжээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болов.

Яг энэ байдлаараа буюу бид ямар ч арга хэмжээ авахгүй явбал 2025 гэхэд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болох хүүхдийн тоо жилдээ 500 хүрэхээр байгаа судалгааг салбарынхан нь хийсэн байна.

Өчигдөр мэдээлэл хийсэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд цагдаа, эмч нар дуудлагаар очсон газартаа гэр бүлийн хүчирхийллийн шинж тэмдэг байгаа эсэх асуудлаар эргээд мэдээлдэггүй гэсэн гомдлыг хэлж байлаа. Мөн хүчирхийлэл байгааг мэдсээр байж арга хэмжээ аваагүй байвал нийгмийн ажилтанд хуулийн хариуцлага ногдуулна гэжээ.

Үнэндээ өнөөдрийн бодит байдлаар нэг нийгмийн ажилтанд 15-20 мянган иргэн ногддог байна. Энэ нь буруутгагдаад буй нийгмийн ажилтан дангаараа хүчрэх боломжгүй, зөвхөн хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах, урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдал юм.

Хүн бүрийн онцгой үүрэг

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 18.1-т “Хүүхдийн эрхийг хангах талаар иргэн, хуулийн этгээд: хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх; хүүхдэд эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхэд санаачилга гаргах, дэмжих” үүрэг, оролцоотой байх талаар тусгаж өгчээ. Хуулийн энэхүү заалтыг уншвал есөн настай охины хөршүүд үүргээ биелүүлсэнгүй.

Хүүхэд хохирч байгааг мэдээлэх нь иргэн бүрийн үүрэг ч иргэд өнөөдөр энэ үүргээ мэдэхгүй байна, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байна.

Тэгвэл хүүхдийн эрхийг хангахаар өдөр тутмын ажил нь болдог хүмүүсийн тухайд хүүхэд хамгаалах хамтарсан баг, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, цагдаа, эмч, багш, сургуулийн орчин байх ч эдгээрээс аль нь ч хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр 100 хувь ажлын бүтэн цагаа зарцуулдаггүй, угаасаа боломжгүй, ажил үүргийн нэг “жижиг” хэсэг байсаар байна.

Өнөөдөр Монгол Улс хүүхдийн эрхийн улсын ганц ч байцаагч, цагдаагүй байна гэвэл та итгэх үү?

Ингээд хэлэхээр ийм төрлийн 53 цагдаа бий гэх байх. Гэвч өнөөдөр орон даяар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр 53 цагдаа (нийслэлд 30, орон нутагт 23) байгаагаас 10 нь жирэмсний амралттай. Үлдсэн 43 нь ажлын ихэнх цагийг насанд хүрэгчдийн дунд болсон гэр бүлийн хүчирхийллийн хэрэгтэйгээ тэмцээд таардаг байна.

Яг одоогийн энэхүү бүтцээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх үүрэг бүхий цагдаад ерөнхий боловсролын 12-13 сургууль, 3-4 их, дээд сургууль, коллеж буюу 19 мянган хүүхэд ногдож байгаа судалгаа бий.

Олон улсын стандартаар 8,000 хүүхэд тутамд нэг хүүхдийн эрхийн цагдаа байх стандарт байдаг ч өнөөдөр Монголын нөхцөлд энэ нь 2.3 дахин нэмэгдсэн ачаалал байгаа нь яг хүүхдийн эрхийн мэргэшсэн урьдчилсан сэргийлэлт огт байж чадахгүй байгааг илэрхийлж байна.

Нөгөө талд, өнөөдөр цагдаагийн алба хаагчдын тоог 4,000 орчмоор нэмэгдүүлэх шаардлага байгааг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д дурдсан ч энэ нь өнөөдрийн бидний төсвийн нөхцөл байдалд хүрэлцэхээргүй дүн юм.

Тэгвэл хүүхэд өнөөдөр хамгийн чухал нь гээд эрх ашгийн эрэмбийн нэгдүгээрт тавьж, зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалах цагдаагийн орон тоог олон улсын стандартын түвшинд хүргэж яагаад болохгүй байна вэ?

Судалгаагаар олон улсын стандарт буюу 8,000 хүүхэд тутамд нэг хүүхдийн эрхийн цагдаатай болохын тулд одоо хагас дутуу өөр ажилтай хавсарч хийж байгаа 53 алба хаагч дээр нэмж 103 цагдаагийн орон тоог бий болгох шаардлага байна.

Үүний тулд эхний жилдээ төсөвт 2.5 тэрбум төгрөг л нэмэгдэх тооцоо байгаа юм. Хоёр дахь жилээс нь 1.8 тэрбум төгрөг болох тооцоо бий. Цагдаагийн орон тоог ядаж хүүхдийн эсрэг гэмт хэрэг дээр стандартыг нь мөрдүүлж чадвал одоо гарч байгаа гэмт хэргийн гаралт 20-30% буурах бодит тооцоолол гарчээ.

Хамгийн харамсалтай нь, ийм орон тоо гаргаж өгөөч гэх хүсэлт гаргаад гурван жил болж байгаа ч асуудал төсөв, санхүүгийн асуудал дээр очиж гацдаг байна. 2.5 тэрбум төгрөг гэдэг хүндэрсэн төсөвт хэцүү, өндөр дүн байж болно. Гэхдээ үүнээс илүү мөнгийг бид өнөөдөр чухал биш олон ажилд зарж, авлигад идүүлж байгаа олон жишээг энд дурдах нь илүүц биз ээ. Зөвхөн танай намын нөхдийн авсан #ЖДҮ зээлээр бол хоёр нөхөртөө өгсөн зээлийн дүн биш гэж үү?

Ээж, аавууд шаналж байна. Нэгдэн нийлж, цуглаж, шийдэл хайн #ХҮНБАЙ гэх аян эхлүүллээ.

Энэ бүх нийгмийн эрэл хайгуулыг Хүүхдийн төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Та анхаарч үзэж, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжтой буюу ядаж цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх дээрх асуудлыг шийдэж өгнө үү.

Олон улсын стандартад хүрсэн цагдаагийн тоо бол шийдлийн нэг л хэлбэр гэдгийг ойлгож байна. Мэдэж байна. Гэхдээ ингэснээр хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг 20-30 хувь буурах тооцоо байгааг бид үл ойшоож боломгүй. 

Гэмт хэрэг бүрийн цаана, хүний ухамсар, сэтгэцийн эрүүл мэнд, иргэдийн оролцоо, боловсрол, ажилгүйдэл, архидалт гээд олон суурь шалтгаан бий. Гэхдээ өнөөдөр эдгээр асуудалтай тэмцэх, урьдчилан сэргийлэхтэй зэрэгцээд нэн тэргүүнд амь тулсан хийж болох ажлаа хийцгээе л дээ!

Амиа алдсан охины дурсгалд зориулаад, дахиад аюул учирч болзошгүй, хүчирхийлэл дунд байгаа хүүхдүүдийг олж, хамгаалахын тулд бид нийлж суугаад, нэгдэж хэлэлцэхээс гадна бодит асуудалтай нүүр тулдаг, урьдчилан сэргийлдэг, зөвхөн хүүхдийн асуудлаар 365 өдөр, 24 цагаар ажиллах боломжтой, мэргэшсэн хүүхдийн эрхийн байцаагчдын тоогоо ядаж олон улсын стандартад хүргэж өгч туслаач, Ерөнхий сайд аа…