Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"ЕБС төгсөхдөө IELTS-н 5 оноотой байх баримжаатайгаар англи хэлний хичээлийн хөтөлбөрийг боловсруулсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

Тус хэлэлцүүлгийн эхэнд "Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний хөтөлбөр, боловсролын чиг хандлага" сэдвээр Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Ундармаа илтгэл тавилаа.

Тэрбээр "1912 онд Богд Хаант улсын Засгийн газар байгуулагдаж, Гадаад хэргийн яамны харьяа бага сургуульд орос, англи хэлийг зааж эхэлсэн түүхтэй. Цаашлаад 1956 онд МУИС-д англи хэлийг зааж эхэлсэн бөгөөд 1992 оноос ЕБС-ийн хөтөлбөрт англи хэлний хичээл багтсан. Ингээд 1997 оноос бүх шатны боловсролын байгууллагад англи хэл судлах эхлэл тавигдаж, 2008 онд "Англи хэлсний боловсролын үндэсний 2 дахь хөтөлбөр" батлагдсан. 2015 оноос ЕБС-ийн тавдугаар ангиас англи хэлний хичээлийг үзэж эхлээд байгаа юм.

Аливаа сургалтын хөтөлбөр байнга шинэчлэгдэн хөгжиж байх ёстой. 1990 оноос үндэсний боловсролын хөтөлбөрийг баталж, 1991 оноос англи хэлний багш нарыг курсээр бэлтгэж эхэлсэн байдаг.  

Одоо хэрэгжиж байгаа англи хэлний хөтөлбөрийн зорилго нь:

  • Бага боловсролд өдөр тутмын хэрэглээний агуулгыг энгийн өгүүлбэрээр илэрхийлэх чадварт сургах, гадаад хэл сурах эрмэлзэлтэй болгох
  • Дунд боловсролд өдөр тутмын амьдрал, ахуй нийгэм, соёлын хүрээнд харилцдаг, үндэснийхээ соёлыг хүндэтгэх хүсэл эрмэлзэлтэй болгоход
  • Бүрэн дунд боловсролын хүрээнд нийгэм, соёл, шинжлэх ухаан, ахуйн хүрээнд харилцах, цаашлаах бие даан гадаад хэл суралцах чадварт сургахад чиглэж байна.
Хичээлийн цагийн хувьд манай улс долоо хоногт 3/ахлах ангийн сонгон судлах цаг 2-6/, БНХАУ 2-5 цаг, БНСУ 2-5 цаг, Япон 3-5 цаг, Дани 2-3 цаг, Испани 3-4 цаг, Франц 3-4 цаг, Норвеги 3-4 цаг англи хэлний хичээл үзэж байгаа юм.

Манайх Европын холбооны нэгдсэн хүрээний англи хэлний түвшинг баримжаалан хөтөлбөрөө шинэчилсэн. Уг хөтөлбөр А1-ээс С-2 хүртэл зургаан түвшинтэй. Манай хөтөлбөр В2 түвшинд боловсруулагдсан бөгөөд ЕБС-иа төгсөхдөө IELTS-н 5 оноотой төгсөж болно гэсэн баримжаатайгаар хөтөлбөрөө хийсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд багшлах боловсон хүчний асуудал яригдана. Жил бүр 200-аас доошгүй тооны багшийг олон улсын сертификаттай болгох ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн багшаар суралцаж буй оюутнуудын чадварыг сайжруулах, IELTS, TOEFL-н оноотой төгсгөдөг болохыг шаардах хэрэгтэй.

Сургуулийн өмнөх болох, ЕБС-иудад янз бүрийн өөр өөр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд гадны сурах бичгүүдийг ашиглаж байгаа бөгөөд тухайн сурах бичгүүдэд нь уламжлалт соёл, зан заншилтай холбогдох агуулгууд алга байгаа юм.

Сурах бичгийн агуулгад монгол хүний сэтгэхүй, соёл, уламжлал, үнэт зүйлд нөлөөлөх хүчин зүйлүүд нуугдаж явдаг болохоор өөрсдийн онцлогт тохирсон үндэсний хөтөлбөрийг улсын, хувийн бүх сургалтын байгууллага дагах ёстой юм болов уу гэж судлаач хүний хувьд үзэж байна" хэмээв.