Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж иргэдийн саналыг сонсов

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн иргэдтэй уулзаж саналыг нь сонслоо.

“Тайшир-Гуулин усан цахилгаан станц” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Улаанбаатар хотоос 1,100 км зайд Завхан голыг түшиглэн байгуулсан Тайшир УЦС-ын барилга угсралтын ажил хоёр жил үргэлжилж 2007 онд дууссан.

Ийнхүү 2008 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 233 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, хоёр аймгийн 29 сум суурингийн 120 мянган ард иргэд, 1,000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг эрчим хүчээр хангасан байна. Энэ нь дизель станцын үйлдвэрлэлтийн өртгөөр тооцвол 1 кВт.цаг тутамд улсын төсвөөс 140 орчим тэрбум төгрөгийг хэмнэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

 

Тайшир УЦС-ын үндсэн үзүүлэлтүүд:

  • Суурилагдсан хүчин чадал: 11 МВт
  • Жилд үйлвэрлэх эрчим хүч: 37.0 сая кВтц
  • Усан сангийн нийт эзлэхүүн: 1,030 сая м3
  • Усан толион талбай: 52.0 км2
  • Далангийн өндөр: 50 метр
  • Далангийн урт: 190 метр

Тайшир УЦС-ийн удирдлага тус станц ажиллагаатай болсноос хойших 12 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө усан цахилгаан станц барьж, ашиглах хэмжээний туршлага хуримтлуулсан гэж үзэж байгаа илэрхийллээ.

Жишээ нь, далангийн өнгөлгөөний хэсгийг европын технологиор хийснээс Монгол Улсын уур амьсгалаас шалтгаалан ажиллагааны явцад хүндрэл үүсчээ. Ингээд монгол инженерүүд хамтран хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх механизмыг зохион бүтээж, асуудлыг шийдвэрлэж чадсан байна.

Иймд, дотоодын урсацтай долоон голыг түшиглэн 10 өөр байрлалд Тайшир УЦС шиг цахилгаан станцыг байгуулах боломжтой талаарх судалгааг мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан юм.

Тодруулбал, баруун, төв, зүүн бүсийн аймгуудын нутаг дэвсгэр дэх томоохон гол, мөрнүүдийг түшиглэн гадаргын усны хуримтлал үүсгэх сангуудыг байгуулах талаарх судалгааг мэргэжлийн байгууллагууд хийжээ.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх нь төвийн бүсийн нэгдсэн системийн горим тохируулгад чухал бөгөөд эрчим хүчний хараат бус байдал, ялангуяа баруун бүсэд эрчим хүчний хараат бус байдлыг хангахад маш өндөр үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мөн албаныхан хэлж байна.

Говь-Алтай аймгийн 186 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

57 гаруй мянган хүн амтай Говь-Алтай аймгаас энэ жил 186 ээж “Эхийн алдар” одон хүртсэний дотор Нэгдүгээр зэргийн одонг 8, Хоёрдугаар зэргийн одонг 178 ээж тус тус хүртлээ.

Одон гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд баяр хүргэж:

"Элбэрэлт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, монголын бяцхан иргэдийг сэтгэл тэнүүн, хайр дүүрэн, цовоо цолгин өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Үеийн үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай. Энэ л уламжлалаа монголын төр хадгалан үргэлжлүүлж, эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жил бүр талархал илэрхийлж, төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг 186 ээжид гардуулж, ээжүүдийн догдлол, гэр бүлийнх нь баяр баяслаас хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

“Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одон хүртсэн 8, Хоёрдугаар зэргийн одон хүртсэн 178 ээжид халуун баяр хүргэж, энхрий бяцхан үрсээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, ажилч хичээнгүй, ээж аавдаа энэрэлтэй, эх орондоо хайртай монгол хүн болгон өсгөх ариун, гэгээн үйлсэд нь амжилт хүсье.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд хүртээдэг “Эхийн алдар” одон бол хэзээнээсээ эх хүнийг эрхэмлэн хүндэтгэж ирсэн монгол ардын уламжлалт сэтгэлгээний нэг хэлбэр, хүн ам цөөтэй Монгол Улсын төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ.

Хүн бүрийн сэтгэлд хамгаас дотно, эрхэм нандин эрдэнэ нь болсон ЭЭЖ хүний ач, гавьяаг магтан дуулсан бүтээл олон хэдий ч үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь даацтай дэмжлэг үзүүлсэн төрийн бодлого хангалтгүй гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх. Тийм ч учраас миний бие хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Эхчүүдийг дэмжинэ гэдэг монголын ирээдүй болсон хүүхэд багачуудаа  хамгаалж байгаа хэрэг юм.

Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Говь-Алтай аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

Үргэлжлүүлэн тэрбээр орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Б.Дүйнхэржав:

 

“…Өртэй байсан ахмадууд бидний зургаан саяаас бага өрийг тэглэж өгсөн ач буянтай Ерөнхийлөгч шүү, та. 30 жилийн түүхэнд ийм Ерөнхийлөгч байгаагүй ээ. Зөвхөн ахмадууд бид ч биш, өвөө эмээ, аав ээжгүй айл өрх гэж байдаггүй. Монголын гурван сая гаруй хүмүүст бүгдэнд нь туссан хайр байсан шүү.”

Говь-Алтай аймгийн өндөр настан Нямаажав:

 

“…Монгол Улсаас гадаадад очиж байгаа байгалийн баялаг, газар шороог жаахан боловсруулаад өндөр үнэтэй өгч болдоггүй юм уу? Яагаад ийм хямд үнээр гадаадад очоод байна вэ?

Энэ ард түмний амьдрал доройтонгуй байна. Доройтож байгаа хэсэг ард түмний амьдрал яаж байна вэ гэхээр, доод болон дунд насны ажил хийж байгаа, албаны нэр зүүсэн хүмүүсийн цалин мөнгө алга байна шүү. Энэ хүүхдүүдээ харж байхад хэцүү харагдаад байх юм. Би 91 настай хүн. Төр, түмэнд их ажил хийсэн хүн. Энэ залуучуудын цалин хөлсийг жаахан анхаармаар байна аа.”

Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэн Идэрмөнх:

 

“…Тэтгэврийн насны асуудал байна. Сар, жилд гурван сар нэмээд тэтгэвэрт гарах насыг хойшлуулаад байдаг. Ер нь тэтгэврийн насыг заах хэрэггүй гэж бодож байна. Улсад 30 жил тасралтгүй ажилласан хүн тэтгэвэрт гардаг хууль хэрэгтэй байна. Хүн 25 настайдаа ажиллаж эхэлсэн бол 55 настайдаа тэтгэвэрт гарна. Ингэж байж төгсөөд ирж буй залуус ажлын байртай болно. Бидэн шиг хүмүүсийн ажиллах сар нэмэгдээд яваад байхаар зарим нь 62, 63 нас хүрч байж тэтгэвэрт гарахаар болж байна. Суманд гэхэд төгсөөд ирсэн залууст ажлын байр алга.

Хоёрдугаарт, хуулийн асуудал байна. Хууль бол гууль байна шүү. Ард түмэнд илэрхий харагдаж байна. ЖДҮ-чидтэй тооцоо хийнэ гээд байсан чинь яагаад заримтай нь тооцоо хийгээд, заримтай нь хийхгүй байгаа юм бэ? Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой биз дээ? Тэр зарчим хаачив?”

Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Сумаажав:

 

“…Усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна. Манай улс усны асуудлаар их буруу түвшинд явж байна гэж боддог. Яагаад гэвэл газар нутгийн гурван хувьд улаанбаатарчууд амьдарч байна. Гэтэл бүх юманд цэвэр ус хэрэглэж байна. Иймээс усны асуудлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Мөн иргэдийг тараан байрлуулахын тулд говийн бүсийн нэмэгдлийг 1,000-аас дээш км зайд оршин суудаг хүмүүст говийн бүсийн дэмжлэгийг олгох хэрэгтэй болов уу. Банкны зээлийн хүүг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл монголд зээлгүй хүн байхгүй, 97 хувь нь зээлтэй байна. Хүнсний аюулгүй байдлыг төрийн түвшинд авч үзэх хэрэгтэй байна.

Газар нутгийнхаа гурван хувьд амьдарч байгаа улаанбаатарчуудыг дагуул хотод тараан байрлуулбал зүгээр юм уу гэж бодож байна. Мөн хөдөлмөр хамгааллын зардлыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй байна.”

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ариунаа:

 

“…Би барилгын компанид инженер хийдэг хүн. Тендерийг эрт зохион байгуулах, дөрөвдүгээр сар гэхэд тендер нь явагдсан байвал их зүгээр байна. Барилгын ажлыг хүйтний улиралд хийхээр нэлээн их хүндрэл учирч байна.

Бид бүгдээрээ малчин гаралтай улс. Хүмүүсээ аваад хөдөө зугаалж явахад малын арьсыг өгөх газар байдаггүй. Энэ үнэхээр хайран санагдаж байна. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжиж, малаас гардаг түүхий эдийг боловсруулдаг цогц бодлого явуулбал яасан юм бэ?”

Говь-Алтай аймгийн харьяат Хангал:

 

“…Залуучуудыг харахаар нэг үеэ бодвол их боловсролтой, мундаг болжээ. Эргээд харахад биднийг ажил дээр гараад ч юм уу, юм хийгээд явж байхад үгүйсгэдэг гол хүмүүс нь дээд үе, ахмад настнууд байдаг. Ахмадууд байнга биднийг дардаг. Ахмадаа хүндлэх ёс байлгүй яах вэ, гэхдээ нөгөө талаасаа ахмадууд байнга залуучуудыг үл тоодог. Монгол Улсыг залуучууд, бидний хүүхдүүд, дараа нь тэдний хүүхдүүд авч явна. Монгол Улсын хүн амын 60-70 хувийг хүүхэд, залуучууд эзэлж байгаа. Тэгэхээр бидэн рүү чиглэсэн тодорхой ажлыг хэрэгжүүлж эхэлмээр байна.

Хоёрдугаарт , аялал жуулчлалын салбарт тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлагатай юм уу гэж би хардаг. Дэлхий дахинд интернэт, нийгмийн сүлжээн дэх контент дээр тогтсон. Маш олон контент үйлдвэрлэгчид байдаг болсон. Монгол Улсыг аялал жуулчлалын бүс болгохын тулд олон улсад таниулах маш далайцтай, улсын нийт байгалийн үзэсгэлэнт газруудыг таниулсан, аль ч хэлээр үзэх боломжтой контент хиймээр байна. Энэ жилийн наадмаар Монгол наадам гэсэн гоё контент гаргасан нь сайшаалтай байгаа. Энэ зун би нутагтаа ирээд гоё газруудаар нь аялсан ч дэд бүтэц алга. Гаднаас жуулчин авъя гэхээр ямар ч дэд бүтэц  байхгүй, гадаадын жуулчин эзгүй хээр газар ирж байж байгаад буцдаг” гэлээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэдийн зүгээс хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар олон удаа санал, хүсэлт тавьж буйг тэмдэглэж, энэ чиглэлд санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба