ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

”Эрдэнэт”-ийг залилсан жараахайнууд-2

Л.Гэгээ, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 5
Өдрийн шуудан
Зураг зураг
"Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэдхэн хоногийн өмнө тус үйлдвэртэй гэрээ байгуулсан хэдий ч итгэлийг нь эвдсэн этгээдүүдтэй дахин гэрээ хийхгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ

"Эрдэнэт" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэдхэн хоногийн өмнө тус үйлдвэртэй гэрээ байгуулсан хэдий ч итгэлийг нь эвдсэн этгээдүүдтэй дахин гэрээ хийхгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ.

Иймээс манай сонин өчигдрийн дугаараасаа эхлэн "Эрдэнэт" үйлдвэрт нэвтрэх эрхээ хасуулсан компаниудыг цувралаар танилцуулж байгаа.

Хэдийгээр зарим эрхэм Ц.Даваацэрэн захирлын итгэл алдлаа хэмээн зарласан 105 компанийг тул биш жараахай хэмээн гоочилж буй ч тэдний улсад учируулсан хохирол чамгүй гэдгийг албаныхан онцолж байгаа юм.

Тэгвэл энэ удаад БОНХЯ- ны харьяа Сургалтын төвийн захирал М.Энхтайван болон төрийн өмчит компаниудыг хулхидахдаа гаршаад буй гэх "Петролеум продакшн" ХХК-ийн талаархи мэдээллийг хүргэж байна.

Дашрамд мэдээлэхэд өчигдрийн дугаартаа бид Эрчим хүчний сайдын мэдэлд байдаг "Од трейдинг" болон улсын заан, гавьяат тамирчин, Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга Ж.Ганболд болон түүний дуу Ж.Мягмаржаргалын мэдэлд байдаг "Монгол спорт", "Henlon Company Ltd", "Great Global In¬ternational" компани "Эрдэнэт"- ийг хэрхэн хулхидсан талаарх мэдээллийг хүргэсэн билээ.

"Агротех- Импэкс-ийн М.Энхтайваны aм, ажил нь зөрдөг юм бишүү

Засаг солигдох үеэс л БОНХЯ-ны харьяа Сургалтын төвийн захирал гэх албан тушаалыг хүлээж авсан эрхэм бол М.Энхтайван. Тэрбээр өөрийгөө зарчимч гэж ярьдаг. Бас манай улсад болохгүй бүтэхгүй байгаа зүйл олон тухай ойр дотны хүмүүстээ ярьж "Би УИХ-ын гишүүн болбол..." гээд бурж өгдөг. Гэвч түүний ам, үйлдэл хоёр зөрж байдгийг "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн баталлаа.

Учир нь Ц.Даваацэрэн даргын гаргасан хар дансанд М.Энхтайваны мэдэлд байдаг "Агротех-импэкс" компани багтжээ. "Агротех-импэкс" нь хөдөө аж ахуй, ой, ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэрбээр мөн "Русска ягимназия"дунд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал гэсэн гуншинтай. Гэвч тэрбээр хувийн бизнестээ анхаарч хэтэвч рүүгээ урсах мөнгийг нэг бүрчлэн тоолдог атлаа төрийн мөнгө, түмний хөрөнгөд тун ч хүйтэн сэтгэлээр ханддаг нь "Эрдэнэт"- д нэвтрэх эрхээ хасуулснаас харагдаж байна. Мөн түүнд намынх нь нөхөд ч таатай бус.

Тодруулбал, Ногоон намын дарга О.Бум-Ялагч саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "ИЗНН-ын дарга С.Оюуныг тойрсон хүмүүс бий. Тодруулбал,Г.Ганхүү, Ц.Ганбат, М.Энхтайван гээд. Уг нь хэн хэн нь өндөр боловсролтой, нас намба тогтсон хүмүүс.

Гэхдээ тэд С.Оюуныгаа урдаа барьж байгаад хошгируулна гэгчийг хийгээд сурчихсан хүмүүс. Манай дарга асан Д.Энхбатыг хошгируулж байгаад улстөрчийнх нь хувьд нядалчихлаа шүү дээ. Энэ бүхнээс тэд иймэрхүү зүйлийг зохион байгуулалттайгаар хийдэг нь харагдаж байна юм.

Уг нь С.Жаргал, Х.Бат-Ялалт тэргүүтэй хүмүүс тэднийг эсэргүүцээд, эсэргүүцээд барсангүй" гэж ярьсан удаатай. Өдгөө тэрбээр Хан-Уул дуүргийн ИЗНН-ын хорооны дарга, Үндэсний хорооны болоод Улс төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд одоогоос 15 жилийн өмнө Монголын анхны хувийн орос сургууль болох "Русская гимназия"- г байгуулж
байсан бол 1999 оноос "Агротехимпэкс" ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж буй юм.

Төрийн өмчит компаниудыг луйвардаж гаршсан "Петролеум продакшн"

Энэ жагсаалтад "Петролеум продакшн" гэж гоё нэртэй компани багтжээ. Захирал нь Ц.Отгонбаатар гэх эрхэм байдаг юм байна. Энэ компанийн хувьд төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг ч үр дүн нь "Эрдэнэт"-ийн үлгэрээр төгсдөг гэдгийг зарим эх сурвалж онцолсон.

Тодруулбал, тус компани Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгтэй хамтарч ажилласан ч эцэстээ шүүхийн хаалга татсан нэгэн баримт байгаа юм. Шүүхийн шийдвэрээс харахад Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дарга Т.Очирхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Петролеум продакшн" ХХК нь 2009 оны нэгдүгээр сарын 21- ний өдөр манай байгууллагатай АУ09/08 дугаартай гэрээ байгуулж замын урсгал засвар хийлгүүлж ажлын хөлсөнд 2.370.568 төгрөг төлөхөөр тохиролцсон юм.

Гэрээнд заасны дагуу манай байгууллага ажлыг гүйцэтгэсэн ч "Петролеум продакшн" ХХК ажлын хөлсийг төлөхгүй явсаар дахин ярилцаж улмаар зам арчлалтын хөлсөнд 300 литр дизель түлш өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан билээ.

Гэтэл нийлүүлэхээр болсон 300 литр дизель түлш нь чанарын шаардлага хангахгүй байсан тул мөнгөн хэлбэрээр төлөхөөр болсон. Иймд "Петролеум продакшн" ХХК-иас 2.370.568 төгрөг гаргуулж өгнө үү" гэжээ.

Харин энэ шалтгаанаа "Петролеум продакшн" ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар "Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт зам арчлалтын хөлс болох 2.370.568 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү" гэсэн хүсэлт илгээжээ. Эндээс харахад "Нетролеум продакшн" гэх компани төрийн байгууллагын хөлд сууж, ажил тендерийг нь авч чаддаг ч харамсалтай нь энэ мэтчилэн гэрээний үүргээ биелүүлэлгүй, хулхидаад өнгөрдөг нь харагдаж байгаа юм.

Үргэлжлэл бий

 

Зураг