Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Эрд Дөлгөөн: Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлнэ

A.Жаргал
2020 оны 9 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Оюутны Холбооны / МОХ/ Генсек Эрд Дөлгөөнийг урьж түүний хүсэл мөрөөдлийн талаар ярилцлаа. 

- Сайн байна уу. Өөрийгөө танилцуулна уу? 

- Намайг Дөлгөөн гэдэг. Найзууд маань Эрд гэж дууддаг. Одоо 21 настай. Дунд, ахлах ангиа Сант сургуульд дүүргэсэн бөгөөд одоогоор Монгол Улсын Хууль зүйн сургуульд суралцахын сацуу МОХ-нд Ерөнхий Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 

-Зуны амралтаа хэрхэн өнгөрөөсөн бэ. Их онцгой жил байлаа шүү дээ? 

-Би чөлөөт цаг гарвал өөрийгөө олон талаас нь хөгжүүлж, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, зорилгынхоо төлөө шаргуу тэмцэх дуртай. Тиймдээ ч өөрийгөө хувь хүн талаас нь түлхүү хөгжүүлж, МОХ-ноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр дээр түлхүү ажиллаж, түүнчлэн хүний эрхийн сургалт, семинарт их хамрагдан их л завгүй зуныг үдлээ.

 

Арван жилдээ ямар хүүхэд байсан бэ?

- Дунд, ахлах ангидаа би их даруу чимээгүй хүүхэд байлаа. Харин ахлах ангиа төгсөх жил Идэр гэдэг үеийн залуутай танилцаж, удалгүй маш сайн найзууд болсон юм.

Бид хоёрын зан, ааш, мөрөөдөл, зорилго гээд бүгд адилхан. Өдөр бүр Идэр найзтайгаа уулзаж ирээдүйд ямар хүн болох, улс орондоо юу хийж бүтээх талаараа их ярьдаг байв. Гэвч зөвхөн яриад суух нь бидний мөрөөдлийг бодит болгож чадахгүй тул нэг өдөр ядаж ганц ч болтугай зүйл хийж эхэлье хэмээн зориг шулуудан хамтдаа залуучуудын боловсролын талаар төсөл бичиж эхэлсэн. 

Олон хоног унтах цагаасаа хумсалсны эцэст бид хоёр “Мөрөөдөлд Хүрэх Зам” Олон улсын боловсролын өдөрлөг гээд маш гайхалтай төслийг бичиж, уг төсөл маань ч үр өгөөжөө өгч олон мянган залуусыг хамарсан маш том арга хэмжээ болж чадсан. Багахан ч гэсэн энэ амжилт маань бидэнд цаашид ихийг хийж бүтээх урам зориг өгсөн дөө.

-Элсэлтийн Ерөнхий Шалгалтдаа хэдэн оноо авч байсан бэ. Их өндөр оноотой гэж сонсож байсан шүү?

- Монгол Улсын Хууль Зүйн сургуульд орохын тулд маш их хөдөлмөрлөсөн. Хэр барагтай оюутнууд орж чаддаггүй гэж ах, эгч, найзууд маань ч хэлж байсан. Тиймээс төгсөх жилдээ өглөөний 08:00 цагаас оройн 00:00 цаг хүртэл суудлаасаа ч босох завгүй, заримдаа хоол идэхээ ч умартан их шаргуу хичээллэсэн. Ингэж хичээснийхээ үр шимийг хүртэж, математик 749, нийгмийн ухаан 780, англи хэл дээрээ 629 оноо авч Улаанбаатар хотын хэмжээнд ЭЕШ-ийн дундаж дүнгээрээ 11 дүгээр байранд жагсаж байсан. Намайг төгсөх жилд Монголын хамгийн их хүүхэд төгссөн жил байсан болохоор өрсөлдөөн ихтэй байсан шүү.

- Өөрийг чинь Монголын хамгийн залуу TEDx-ийн илтгэгч гэж ярьдаг юм байна лээ. Үүнийхээ талаар дурдаач?

- Би ирээдүйд олон мянган хүнд танигдсан мундаг өмгөөлөгч болон TEDx-ын тайзан дээр гарна гэж их боддог байсан. Гэтэл 2017 онд надад илтгэгчээр орох хүсэлт тавихад хөл газар хүрэхгүй л баярлаж байсан цаг саяхан. Зүүд мэт л санагдаж байлаа.

Тухайн үед илтгэгчээр НҮБ-ийн төлөөлөгчид, Дуучин Маралжингоо, Жүжигчин Анхбаяр гэх мэт аль хэдийнээ нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулсан хүмүүс илтгэгчээр орсон. Би хамгийн сүүлийн зочин илтгэгч байсан болохоор дотроо энэ олон мянган нүд 18-хан настай хүүг хараад юу гэж бодох бол, илтгэлийг минь сонсох болов уу. Аль эсвэл шууд дундаасаа гараад явчих болов уу гэж тайзны ард их л түгшиж зогссон. Гэтэл миний илтгэл дууссаны дараа маш олон залуучууд зөвлөгөө авч, зургаа авахуулахад би их гайхсан шүү.

 

-Яагаад Монголын Оюутны Холбоог сонгосон бэ?

- Би ирээдүйд хүний зөрчигдсөн эрхийг хамгаалж, тэгш эрхийг нийгэмд цогцлоох мундаг нэр хүндтэй өмгөөлөгч болохыг хүсдэг. Ийм учир МОХ-г сонгож олон зуун мянган оюутны эрхийг хамгаалахыг хүссэн юм.

Монголын Оюутны Холбоо нь 1943 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдаж өдгөө 77 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь Монгол Улсаас хамгийн анх 1945 онд НҮБ-ын гишүүн статустай Олон Улсын Оюутны Холбооны жинхэнэ гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллеж байдаг бөгөөд оюутнуудын эрх ашгийг хамгаалан, суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажилладаг оюутны төв байгууллага юм.

 

- Өнөөгийн энэ карьерт чинь хэн хамгийн нөлөөлсөн бэ?

- Надад мундаг, чадварлаг сайн найзууд олон бий. Тэд минь өнөөдрийн энэ амжилтыг гаргахад хамгийн их нөлөөлсөн. Г.Саруул, Х.Идэр, Г.Сүхбат, Г.Цэцэгмаа, Б.Анар, Э.Дөлгөөн... гээд өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцтэй маш ирээдүйтэй залуус. Тиймдээ ч хэдэн цагаар ч хамаагүй тэд нартайгаа хамтдаа сонирхолтой яриа өрнүүлж суух дуртай. Магадгүй надад урам зориг өгч, урамшуулах, бас зоригжуулах найз нөхөд үгүй байсан бол өнөөдрийг хүртэл би даруу чимээгүй Дөлгөөн хэвээрээ байх байсан.

-Арван жилийн дараах Дөлгөөнийг  чи хэрхэн харж байна вэ?

- 31 настай гэсэн үг. Ямартай ч хүн бүрд танигдсан Монгол улсын хамгийн шилдэг хүний эрхийг хамгаалсан өмгөөлөгч болсон байна. Бас өөрийн гэсэн хуулийн фирмтэй. Мэдээж мөн эхнэр хүүхэдтэй болж, аз жаргалтай сайхан амьдарч буйгаар төсөөлж байна.

- Ямар үгийг хэлэх дуртай вэ?

- Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлнэ.

- Хичээлийн шинэ жил эхэллээ. Оюутнууддаа хандан хэлэх зүйл байна уу? 

- Бид Монголын ирээдүйг өөрчлөх хүчирхэг боловсон хүчин юм шүү. Хичээл номоо сайн сурч ирээдүйд эрдэмтэй, ухаантай  залуучууд болж, Монгол Улсаа хөгжүүлж чадна гэж итгэж байгаа. Мөн нийт оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье!

БИД МОНГОЛЫН МАРГААШИЙГ

ОЮУТНЫ МАРГААШААР ТӨСӨӨЛДӨГ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.