Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭҮК-ын гишүүдийг томилохдоо хүйсийн тэнцвэрт байдлыг хангах УИХ-ын гишүүдийн саналыг Байнгын хороо дэмжив

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр(2020.08.25)-ийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулснаас гадна гишүүнээр ажиллах хүмүүст тавигдах шаардлагуудын талаар тодорхой саналууд гарсныг дэмжсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийг шинэчлэн найруулж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр УИХ баталсан. Энэ хуулиар Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд тавих шаардлагыг тодруулж, нэр дэвших хүсэлтийг нээлттэй болгосон. Мөн тэнцвэртэй төлөөлөл бүхий Ажлын хэсэг байгуулж, сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлэхээр хуульчилсан юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа өмнө нь хаалттай явагддаг байсан. 2020 онд холбогдох хуулийг шинэчилснээр нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулахаар хуульчилсан юм. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 24 иргэн нэр дэвших хүсэлтээ ирүүлснээс хууль, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 19 хүнийг Ажлын хэсгийн шийдвэрээр бүртгэн, нэрсийг parliament.mn цахим хуудаст байршуулж, олон нийтэд мэдээлсэн. 
 

Сонгон шалгаруулалтад оролцогчдоос Хүний эрхийн Үндэсний Комиссын 5, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн 1 гишүүнийг сонгох ёстой.

Тэгвэл дээрх асуудлуудыг эрхэлсэн гишүүдийг томилохдоо хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хандаж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс хүйсийн төлөөллийг 50, 50 хувьтай байлгах саналыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар гаргасан байна.

Тодруулбал, Б.Энхбаяр гишүүн “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророор ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй хүн томилогдон ажиллах” гэсэн санал гаргасан бол Ц.Мөнхцэцэг гишүүн жендерийн талаар тодорхой санал гаргасан нь Байнгын хороогоор дэмжигдэж, анхаарч ажиллах чиглэлийг Ажлын хэсгийнхэнд байнгын хорооны протоколоор өгөхөөр тогтсон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Шинэ УИХ-ын анхны томилгоо болох ХЭҮК-ийг хүний эрхийн өндөр мэдрэмжтэй, жендерийн тэгш байдлыг хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй, улс төрөөс хараат бус, мэргэжлийн байх зарчмаар бүрдүүлэхийн төлөө Хүний эрхийн дэд хорооны гишүүд бид явах болно” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.