Баасан гарагийн орой Энэтхэгийн Калькут хотын нисэх буудалд газардсан Air India Express компанийн онгоц гулган замаасаа гарсны дараа хоёр хуваагджээ.
Үүний улмаас онгоцонд явсан 17 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртсэн байна.
Тухайн үед хүчтэй бороо орж байсан нь онгоц гулгахад нөлөөлсөн гэнэ. Осолдсон Boeing 737 нисэх онгоц нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос цар тахлын улмаас гацсан иргэдээ тээвэрлэн ирж байжээ.
Онгоцны экипажийн гишүүдээс гадна 190 зорчигч тээвэрлэж явсны 10 нь нялх хүүхэд байсныг Энэтхэгийн иргэний агаарын тээврийн яам мэдээлсэн байна.
Онгоц буух зурвасаасаа гарч, 10 метрийн өндөр эргээс унахдаа хоёр хуваагджээ.
Энэ нь 2010 оноос хойш Энэтхэгт гарсан хамгийн том онгоцны осол болсон байна. 2010 онд мөн Дубай хотоос ирсэн Air India Express компанийн нисэх онгоц өмнөд бүсийн Мангалор хотод газардахдаа замаасаа гарч ангал руу унаснаас 158 хүн амь үрэгдэж байв.
Дээрх хоёр осол гарсан нисэх буудлууд нь хавцал, ангалаар хүрээлэгдсэн өндөрлөг газарт байгуулагдсан тул газардахад нисгэгчээс онцгой ур чадвар шаарддаг байна.
Энэтхэг улс гуравдугаар сарын сүүлээс эхлэн бүх гадаад нислэгээ зогсоосон нь коронавирусийн цар тахлыг хязгаарлах зорилготой байв.
Өнөөдөр тус улс гадаадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах тусгай үүргийн нислэгүүдийг зохион байгуулж байгаа юм.
Осол гарсан Керала мужаас Ойрх Дорнодын улс орнуудад олон хүн ажилладаг байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!