Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдан хоригдож буй нэр дэвшигчид ямар, ямар хэрэгт холбогдсон бэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн буюу найм дахь удаагийн УИХ-ын сонгууль анхаарал татсан олон үйл явдалтай өрнөж байна. Хамгийн олон бие даан нэр дэвшигч сонгуульд өрсөлдөхөөр материалаа бүрдүүлж байсан бол мөн л хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөх тойргоосоо бус Цагдан хорих ангиас сонгуульд оролцож байна. 

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр дэвшигчдийг чухам ямар хэрэгт холбогдон эрхээ хасуулж, хоригдох болсныг цаг хугацааны дарааллаар нь танилцуулъя. 

29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр

mpa.mn

Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн шийдвэр гаргасан, талийгаач Г.Батхүү агсны нас барсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татсан. Эхний хэргийн тухайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэдэг үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр улсын яллагчийн зүгээс Н.Номтойбаярыг гэм буруугийн шүүх хуралдаан болох хүртэл цагдан хорих хүсэлт гаргасан. Ийм хүсэлт гаргах болсон үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” хэмээн тайлбарлажээ. 

13 дугаар тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат 

mpa.mn

Тэрбээр парламентын сонгуульд өрсөлдөж байгаа ч цагдан хоригдсон хоёр дахь нэр дэвшигч болсон юм. 

Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн компанид нэг сая төгрөгөөр худалдан аваад түүнийгээ цааш зарсан гэх хэрэгт холбогдсон. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1,463.82 га талбайг “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт холбогдон бусад дөрвөн хүний хамт шүүгдэж буй. Түүнд шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг шүүхийн тусгай дансанд уг мөнгийг байршуулаагүй мөн шүүхээс дуудсан үед очоогүй учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих шийдвэрийг зургаадугаар сарын 11-ний өдөр гаргасан байна.  

28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт 

Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон. Цагдаагийн байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцсон юм.

Ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан” гэж үзэн Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг зургаадугаар сарын 17-ны өдөр гаргасан байна. Түүний гэм буруугийн шүүх хурал өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-нд болох юм. 

АН-аас нэр дэвшигч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан 

С.Баярцогт Сэлэнгэ, Д.Ганболд Хөвсгөл, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт тус тус нэр дэвшээд буй
 

С.Баярцогтыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сараас АТГ-т шалгаж эхэлжээ. 

Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль /2002 он/-ийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 буюу “Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан”, Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 буюу “албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн”, 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 буюу “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй”  гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум төгрөгийн, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэвч тэдний хэн нь ч шүүхийн тусгай дансанд барьцаа мөнгө байршуулаагүй учир зургаадугаар сарын 18-ны өдөр цагдан хорих шийдвэр гаргасан юм.