Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоциклийг авчирч, хадгалсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийх үеэр Цагдаагийн ерөнхий газрын НХЖ, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат ​гарсан гомдлуудын талаар мэдээлэв. 

Тэрбээр "Өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэмт хэрэг зөрчлийн тоо 1,118 дуудлага мэдээлэл болсон байна. Үүний

  • 518 нь нийслэлд
  • 618 нь орон нутагт бүртгэгдсэн.

Энэ оны дөрөвдүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 647 гомдол мэдээлэл бүртгэгдэж, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шалгалтын явцад 36 хэрэгт зөрчлийн хэрэг нээж, үүнээс гурван хэрэгт эрүүгийн хэрэг нээж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Нийт зөрчил гаргасан 9 хүнд шийтгэл ногдуулсан. Дуудлагын тодорхой хувийг мөнгө, шатахуун тараах зэрэг хууль бус үйлдлийн талаар байсан ба сонгогчийн саналыг худалдан авч, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн оролдлогуудыг цагдаагийн албан хаагчид тухай бүр илрүүлэн холбогдох шалгалтыг авч хэрэгжүүлж байна. 

Шалгалт хийхэд илэрсэн зөрчлүүд

  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нэр бүхий намын сонгуулийн штабын ажилтнууд 2020.06.05-ны өдөр тус сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хашаа барьж өгсөн асуудал шалгагдсаныг шүүхэд шилжүүлж, 2020.06.17-нд холбогдогч Б-д 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
  • 2020.06.12-нд ирсэн мэдээллийн дагуу шалгалт явуулахад УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоциклийг тээвэрлэн авчирч хадгалж байсан хэрэг илэрсэн. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • 2020.06.18- нд ирсэн гомдлыг шалгахад Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчээс сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй тээврийн хэрэгслүүдийг шатахуунаар хангах нэрийдлээр 80 орчим тээврийн хэрэгсэлд шатахуун хийж өгөхдөө төлбөрийн картаар тооцоо хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
  • 2020.06.15 ирсэн гомдлыг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Б-гийн гэр бүлийн хүн өөрийн төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр бэлэг, бэлэн мөнгө тараасан. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • 2020.06.16 нь ирсэн гомдлыг шалгахад нэр дэвшигч П–гийн сурталчилгааны менежер Д гэх этгээд бэлнээр 40 сая төгрөг авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
  • Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 2020.06.18-нд ирсэн гомдол мэдээллээр шалгахад тухайн аймагт нэр дэвшигч А –гийн сонгуулийн штабын ажилтан Б нь нэр дэвшигчийн төлөө санал өгүүлэх зорилгоор нэр бүхий 7 хүнтэй урьдчилан уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг хуульд заасны дагуу хадгалах үүрэгтэй тул ийнхүү товч мэдээлэв. 

Түүнчлэн хуульд зааснаар сонгуулийн санал авахаар мөнгө, эд зүйл тараах, ирээдүйд авахаар хэлцэл хийх, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, хүлээн авалт, дайллага хийх, сонгуульд оролцохоос татгалзсан уриалга бүхий сурталчилгаа явуулах, хэвлэл мэдээлэл, цахим орчин ашиглан чансаа тогтоох санал асуулга явуулах зэрэг хуульд зааснаас өөр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд хэлж, нэр дэвших эрхийг хүчингүй болгон нийтэд мэдээлэх ёстой гэдгийг нэмж хэлсэн юм. 

ВИДЕО: 
https://www.facebook.com/iKonNews/videos/270537557696145/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.