Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдварт өвчнөөр хүн нас барвал ар гэрийнхэнтэй нь салах ёс хийлгэдэггүй журам бий"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Бага насны хүүхэд халдвар авсан тохиолдол манай улсад гарсан уу?

Д.Нямхүү: -COVID-19 халдвараар бага насны хүүхэд өвдөөгүй. ОХУ-аас ирсэн хүүхдүүд бүгд асран хамгаалагчтайгаа ирсэн бөгөөд бүгд хяналтад байна.

Бид дүрмийн дагуу гол гэж үзсэн хүмүүсээ ХӨСҮТ-д хянаж байгаа. Мөн бусад тусгаарлах байруудад тусгаарлагдсан байгаа.

Өвчилсөн хүмүүс голцуу 17, 20,21 насны оюутнууд байгаа юм.

-Алтанбулагийн хилээр орж ирсэн хүмүүсийн шинжилгээг хзэээ хийж дуусах вэ?

Д.Нямхүү: -Бид чартер нислэгээр ирсэн хүмүүсийн шинжилгээг маш хурдан хийхээр төлөвлөсөн.

Тийм ч учраас тандалтын багийнхан үүр цайтал сорьцоо цуглуулж явсан тухай А.Амбасэлмаа эмч өмнө нь мэдээлж байсан.

Ингээд бид Истанбулаас болон ОХУ-аас онгоцоор ирсэн иргэдээ бүгдийг шинжилсэн.

Харин Алтанбулагийн боомтоор 200 хүн ОХУ-аас өчигдөр орж ирснийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт болон Улаанбаатар хот орчмын амралтын газруудад хуваарилсан.

Тэдгээр хүмүүсийг эрэмбэлэн ангилж, нарийн хяналт доор шинжилгээг нь хурдан хийхээр төлөвлөж байна.

Халдвар авсан залуусын хувьд ихэнх нь хөнгөн хэлбэртэй

-Цаашид иргэдээ татан авахад ХӨСҮТ-ийн хүчин чадал хүрэлцэж байгаа юу. Мөн тоног төхөөрөмжийн хангамж хэр байгаа бол?

Д.Нямхүү: -Бид чартер нислэгээр ирэх хүмүүсээ маш нарийн зохион байгуулж төлөвлөн хүлээж авч байгаа.

ХӨСҮТ бол хамгийн эрсдэлтэй буюу сэжигтэй эсвэл халдвартай хүмүүсийг тусгаарлаж байгаа.

Мөн тусгаарлах бусад байруудыг бэлдэх ажлыг чухал гэж үзээд тухайн тусгаарлах байруудад нэг, нэгээр нь оруулж байгаа.

ХӨСҮТ нийт 250 өвчтөнд үйлчлэх бэлтгэлээ хангасан бөгөөд амьсгалын аппарат, тоног төхөөрөмж ч хангалттай байна.

Өнгөрсөн таван сарын хугацаанд бид бэлэн байдлаа сайн хангасан. Бэлэн байдал маань ч одоогийн тооцоотой нийцээд явж байгаа.

Түүнчлэн бид дараагийн бэлтгэл ажлын нөөц төлөвлөгөөгөө хийсэн. Алсдаа хувийн хамгаалах хэрэгсэл дутагдах болзошгүй учраас хангалтыг сайн хийж байна.

Одоогоор хүндэрсэн өвчтөн ховор. Халдвар авсан залуусын хувьд ихэнх нь хөнгөн хэлбэртэй байна.

 Манай иргэн гаднын улсад халдвараар нас барсан тохиолдолд чандрыг нь Монгол Улсад зөөж оруулж ирэхгүй гэсэн журам бий

-Муугаар бодоход, хэрвээ уг өвчний улмаас манай улсад эндэгдэл бүртгэгдвэл хэрхэн халдваргүйжүүлэх вэ. Энэ тал дээр төлөвлөгөө бий юу?

Н.Цогбадрах: -Энэ талаар Эрүүл мэндийн сайдын 153 тоот тушаал гарсан.

Мөн нас баралт хэрвээ гарсан үед цогцсыг хэрхэн халдваргүйтгэж, тээвэрлэж, чандарлах чиглэлийн мэргэжлийн зөвлөмжүүд гарсан.

Дэлхийн улс, орнуудад маш олон тооны эндэгдэл бүртгэгдэж, нэг дор олноор нь оршуулж байгаа нь халдвар, хамгааллын дэглэмийг зөрчиж буй явдал гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй.

Ер нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдвартай өвчнөөр хүн нас барж байгаа тохиолдолд УОК-ын шийдвэрээр буяны байгууллага зэргийг оролцуулсан ажлын хэсэг гарч, талийгаачийг чандарлах ажилд үүрэг гүйцэтгэдэг.

Дэлхий нийтэд халдвар тараадаг нэг үзэгдэл нь улс, орон бүрийн зан заншилтай холбоотой онцлог бий.

Тухайлбал, Эбола вирус Африкийн орнуудад эрчтэй тараад тасрахгүй байгаагийн нэг шалтгаан нь тухайн өвчнөөр нас барсан хүмүүстэйгээ заавал салах гүйцэтгэдэг ёс заншилтай холбоотой.

Иймд манай улсын тухайд, салах ёс гүйцэтгэх үйлдлийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хориглосон. Тэр ч бүү хэл талийгаачийн чандрыг ар гэрийнхэнд нь болон бусдад дамжуулахгүй гэсэн хатуу заалттай.

Тухайлбал, манай иргэн гаднын улсад халдвараар нас барсан тохиолдолд чандрыг нь Монгол Улсад зөөж оруулж ирэхгүй гэсэн журам бий.

-ОХУ, БНХАУ-ын Ухань хот иргэдийнхээ дунд коронавирус илрүүлэх шинжилгээг эхэлсэн. Манай улс хүн амынхаа дунд ийм шинжилгээг хийх боломжтой юу?

Д.Нарангэрэл: - ОХУ-ын хийж байгаа шинжилгээ нь хөл хорионы дэглэмээ чангатгах эсвэл сулруулах талаар шийдвэр гаргахын тулд хийж буй.

Энэ нь өвчлөл их гарсан газарт хүмүүст эсрэг биет үүссэн эсэхийг үзэхээр хийж буй.

Сүүлийн жишээг хэлэхэд, Испани улсын Мадрид хотод ийм шинжилгээнд хамрагдсан 276 мянган хүнээс 6,000 гаруйд нь л эсрэг биет илэрсэн байсан.

Ер нь энэ өвчнөөр өвчлөөд эсрэг биет үүссэн байх явдал маш бага гэсэн судалгаа бий.

Манай улсын хувьд одоогоор хүн амын дунд халдвар тархаагүй учраас бид эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийх шаардлагагүй.

Харин уушгины өвчтэй, хатгаатай хүмүүстээ томуугийн харуулдан тандалтынхаа аргаар шинжилгээ хийгээд явж буй.

Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст шинжилгээ хийж байгаа.

Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээ бага зэрэг цаг хугацаан зайтайгаар хүлээн авах нь ач холбогдолтой

- Тусгаарлах байранд өмнө нь дэг журмын олон асуудал гарч байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

Д.Нарангэрэл: - Тусгаарлах байранд байгаа иргэд хүлээцтэйгээр холбогдох албаныхантайгаа хамтран ажиллаж байгаа бөгөөд одоогоор зөрчил байхгүй.

Гэхдээ тусгаарлагдсан хүмүүс эхний тав хоногтоо сэтгэл зүйн хувьд стресстэй байдаг. Бид энэ тал дээр холбогдох арга хэмжээг авч байгаа.

- Тусгай үүргийн онгоцоор иргэдээ гаднаас ойр, ойрхон татан авах нь зөв үү?

Д.Нарангэрэл: -Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг ажиглахад, тархвар зүйн судалгаагаар 10-15 хувьд нь халдвар илрэх хандлагатай байна. Тиймээс цаашид эрүүл мэндийн салбарын ачаалал маш ихээр нэмэгдэх байх.

Иймд тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдээ бага зэрэг цаг хугацаан зайтайгаар хүлээн авах нь ач холбогдолтой.

Бид хүн амынхаа дунд халдвар тархаахгүй байх зорилго тавин ажиллаж байна. Гэхдээ биднээс шалтгаалах маш олон хүчин зүйл байгааг иргэд ойлгох байх гэж бодож байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/177028183583339/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.