Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 2020 онд 95 тонн ноолуур л экспортлоод байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны тавдугаар сарын 6-ны байдлаар манай улс ердөө 95 тонн ноолуур экспортолсныг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Өнгөрсөн 2019 онд Монгол Улс 6,242 тонн ноолуур экспортолсон нь өмнөх оноосоо 300 гаруй тонноор өссөн дүн байв.

Харин энэ онд коронавирусийн халдварын нөлөөнөөс гадна Засгийн газар, ХХААХҮЯ-ны шийдвэрийн нөлөөгөөр ийнхүү экспорт буураад байна. 

Манай улс нийт ноолуурынхаа 80 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн экспортолдог. Гэтэл өнөөдрийн байдлаар компаниудын экспортын захиалга өмнөх жилтэй харьцуулбал 90 хувиар багассан. Мөн дэлхийн зах зээл дээрх ноолуурын үнэ өмнөх жилийнхтэй харьцуулбал 40 хувиар бага байгаа билээ. 

График. Ноолуурын экспорт 2017-2019 ба 2020.05.06-ны байдлаар

Түүнчлэн "Манай улсад 300 мянга гаруй малчин, 150 гаруй ноолуур боловсруулах үйл ажиллагаа явуулдаг компани бий. Эдгээр компаниуд 2019 оны сүүлийн байдлаар  нийт найман мянга орчим хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Энэ утгаараа ноолуурын үнэ нь мал аж ахуйн салбар болон боловсруулах үйлдвэрийн салбарт аль алинд хамааралтай зангилаа асуудал" гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, докторант Ш.Энхтуул хэлсэн. 

100,000 гэж бужигнуулаагүй бол энэ хавар зах зээлийнхээ жамаар 60-80 мянгад ноолуурын үнэ тогтоод ийм их ажил болохгүй байлаа

Мөн "Энэ жилийн ноолуурын үнэ тойрсон асуудал бол зөвхөн нэг хаврын аргацаасан арга болоод байгаа боловч зөв шийдэхгүй бол хор хохирол нь ирэх жилүүдэд нийгэм, эдийн засагт хүндээр тусна. COVID-19-ийн цар тахлын энэ удаагийн гэнэтийн нөхцөл байдал манайд бодлого алдагдсаныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, салбарт хэрэгжиж буй бодлого дархлаагүй байна.

Түүхий эд бэлтгэгч малчин, үйлдвэрлэгч хоёр нэг зүйлийн хоёр тал бөгөөд аль алиных нь эрх ашиг тэнцвэртэй байх ёстой. Үйлдвэр байхгүй бол түүхий эд үнэгүйднэ,түүхий эд байхгүй бол үйлдвэр зогсоно гэсэн үг.

Малчдаа буруутгаж байгаа юм биш. Ахиу үнээр өгөх гэж байгаа нь тэдний зөв. Гэхдээ энэ 200 тэрбумыг 200 тонн ноолуурт тараалаа гээд малчдын маань амьдралд тэгж их өөрчлөлт гараад, тэрүүгээр ч малчдын амьдрал ахуй дутаад хэцүү болно гэж бодохгүй байна.

100,000 гэж бужигнуулаагүй бол энэ хавар зах зээлийнхээ жамаар 60-80 мянгад ноолуурын үнэ тогтоод ийм их ажил болохгүй байлаа" хэмээн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Сорилтын төвийн захирал, Доктор Р.Бадмаанямбуу хэлж, байр сууриа илэрхийлж байсан юм.