Индэр    
2020 оны 4 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Төр ноолуурын кластерын бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжсэн бодлого явуулж буй нь гал унтраах төдий шийдвэр"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед манай улсад өрнөөд буй хамгийн халуун сэдвийн нэг нь ноолуурын үнийн асуудал болоод буй. Энэ нь явсаар ноолуурын үнийн асуудлыг судлах ажлын хэсэг гаргах захирамжийг УИХ-ын дарга гаргахад хүргэсэн.

Тэгвэл захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг үнэтэй холбоотой тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлэх гэж буйгаа өчигдөр мэдээлсэн билээ.

Иймд ноолуурын үнэтэй холбоотойгоор Засгийн газарт хүргүүлэхээр боловсруулсан тогтоолын төслийн талаар ноос, ноолуурын мэргэжилтнүүдийн байр суурийг сонсох үүднээс МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, докторант Ш.Энхтуул, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Сорилтын төвийн захирал, Доктор Р.Бадмаанямбуу нартай ярилцлаа. 

- Ноолуурын үнийн асуудалд тулгуурлан боловсруулаад буй бодлогын хувьд ямар саналтай байгаагаа хуваалцана уу?  

 

Ш.Энхтуул: Зах зээлд үнийн бодлого боловсруулахад олон улсын зах зээл дээрх үнэ болон дотоодын хүчин зүйлсийн харилцан хамаарлыг харгалзан үздэг. Ноолуурын үнийн асуудалд ажлын хэсгийнхэн дотоодын хүчин зүйлийг түлхүү анхаарсан ч гадаад зах зээлийн хүчин зүйлсийг орхигдуулж болохгүй.

Манай улс нийт ноолуурынхаа 80 орчим хувийг анхан шатны боловсруулалт хийн экспортолдог. Гэтэл өнөөдрийн байдлаар компаниудын экспортын захиалга өмнөх жилтэй харьцуулбал 90 хувиар багассан. Мөн дэлхийн зах зээл дээрх ноолуурын үнэ өмнөх жилийнхтэй харьцуулбал 40 хувиар бага байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар сараас эхлэн тогтмол буурч байна. Дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар самнасан ноолуурын үнэ 50-60 ам.доллар байна.

Манай улсад 300 мянга гаруй малчин, 150 гаруй ноолуур боловсруулах үйл ажиллагаа явуулдаг компани бий. Эдгээр компаниуд 2019 оны сүүлийн байдлаар  нийт найман мянга орчим хүнийг ажлын байраар ханган ажилладаг. Энэ утгаараа ноолуурын үнэ нь мал аж ахуйн салбар болон боловсруулах үйлдвэрийн салбарт аль алинд хамааралтай зангилаа асуудал юм. 

Ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын дийлэнх нь ЖДҮ эрхлэгчид байдаг бөгөөд 10 гаруй томоохон үйлдвэрүүд бий. Мөн ажиллах хүчний 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд учраас цар тахлын үед эдгээр үйлдвэрүүд том, жижиг гэлтгүй бүгд ажилчдынхаа ажлын байрыг хадгалж үлдэхийн хажуугаар түүхий эдээ худалдан авах эргэлтийн хөрөнгийн асуудалтай тулгараад байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. 

 Түүнчлэн Ноолуурын кластер нь манай орны хувьд экспортод чиглэсэн уул уурхайн бус цөөн кластеруудын нэг. Кластер гэхээр зөвхөн ижил үйл ажиллагаа явуулж буй компаниуд гэхээс илүү өргөн ойлголт. 

Өөрөөр хэлбэл, кластер нь компани төвтэй түүнийг дэмжсэн оролцогч талуудыг хэлдэг. Дэмжигч оролцогч талуудад судалгааны институт, боловсролын байгууллага, банк санхүүгийн байгууллага, төрийн бодлого болон холбоод гэсэн таван субъект байдаг ба  кластерын цөм нь компаниуд юм.

Тиймээс төрийн оролцоо бизнесийн таатай орчин бий болгоход чиглэгдэн, компанийн тогтвортой үйл ажиллагааг дэмжсэн бодлого явуулбал зах зээлд өөрийн жамаар үнэ тогтдог.

Гэтэл төр өнөөдөр ноолуурын кластерын бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжсэн бодлого явуулж байгаа нь богино хугацааны, гал унтраасан шийдвэр болоод байна.

COVID-19 цар тахлын аюул нь ноолуурын кластерт байсан асуудлуудыг ил болгож байгаа бөгөөд манай улс түүхий эдийн үнийн хувьд урд хөршийн үнээс хамаарлаа багасгая гэвэл дотооддоо түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэн, дэлхийн зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ томоохон байр суурь эзлэх нь бидний урт хугацааны зорилго байх хэрэгтэй.

Р.Бадмаанямбуу: Ямартай ч гаргасан шийдвэр нь буруу байсныг хүлээн зөвшөөрч, зөв гарц гаргалгаа хайж байгаа нь сайн зүйл. Энэ жилийн ноолуурын үнэ тойрсон асуудал бол зөвхөн нэг хаврын аргацаасан арга болоод байгаа боловч зөв шийдэхгүй бол хор хохирол нь ирэх жилүүдэд нийгэм, эдийн засагт хүндээр тусна. COVID-19-ийн цар тахлын энэ удаагийн гэнэтийн нөхцөл байдал манайд бодлого алдагдсаныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, салбарт хэрэгжиж буй бодлого дархлаагүй байна.

Түүхий эд бэлтгэгч малчин, үйлдвэрлэгч хоёр нэг зүйлийн хоёр тал бөгөөд аль алиных нь эрх ашиг тэнцвэртэй байх ёстой. Үйлдвэр байхгүй бол түүхий эд үнэгүйднэ,түүхий эд байхгүй бол үйлдвэр зогсоно гэсэн үг.

Төр ноолуурын салбарын эрэлт нийлүүлэлтийн сүлжээний бүхий л оролцогч талуудын ашиг сонирхлыг хангасан, хэн нэгэн субъектээс үл хамаарч доголддоггүй, тасралтгүй үргэлжлэх цогц бодлого гаргах шаардлагатай бөгөөд үүнд хууль эрх зүйн суурь үндэс байх хэрэгтэйг харуулж байна.

Салбарт уг нь “Ноолуур” хөтөлбөрөөс авхуулаад олон бодлогын баримт бичиг байгаа ч хэрэгжилт бодлогынхоо эсрэг яваад байх юм. Одоо хэн нэгнийг буруутгаад, тэрний зөв, энэний буруу гэж ярих цаг биш. Харин хор уршиг даамжрахаас урьтаж засаж залруулахын тулд зөвхөн урдах эрсдэлээ тооцож, хамгийн оновчтой шийдвэрт хамтдаа хүрэх хэрэгтэй.

- Ажлын хэсгийнхний Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэсэн тогтоолын төсөлд ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгох гэж оруулсан байсан. Ингэж өгөх нь хэр зөв бэ?

Ш.Энхтуул: Зах зээлд төр үнэ тогтоож буй энэ шийдвэр оновчтой болсон гэж бодохгүй байна. Төрөөс оролцоог урт хугацаанд үр дүнтэй байлгая гэвэл малчид, үйлдвэрлэгч нарыг тусад нь биш системтэйгээр харах нь зүйтэй. Системтэй гэдгээр эдгээр нь нэг нийлүүлэлтийн сүлжээ гэж ойлгох нь чухал. Нийлүүлэлтийн сүлжээг тасралтгүй, оролцогч талуудад харилцан ашигтай байх зарчмаар төлөвлөн, зохион байгуулах хэрэгтэй.

Манай сургуулиас ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд хамаарагдах хүчин төгөлдөр байгаа бодлогын бичиг баримтын хамаарлын судалгааг хийсэн.

Өөрөөр хэлбэл, Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээний гол дөрвөн субъектүүд нь энгийнээр хэлэхэд малчин, бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч болон хэрэглэгч юм. Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд одоогоор хүчин төгөлдөр хэрэгжиж буй 40 гаруй хууль, бодлогын баримт бичгүүд нь байна. Эдгээр нь субъектуудын алийг нь дэмжиж байгаа талаар бид судалгаа хийсэн юм. Судалгааны үр дүнгээс харахад,

  • Төрөөс малчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлогын баримт бичгүүд дийлэнх нь байгаа боловч эдгээрийг холбогч бэлтгэн нийлүүлэгч тогтолцоог дэмжсэн бодлого тодорхойгүй хэвээр байна.
  • Гадаад зах зээл, экспортыг дэмжсэн бодлогын бичиг баримт байх боловч үйл ажиллагааг хөнгөвчлөх гэрээ хэлэлцээр дутмаг байна.
  • Хамгийн гол анхаарал хандуулах зүйл нь тусгагдсан төлөвлөгөөний үр дүнг хэрхэн хэмжих нь тодорхойгүй байна. Жишээлбэл, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгаснаар ноолуурын бүрэн боловсруулалтыг 2020 он гэхэд 60 хувьд хүргэх гэсэн байдаг.

Тэгэхээр төрөөс баримталж буй бодлого нь нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь дэмжсэн байх шаардлагатай. Мөн дэмжихдээ өнөөгийн ноолуурын үнийн зохицуулалт хийж байгаа шиг механик зохицуулалтыг хийж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Нэмж хэлэхэд, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээнд байгаа гол асуудал болох бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, одоогийн үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах нь чухал билээ. Системийн асуудал дээр анхаарахгүй, ноолуурын кг тутам 20 мянган төгрөгийн урамшуулал өгснөөрөө ноолуурын үнийн асуудал алга болохгүй.

"Нэмэлт 200 тэрбум төгрөгийг шинжлэх ухааны нэг чухал төсөлд, ядаж үйлдвэрүүдэд нь эргэлтийн хөрөнгөөр өгсөн бол илүү үр дүнтэй байх байлаа"
 

Р.Бадмаанямбуу: Шуудхан хэлэхэд, үнэхээр арга ядсан шийдвэр. Гэхдээ өмнөхөөсөө арай дээр гэх үү дээ. Энэ мөнгийг малчдад өгсөн ч, өгөөгүй ч тэдний амьдралд тийм ч чухлаар нөлөөлөхгүй. Харин энэхүү нэмэлт 200 тэрбум төгрөгийг шинжлэх ухааны нэг чухал төсөлд өгсөн бол, ядаж үйлдвэрүүдэд нь эргэлтийн хөрөнгөөр өгсөн бол илүү үр дүнтэй байх байлаа.

Монгол Улс жилд 10,000 тонн ноолуур бэлтгэдэг бөгөөд бүгдийг нь авахад нэг их наяд төгрөг болдог. Нэг их наяд төгрөг манай малчдын гар дээр ямар ч татваргүй, бэлнээр очдог гэсэн үг. Нөгөө талд угаасан болон боловсруулсан ноолуурын экспорт, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний экспортоос орсон нийт орлого нь 400 сая доллар буюу 1.1 их наяд төгрөг л болдог. Дэлхийн ноолууран хувцасны зах зээл 2.5 тэр бум долларт эргэлддэг бөгөөд үүний 10 гаруйхан хувийг эзэлж байна.

Ингээд бодохоор малчдын гар дээр очиж буй мөнгө, олон шат дамжлагаар нэмүү өртөг шингэж, олон хүний ажлын байр, цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдээд олж буй орлого нь яг адилхан нэг их наяд төгрөг болдог юм.

Зөвхөн малчин, зөвхөн үйлдвэр гэж хэзээ ч салгаж ярьж болохгүй. 

Тэр эргэлтийн хөрөнгө гэдэг чинь үйлдвэрлэгчдэд хаврын цагт амь тариа шиг хэрэгтэй. Тэд түүхий эдээ аваад анхан шатны боловсруулалт, ээрэх, сүлжих, нэхэх, бэлэн хувцас хийх, захиалгын дагуу зарах гэх мэт 1.5 жилийн үйл явцын дараа гаргасан мөнгө нь буцаж орж ирдэг.

- 10 мянган тонн ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх хүчин чадал байгаа юу?

Р.Бадмаанямбуу: 10 тонн ноолуураар 20 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн хийх боломжтой байдаг.

  • Угаах хүчин чадал 100%,
  • Хялгас ялгах хүчин чадал 60%, 
  • Ээрэх хүчин чадал 25% байна.

Сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн 2.8 сая ширхэг үйлдвэрлэх хүчин чадал бий. Боломжоо ашиглаж улсын төсвийн орлогын 30 хүртэл хувийг эдийн засагт оруулах боломж энэ салбарт бий. Алсдаа ноолуурын зах зээл дээр дэлхийд гол тоглогч болох  зорилго тавих ёстой. Өнөөдөр бид 10,000 тонн ноолуурын 20 хувиар л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа.

Манай улсад байгаа ноолуур хэмээх баялаг элбэг юм шиг боловч, дэлхийд харвал маш бага нөөцтэй ба угтаа бол  манай эдийн засагт үр өгөөжөө маш их өгч чадах баялаг юм.

Энгийнээр хэлэхэд манай эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг нэг тонн нүүрс 100$, нэг тонн зэс 6,000$, гэтэл нэг тонн ноолуур 100,000$-ын үнэтэй байх жишээтэй.

- Малчдын хувьд жилийн орлогынхоо 50 хувийг ноолуураар бүрдүүлдэг болохоор бас хэцүү байгаа байх?

Р.Бадмаанямбуу: Тийм ээ. Малчдаа буруутгаж байгаа юм биш. Ахиу үнээр өгөх гэж байгаа нь тэдний зөв. Гэхдээ энэ 200 тэрбумыг 200 тонн ноолуурт тараалаа гээд малчдын маань амьдралд тэгж их өөрчлөлт гараад, тэрүүгээр ч малчдын амьдрал ахуй дутаад хэцүү болно гэж бодохгүй байна.

Өнөөдөр коронавирус хүн төрөлхтөнд өлсөж болохгүй, эрүүл байх ёстой гэсэн хоёр зүйлийг л ойлгууллаа. Ноолуурыг харвал бидний аминд тулсан хэрэгцээ биш. Эдийн засаг өссөн үед л бараа эргэлтийн худалдан авалт нэмэгддэг. Энэ үед түүхий эдийн ч эцсийн бүтээгдэхүүний ч үнэ өсдөг.

"100,000 гэж бужигнуулаагүй бол энэ хавар зах зээлийнхээ жамаар 60-80 мянгад тогтоод ийм их ажил болохгүй явах байлаа"

- Дэлхийн эдийн засгийг өсөлт хурдтай саарч байна. Мөн ноолуурын салбарын нөхцөл байдал ч хэцүүдэж байна гэсэн ?  

 Ш.Энхтуул: Тэгэлгүй яах вэ. Ноолууран бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээнд хамаарагддаг тул дэлхийн аль ч оронд худалдан авалт огцом буурсан. Томоохон зах зээл болох АНУ, Европын орнууд болон Япон, Солонгос улсын захиалга 90 хувиар буурсан мэдээлэл байна. Зах зээлийн жамаар эрэлт байхгүй тохиолдолд манай улс дотроо ноолуурын үнэнд механик зохицуулалт хийлээ гээд асуудлыг шийдэх боломжгүй юм.

Мэдээж малчид ноолуураа өндөр үнээр зарах сонирхол байгаа ч дэлхийн зах зээлийн үнэ болон олон улсын худалдаанаас хамаарах тул энэ жил үнийн эрсдлийг хэн хэн нь үүрч байна. Дэлхий дээр тансаг хэрэглээний эрэлт байхгүй болсон байгаа тул бид мянга үнэ зохиогоод нэмэргүй. Хэн ч өндөр үнээр аваад дампуурч, амьдралаа алдахыг хүсэхгүй шүү дээ.

Р.Бадмаанямбуу: Эдийн засаг дэлхийд тэг зогсолт хийчихсэн. Манай ноолуурыг гол худалдан авагч Итали улсынх бүр зогсчихсон. Италийн Биелла хот дахь том брэндийн үйлдвэрүүд бүгд тэг зогсолт хийгээд, байраа маск үйлдвэрлэх, коронагийн тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулж байх жишээтэй. Дээрээс нь тус улсад өөрсдөд нь ноолуурын нөөц хангалттай бий. Хятадад ч мөн адил өмнө жилийн нөөц их бий.

Манай дарга нарын яриад байгаа Хятадад үнэтэй байна гээд байгаа тэр үнэ чинь өнгөрсөн жилийн үнэтэй түүхий ноолуураас үүдэлтэй, өртөг ихтэй, боловсруулсан ноолуурын үлдэгдлээ зарах үнэ ханш. Тэр үнийг өнөөдрийн ноолуурын үнэтэй харьцуулж болохгүй. Шинэ ноолуур дөнгөж гараад боловсруулалтад ч ороогүй, Хятадад ч үнэ тогтоогүй байна.

- Үнийн хувьд ямар ялгаа байгааг дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?  

Р.Бадмаанямбуу: Ноолуурын үнэ гэхээр хоёр төрлийн үнийг ойлгох ёстой. Манайхан энэ хоёрыг их хольж яриад байдаг. 

  1. Түүхий ноолуурын үнэ (Raw cashmere)
  2. Боловсруулсан ноолуур буюу хялгас ялгасан ноолуурын үнэ (Dehaired cashmere)

Дээр нь олон улсын зах зээл дээр Хятадын боловсруулсан цагаан ноолуурын экспортлох үнэ манайхаас дунджаар 20$ илүү үнэлэгддэг жишиг байдаг.

Дэлхийн зах зээлийн үнэ 100$ байвал монголчууд 80$-р л зарж чаддаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг кг боловсруулсан ноолуурыг 80$-оор экспортолъё. /80*2780=222,400 төгрөг/ Түүхий ноолуурыг боловсруулсны дараа 50% нь хог болж хаягддаг. Тэгэхээр малчны гар дээрээс авсан хоёр кг ноолуурын нэг кг нь л боловсруулсан ноолуур болно гэсэн үг.

Тэгвэл 2 кг түүхий ноолуур 100,000*2=200,000 төгрөгөөр аваад, ангилан ялгаж, угааж, хялгас ялгаж боловсруулахад гарах зардлыг 24% гэж тооцвол 248,000 төгрөг болно. Дээр нь гааль, татварт 70 юань нэмэгдэхээр 268,000 төгрөг болж ашиг бус алдагдалд орохоор байгаа нь тодорхой болно.

Ийм болохоор үйлдвэрүүд нь авч чадахгүй байгаа юм. Ингэж л зардал, ашиг тооцсон бодит үнэ тогтдог. Тэгэхээр Хятадын үнийг өөрийнхтэйгөө харьцуулж болдоггүй ба тус улсад ноолуурын бирж гэж байхгүй. Манайхтай төстэй малчны хотоос үйлдвэрлэгч шууд авдаг.

Хятадын Өвөрмонголд түүхий ноолуурыг малчдын хотноос зарим аймагт 150 юань (58,000 төгрөг), заримд нь бүр 80 юань (32,000 төгрөг)-өөр үйлдвэрүүд нь авна (58,000 төгрөг) гэх мэдээлэл байна. Гэвч одоогоор авч байгаа нэг ч газар алга. Малчид нь арваад хоногийн дараагаар тодорхой болох болов уу гэсэн хүлээлттэй л байна.

Зах зээлийн эрэлт хаана байна, хэнд мөнгө байна тэр газар үнийг удирддаг. Цаашид бид ноолуурын үйлдвэрлэлийг онцгой дэмжиж, дэлхийн зах зээлд гол тоглогч болох том зорилт тавьж ажиллах ёстой. Ингэж чадсан нөхцөлд бид үнээ тогтоож, Хятад ноолуураас 20$-ын хямд үнэлэгдэж буй завсрыг арилгана. Ингэсэн тохиолдолд зах зээл, эдийн засгийнхаа жамаар түүхий ноолуурын үнийг тогтмол 100,000 төгрөг байтугай өндөр болгох боломжтой. Бид үүний төлөө явах ёстой.

Уг нь 100,000 гэж бужигнуулаагүй бол энэ хавар зах зээлийнхээ жамаар 60-80 мянгад тогтоод ийм их ажил болохгүй явах байлаа. Хатуу үнэ тогтоодог явдлаа л болиод зах зээлийн жамаар нь орхихыг л хүсэж байна.

Ш.Энхтуул: Манай улсын хувьд малчдын гар дээр байгаа ноолуурын үнэ нь БНХАУ-ын боловсруулсан ноолуурын үнээс ихээхэн хамааралтай байдаг.

Жишээлбэл, Rong Yitong, түүхий эдийн биржийн хэлэлцээрийн мэдээллээс харахад  2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар энэ бүс нутаг дахь боловсруулсан (самнасан) ноолуурын үнэ ойролцоогоор нэг тн 440,000 юань буюу өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40%-ааар буурсан үзүүлэлттэй байна.

Энэхүү үнээс үйл ажиллагааны зардлыг хасан түүхий ноолуур руу шилжүүлэхэд ойролцоогоор 60 мянган төгрөг байна. Энэхүү ханшийн мэдээлэл нь тогтмол биш бөгөөд буурч байгаа тул бид асуудлыг бодитойгоор харах хэрэгтэй.

Манай улс дэлхийн ноолуурын нөөцийн 40-50 хувийг бүрдүүлдэг ч бэлэн бүтээгдэхүүний 3-4 хувийг эзэлдэг. Түүхий эдийнхээ 80 хувийг экспортолж буй өнөө үед нийлүүлэгч орныхоо үнээс бүрэн хамаарах нь ойлгомжтой.

Дэлхийн ноолуурын үнэд нөлөөлөх хэмжээний улс орон болохын тулд дотооддоо бүрэн боловсруулж буй ноолуурынхаа хувь хэмжээг нэмэгдүүлэх л гарц байгаа юм.

- Ярилцсанд баярлалаа.