Жил бүрийн Ялалтын баярын өдөр орос дууны тоглолтоор сонсогчдодоо бэлэг барьж ирсэн дуучин Б.Баярцэцэг коронавирусийн цар тахал дэгдэж, нийтээрээ хөл хориотой байгаа энэ үед уламжлалт тоглолтоо цахимаар хүргэхээр болжээ.
11 дэх удаагийн энэхүү тоглолтоо тэрбээр энэ сарын 9-ний орой 20:00 цагт Bayartsetseg music фэйсбүүк пэйж болон youtube-ээр шууд хүргэх юм байна.
Бямба гарагт онлайнаар цацагдах уг тоглолтын хөтөлбөрт хуучны орос киноны сэтгэлд хоногшсон дуунуудаас гадна эх орны дайны үеийн алдартай дуунууд багтжээ. Тухайлбал, "Амьдрал нулимсанд дургүй", "Зүүдэнд ч оромгүй явдал" зэрэг киноны дуунууд шинэ найруулгатайгаар хүрэх нь.
Түүнээс энэ жилийнх нь тоглолтын онцлогийг сонирхоход "Арван жил тасралтгүй хийсэн хэлбэрээсээ огт ондоо, тэс өөр форматаар тогтлолтоо турших гэж байна. Онлайнаар хүрэх нь миний тоглолтын хамгийн том онцог тал. Үзэгчидтэйгээ илүү ойр харилцаатайгаар дуулна. Асуултад нь хариулж, харилцан ярилцаж, илүү халуун дулаан ойр орчинд, орос дуунд хайртай үзэгчидтэйгээ нэгэн оройг гоё өнгөрөөнө гэж бодохоор сайхан санагдаж байна шүү" гэсэн юм.
Дуучны анхны тоглолт 2009 онд болж байв. Түүний дуунууд Монголын төдийгүй Орос, Хятадын сонсогчдын хүртээл болсон бөгөөд Бүх Хятадын хөгжмийн их наадмаас "Голд рекорд" хүртсэн "Swing in kremlin" цомгийнх нь дуунуудыг хятадууд коверлож байсан удаатай. Оросын алдартай кино найруулагч Сергей Бодров Б.Баярцэцэгийн дуулсан "Хаврын 17 учрал" киноны дууг сонсоод "Энэ дуу чинь ийм сайхан үгтэй бил үү. Өмнө нь огт анзаарч байгаагүй юм байна" хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!