Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/575848260010847/

Хуралдаанд Монгол Улсын Гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн  Р.Хатанбаатар,  Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн  Ц.Товуусүрэн нар оролцов.  

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан 18 зарчмын зөрүүтэй санал, хуулийн төслийн үг хэллэг, найрууллага, дугаарлалтыг жигдлэх гурван багц найруулгын саналыг  бэлтгэн хэлэлцэн шийдвэрлүүлсэн гэдгийг дурдлаа.

Хуулийн төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан Байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалаа. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд 4.5. дахь хэсгийг 4.5, 4.6 дахь хэсэг болгон “Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга тэмдэг, хэвлэмэл хуудас  хэрэглэнэ” гэж, 4.6.“Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Түүнчлэн төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3. дахь заалтын “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны” гэснийг “Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн” гэж, төслийн 23 дугаар зүйлийн 23.3.4. дэх заалтын “Өргөдлийн” гэснийг “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын” гэж тус тус өөрчлөхөөр тогтлоо. Мөн  төслийн 23 дугаар зүйлд “иргэд, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судалж, шийдвэрлэх, шаардлагатай бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах” гэж, 23.2.15 дахь заалт, “өргөдөл гаргагч, холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс тайлбар авах” гэсэн агуулгатай 23.2.16 дахь заалт, төслийн 44 дүгээр зүйлд 44.4.19 дэх буюу “Парламентат ёсны талаарх иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, сургалт, сурталчилгаа зохион байгуулах” гэсэн агуулгатай заалтыг тус тус нэмэхээр болов. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар  тус тус танилцуулав. 

Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

Мөн тэрбээр, Парламентат ёс хөгжсөн улс оронд парламентын анхдугаар хуралдаанаар парламентаа өөрөө зохион байгуулдаг нийтлэг зохицуулалттай байдаг. Иймээс хуулийн төслөөр Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулж тусгасан. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах, эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна. Улсын Их Хурлын гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан гэж байлаа. 

Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, хуулийн төслийг эцэслэн батлах гэсэн 4 үе шаттайгаар хэлэлцэн батлах; нэгдсэн хуралдаан тухайн төслийн талаар олон нийтээс санал авахаар шийдвэрлэсэн бол холбогдох Байнгын хороо уг ажлыг анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө санал авах ажлыг зохион байгуулах; холбогдох Байнгын хороо хэлэлцүүлгийн явцад төслийн талаар Тамгын газраар эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн дүгнэлт гаргуулах; Байнгын хороо анхны хэлэлцүүлгийг төслийн зүйл бүрээр хэлэлцэхээр тусгасныг онцлов.

Харин Байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж нэгдсэн хуралдаанд оруулна. Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн батлагдсанд тооцохоор зохицуулжээ. Түүнчлэн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулсан байна. Үүний зэрэгцээ албан тушаалтны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, томилох, чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдын мэдээлэл, гишүүний асуулга, асуултын хариуг сонсох, Засгийн газар, холбогдох байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох, хэлэлцэх журмуудад зохих өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгасныг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдав. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийг нийцүүлэх зорилгоор чуулганы хуралдааны дэгийг боловсронгуй болгох, хуулиар зохицуулаагүй асуудлыг олон улсын чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон ‘ишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулгадаа дурдлаа. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Л.Мөнхбаатар, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс дэгийн тухай хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох эсэх, гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарласан талаар илүүтэй тодруулав. 

Төсөл санаачлагч гишүүн хариултдаа, 2006 оноос хойш Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг дурдаад хуралдааны дэг гэдэг маш чимхлүүр ажил байсныг тодотгов. Түүнчлэн танхимын дэг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнд урьдчилан сануулахгүйгээр тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг хасна гэж заасан ч, хуралдаан даргалагч нь гишүүний үг хэлэх эрхийг хасаад, хавчиж шахан танхимаас хөөж гаргаад байвал давж заалдах эрхийг Төрийн байгуулалтын  байнгын хороонд өгөөд энэ асуудлыг шийдвэрлэж, эргэж мэдээлэх заалтыг тусгасан гэж байлаа. Мөн хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах хүрээ хязгаарыг тогтооно гэж заасан байгаа. Гэхдээ бид Улсын Их Хурлын тухай хуульд Ерөнхийлөгч, гүйцэтгэх засаглалынхан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлахгүй гэж зохицуулсан. Харин татвар, төсөвтэй холбоотой  анхдагч хуульд Засгийн газар өөрчлөлт оруулахаар зохицуулснаас бусдаар гишүүдийн хууль санаачлах эрхийг хязгаарлаагүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн хариултдаа онцолсон.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.