Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 11,12-нд Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 126.7 километр авто замын ажил нь шүүхийн маргаанаас үүдэн сүүлийн таван жил зогсонги байдалтай байсан бөгөөд 2019 онд энэхүү асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлыг нь эхлүүлж чадсанаар бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөх боломж бүрдсэн юм.
Тэрбээр энэхүү авто зам нь баруун бүсийн ард иргэдийн олон жил хүсэн хүлээсэн ажил болохыг онцлон тэмдэглээд гэрээт хугацаанд нь, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг болгов.
Мөн энэ чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг технологийн өндөр түвшинд гүйцэтгэж буй компанийн удирдлага, ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс рөүд” ХХК, зөвлөхөөр “Аварга зам” ХХК ажиллаж, 2019 онд эхний 30 километр хатуу хучилттай замыг ашиглалтад оруулан, нийт ажлын 45 хувийг хийж гүйцэтгэжээ.
Энэ жилийн барилгын улирал эхэлснээр талбайд ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэж байгаа аж.
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
|