Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 ба улс орнуудын эрүүл мэндийн салбарт болж буй их өөрчлөлтүүд болон сургамж

ikon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

КОВИД-19 хэмээн нэрлэгдсэн SARS-CoV2 вирyсээр үүсгэгдсэн халдвар дэлхий нийтээр тархаж буй нөхцөл байдлын улмаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас цар тахал хэмээн зарласан билээ.

Үүсэж буй нөхцөл байдлаас улбаалан энэхүү вирус, түүний тархалт, өвчлөлтэй холбоотойгоор дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт хувьсгал гэж хэлж болохуйц өөрчлөлтүүд явагдаж байна.Тиймээс эдгээр болж буй үйл явцад дүгнэлт өгч, бидэнд ямар сургамж өгч байгааг анхаарах үүднээс бичлээ. Алдаа оноо байвал хүлцэл өчье.

Вирусийн халдвар хаанаас эхлэв?

2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр ДЭМБ-ын БНХАУ дахь салбарт шалтгаан тодорхойгүй уушгины хатгаагаар өвчилсөн тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн тухай анх мэдээлж улмаар  2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2020 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд нийт тохиолдлын тоо 44 хүрснийг орон нутгийн эрх барих байгууллага ДЭМБ-д албан ёсоор мэдэгдсэн байна.

Үүний дараа 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр БНХАУ энэхүү вирусийг ялган авч, шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн өвчлөл болохыг тогтоосон байна. Эхэн үед энэхүү шинэ вирусийн халдварын тохиолдлууд бүгд Ухань хотын далайн гаралтай амьтны захтай холбоотой талаар эх сурвалжууд мэдээлж байв. Үүнээс хойш 5 хоногийн дараа Тайланд улсад анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын ЭМЯ нь мэдээлснээр бусад улс орнууд руу тарж эхэлсэн байдаг.

2020 оны нэгдүгээр сарын 20-н гэхэд БНХАУ-ын 4 мужаас гадна Тайланд, Япон, Солонгос зэрэг улсыг оролцуулаад нийт 282 тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ эдгээр мэдээллийг цаг алдалгүй боловсруулж бусад гишүүн орнуудад анхааруулга санамж өгч хүнээс хүнд халдах эрсдлийг бууруулах тодорхой зөвлөмжийг өгч эхэлсэн байдаг.

Зарим хэвлэлд БНХАУ халдварын эсрэг авах хариу арга хэмжээнд цаг алдсан байж болзошгүй гэсэн таамаглал ч гарч байв. Тухайлбал, Хонконгийн Их сургуулийн профессор David Hui Shu-Сheong Хятад улс SARS өвчний SARS-CoV вирусийн халдварыг хянах ба оношлох тогтолцоог өмнө бий болгосон боловч энэхүү тогтолцоонд лабораториуд тусдаа байрласан тул онош батлахад хугацаа алдсан байх талтай гэж үзсэн байдаг. Мөн эрүүл мэндийн систем дэх засаглалын ил тод байдал муу байгаа нь сөргөөр нөлөөлсөн гэж тэрбээр дүгнэсэн нь бий.

Хятадын халдвар авсан иргэдийн тоог хамгийн түрүүнд бодитойгоор тооцоолсон хүмүүс нь 1 сарын дундуур анх тооцооллоо танилцуулсан Хонконгийн  тархвар судлаачид эрдэмтэд байв.

Хятад улс эхний 5,000 хүнээ оношилж байхад Хонконгийн эрдэмтэд халдвар авсан хүмүүсийг 50,000-80,000 хүн байхаар байна гэж тооцоолсон  нь тухайн үед эрдэмтэд ч итгэж чадахгүй байсан тоо. Гэвч үнэнтэй дөхүү болох нь цаг хугацааны явцад харагдаж байна.

Эрүүл мэндийн салбарт статистик тоо мэдээ маш чухал бөгөөд БНХАУ-ын тоо мэдээллийг үнэн бодит эсэх тал дээр Европын зарим улсын эрдэмтэд ихээр шүүмжлэлтэй хандсан.

Хятадын засгийн газрын зүгээс энэ мэдээллийг ДЭМБ 2020  оны  1 сарын эхээр хожуу өгсөн гэдгийг шүүмжилж буй улсуудыг АНУ ба Их Британи зэрэг өвчлөлд нэрвэгдсэн улсуудын улс төрчид тэргүүлж байна. Зарим улс орнууд Хятад улсыг эрүүл мэндийн чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг төлүүлэхээр хэдэн арван тэрбум доллар нэхэмжилж эхэлсэн байна. Зарим улс орнууд Хятад улс энэхүү өвчнийг эхлүүлсэн тул вирусийг устгахад бусад улсуудад туслах үүрэгтэй гэж үзэж байна. 

БНХАУ-ын авсан хариу арга хэмжээ ба сургамж

БНХАУ-д авсан хариу арга хэмжээ олон улсын анхаарлын төвд байв. ДЭМБ-ын баг 2 сард хятадад ажиллаж хөндлөнгийн үнэлгээ хийсэн ба 2020 оны 2 сарын 28 нд нийтлэгдсэн илтгэлд ДЭМБ болон гадны 13, хятадын 12 мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцсон байдаг (энд дарна уу report released on 28 February). Илтгэлд тус улсад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тогтоосон хориг, дэглэмийг сайшаажээ.  

БНХАУ-ын халдвар авсан хүний тоо 2 сарын дундуур гэнэт хэдэн мянгаар нэмэгдсэн.Үүний нэг шалтгаан нь хятад улс бүртгэгдэж буй тохиолдлын тодорхойлолтыг өөрчлөсөнтэй холбоотойгоор лабораторийн оношоор баталгаажуулж байсан бол эмнэл зүйн шинж тэмдэг болон компьютер томограф ашиглан онош тавих чиглэлд өөрчлөлт хийсэнтэй холбоотой байв.

Аливаа өвчний дэгдэлтийн үед тухайн өвчний онцлогт тохируулан тохиолдлын тодорхойлолтыг боловсруулан түүний дагуу бүртгэх, мэдээлэх зэрэг үйл ажиллагааг тархвар судлалын хүрээнд авч хэрэгжүүлдэг.

БНХАУ удалгүй хурдавчилсан оношлуур гарган хэрэглэж эхэлсэн байдаг. БНХАУ-ын бас нэг алсын хараа бол нэгдүгээр сарын эхээр богино хугацаанд олон эмнэлэг барьж ашиглалтад оруулсан, мөн орон нутгаасаа эмч нарыг дайчлан ажиллуулсан зэрэг нь байдал хүндрэхийг түрүүлж олж харсан давуу тал болж байна. Хязгаарлалтыг тогтоож хөл хорьж иргэдийг долоо хоногт нэгээс 2 удаа гарч хүнсээ авахаас өөрөөр гарахыг хориглосон нь халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй арга хэмжээ болсон байна.

Технологи талаасаа аппликейшн ашиглан хөл хориог хянаж байсан нь бас чухал. Сүүлд Сингапур зэрэг улсууд хорионд байгаа иргэдээ аппликейшн ашиглан хянаж цаг тутам гэрээсээ зураг илгээхийг шаардаж байсан нь БНХАУ-аас сурсан арга байв.

БНХАУ эхэн үед цаг алдсаныг эс тооцвол маш үр дүнтэй арга хэмжээнүүд авсан төдийгүй одоо Европын орнууд  энэхүү аргыг хэрэглэж байна. Манай хувьд ч хэрэглэхэд зөв арга юм. Мөн БНХАУ-д хэрэглэсэн бас нэгэн аппликейшнийг Их Британи хэрэглэж эхэллээ.

Энэ аппликейшний онцлог бол Bluetooth ашиглан тантай эргэн тойронд байгаа хүмүүсийг харилцан бүртгэх юм. Улмаар тэрхүү хүмүүсээс хэн нэг нь өвчлөмөгц танд мэдээлэл ирэх ба мөн эрүүл мэндийн байгууллага хавьтлыг илрүүлэх арга юм. Энэхүү жишээ нь эрүүл мэндийн салбарт технологи хэрхэн чухал болж буйн бас нэг жишээ боллоо. 

БНХАУ-ын эмч судлаачид мөн 3 сараас өвчтнүүдэд хийсэн судалгаагаа олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний хэвлэлүүдэд нийтэлж эхлэв. Хүүхдийн өвчин судлалын томоохон Pediatric сэтгүүл энэ оны гуравдугаар сарын сүүлээр БНХАУ-ын судлаачдын судалгааг нийтэлсэн байна. Судалгаанд хамрагдсан хавьтал болох 700 хүүхдээс зөвхөн 10 хүүхэд лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна. Нас баралтын хувьд 2,000 хүүхдэд нэг тохиолдол гарсан байна.

Гол дүгнэлт бол вирус уушги руу нэвтрэн ороход 12 хүртэлх насанд хүүхдийн уушги дутуу хөгжсөн байдаг нь эергээр нөлөөлсөн ба хүүхдийн дархлаа мөн сайн байдаг нь хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвдөхөд нөлөөлсөн гэжээ.

БНХАУ-ын судлаачид мөн КОВИД-19 халдвар авсан хүмүүсээс хэн нь илүү хүндээр өвчлөх бэ гэдгийг дараах үзүүлэлтүүд тодорхойлж байна хэмээн судалгаандаа  бичсэн байна.

Үүнд шөрмөс татах, элэгний АЛАТ түвшин ба цусны гемоглобины түвшин өөрчлөгдсөн хүмүүс илүү хүндрэх хандлагатай байсныг онцолжээ.  Мөн бас нэгэн сонирхолтой таамаглал бүхий судалгаа нийтлэгдсэн нь сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүмүүст дархлааны систем эхний давааг давж идэвхтэй ажиллаж эхэлдэг юм байна. Тэр нь дархлааг идэвхтэй байлгадаг нь дараа дараагийн халдвар орж ирэхэд халдварын эсрэг дархлааны эсүүд сайн тэмцэх шууд бус нөлөө байна болох юм гэсэн судалгаа байлаа.

Мөн агаарын бохирдол өндөртэй улс орнуудад нас баралт их байж болзошгүй талаар ч судалгааны үр дүнгүүд хэвлэгдсэн байна. Товчхондоо хэлэхэд дэлхий даяар энэхүү шинэ өвчний талаар мэдлэг, нотолгоо бий болгохоор эрдэмтэд, судлаачид олон таамаглал дэвшүүлэн өдөр шөнөгүй ажиллаж байна. 

Вирусийн эсрэг эмийн хэрэглээ

БНХАУ-ын хувьд төдийгүй дэлхий дахинд вирусийн эсрэг үйлчилгээтэй хуучин эмүүдийг хэрэглэлээ. Учир нь дийлэнх вирусийн эсрэг эмүүд вирус эсэд нэвтрэх эсвэл эсийн дотор үржих процессыг дарангуйлах үйлчилгээтэй байдаг.

АНУ Эмийн бүртгэлийн байгууллага яаралтай горимоор Gilead компанийн remdesivir эмийг КОВИД-19 эмчилгээнд Өнчин эмийн бүртгэлээр өнгөрсөн долоо хоногт бүртгэлээ. Гэтэл энэ эм урьд нь Эбола вирусийн эмчилгээнд хэрэглэгдэж байсан юм.

Японы Avigan гэх томуугийн вирусийн эмчилгээнд хэрэглэж байсан эмийг Хятадын эмч нар хамгийн ихээр хэрэглэж үр дүнтэй байгааг мэдээлсэн.

Манай улс энэ эмийг хэрэглэж байгаа гэж сонслоо. Шинэ эм гарах хүртэл нэлээдгүй хугацаа зарцуулагдах болно. Манай улсад гол сургамж нь АНУ ба Европын холбооны улсуудад туршилт хийгээд бүртгэсэн эм, оношлуурыг  шууд бүртгэж хэрэглэдэг болох бусад буурай орнуудын жишгийг дагамаар байгаа юм.

Манай улсад эдгээр эмийг бүртгүүлэх гэж маш их цаг хугацаа хөрөнгө зардаг. Энэ бол бид өөрсдөдөө бий болгож буй зохиомол шаардлагагүй хориг саад юм. АНУ ба Европын холбооны улсууд  маш өндөр шалгуураар бүртгэдэг. 

Одоо УИХ дээр хүлээгдэлтэй байгаа Эм, эмийн хэрэгслийн хуульд тусгалаа олох болов уу гэж найдаж байна. Мөн хүлээгдээд байгаа Эмийн хяналтын агентлагаа байгуулах байх хэмээн найдаж байна. 

Оношлуурын талаар 

Германы Bosh 95 хувийн магадлалтайгаар гурван цагт вирусийг оношлох хурдавчилсан оношлуур гаргаад байна.

ДЭМБ-ын зүгээс тест, тест бас дахин тест буюу шинжилгээ хийгээд бай гэсэн зөвлөмж өгч байна. Их Британийн эрдэмтэд ч өнгөрсөн долоо хоногт яагаад Герман улс нас баралт бага, харин Их Британид өндөр байгаад хариулахдаа Герман улс эрт олон хүнийг шинжилгээнд хамруулсан ба 10,000 хүнд ноогдох шинжилгээний үзүүлэлтээрээ хэд дахин илүү байгааг онцолсон нь сургамжтай хариулт юм.

Мөн одоо test, treat, trace буюу шинжил, эмчил, хавьтлыг илрүүл гэсэн тактик лүү шилжиж байна. Энэ бол тактик хүртэл нөхцөл байдлаа даган өөрчлөгдөж байх ёстойг харуулж байна. 

Оношлуур хийдэг компаниудын хувьцаа ч 3 дахин өслөө. 3 сарын 30 нд АНУ-ын Abbot компани оношлуур хийх захиалга ерөнхийлөгчөөсөө авсан бол Өмнөд Солонгосын  Seegene мөн зах зээлд маш амжилттай ажиллаж Европын орнуудыг оношлуураар хангаж байна.

БНХАУ-ын оношлуурыг Европын орнууд чанарын шаардлага хангахгүй гэсэн асуудал ч гарсныг дурдах нь зөв. Мөн өөрөөр оношлох аргыг хайж буй хүмүүс ч байгаа бөгөөд Их Британийн Лондонгийн Их сургуулийн харьяа London School of Hygiene & Tropical Medicine эрдэмтэд нохойг КОВИД 19 оношилгоонд ашиглаж болох талаар судалгаа эхэлжээ. 

Бусад тоног төхөөрөмж ба амьсгалын аппарат

Эмнэл зүйн талаас энэхүү вирус уушгины хатгаа үүсгэн хүчилтөрөгчийн дутагдалд оруулж амьсгалын дутагдлаар нас барахад хүргэж байгаа нь амьсгалын аппаратны хэрэгцээг нэмэгдүүлэв. Эхний ээлжид улс орнууд мэс заслын наркозын аппаратуудаа хүртэл нэмэлтээр ашиглав. Мөн бидний сайн мэддэг Volkswagen , Rolss Ross , Mercedec гэх мэт үйлдвэрүүд амьсгалын аппарат үйлдвэрлэж, Apple компани маск хийж эхэллээ. 

Улс орнууд 1,000,000 хүн амд ногдох сэхээн амьдруулах ороо тоолж эхэлсэн  байна.  Манай улс ч мөн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж бүхий ор хэд байгаагаа тоолох хэрэгцээ гарлаа. Ор гэж зөвхөн хэвтэх орыг биш тоног төхөөрөмж зэргийг багтаасан цогц асуудал ба эмч сувилагчийг нь оруулан тоолж байна. Эрүүл мэндийн салбарт дутагдалтай болсон сувилагчийн асуудлаа ч манай улс харах шаардлага үүслээ. 

Сэтгэл зүйн дэмжлэг

Британийн Үндэсний эрүүл мэндийн системийн (NHS ) зүгээс гэрийн хөл хорионд байгаа хүмүүст сэтгэцийн эмгэгт өртөхөөс сэргийлэх шинэлэг дижитал цахим бүтээлийн 1.5 тэрбумын төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ. 

Удаан хугацаанд хөл хорионд байх нь сэтгэцийн эмгэгт нөлөөлөх, гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг мөн судлаачид анхааруулж байна. Хятад улсад гэр бүл салалт хөл хорионы дараа эрс нэмэгдсэн гэсэн мэдээлэл гарсан нь мөн анхааралд байх ёстой.

Хөл хориог эсэргүүцэгчид ч байна. Британийн социологчдын  зүгээс хөл хорио бол популизм шинжлэх ухааныг дийлсэн бас нэг жишээ болсон, хөл хорио сэтгэц эмгэг, гэр бүлийн хүчирхийлэл ба архидалтыг нэмэгдүүлнэ хэмээн маргаж байна. 

Их Британи улсын алдаа ба оноо сонирхолтой бас сургамжтай байна

Тархвар судлал талаасаа их сонин зүйл ажиглагдаж байна. Ер нь эрдэмтдийн тулаан болж байх шиг байна. Их Британийн Лондонгийн Их сургуулийн харьяа London School of Hygiene & Tropical Medicine захирал Peter Piot гэж 70 гаран насны эрдэмтэн нэгдүгээр сарын дундуур Британи ба Европ аюулд учрахыг анхааруулсан.

Тэрбээр 1970-аад онд Эбола вирусийг нээсэн мөн ДОХ-той тэмцэх НҮБ-ын ажлыг удирдаж байсан хүн юм. Дээрх сургууль анхлан дэлхийд 1870 оны үед тархвар судлалыг хөгжүүлсэн гэж үздэг, ийм учраас Британийн тархвар судлал одоо ч дэлхийд тэргүүлдэг.

Дашрамд дурдахад одоо ДЭМБ-ыг толгойлж буй Этиоп гаралтай Tedros Adhoman дээрх сургуулийн төгсөгч бөгөөд Этиоп улсад ДОХ ба Сүрьеэг устгах чиглэлд амжилт гаргаж дэлхийд нэрд гарсан хүн байдаг юм. 

Их Британийн засгийн газар нь хажуудаа эрдэмтэн зөвлөх гэсэн орон тооны эрдэмтэнтэй ажилладаг ажээ. Тэр хүн бол Ерөнхий сайддаа сүргийн дархлаа буюу халдварыг хяналтад байлгаж аль болох олон хүнд хөнгөн халдварыг тарааж вирусийн дараагийн давалгаа гарч ирэхэд иргэдээ дархлаатай болгох нь зүйтэй гэсэн санал гаргасан.

Энэ асуудал шүүмжлэлд өртөж Их Британийн парламент дээр сонсгол хийгдсэн байна. Учир нь Их Британийн бас нэг томоохон сургууль болох Империал коллежийн тархвар судлаач Neil Ferguson гэх хүн үндсэн мэргэжил нь Оксфордын физикч хүн энэхүү стратеги нь 750,000 хүний аминд хүрэх эрсдэлтэй байгаа тухай математик тооцооллыг гаргаж ирсэн байна. Энэ тооцоолол дээр үндэслэн Их Британи улс халдвартай тэмцэх тактикаа өөрчиллөө.

Neil Ferguson тархвар судлаач 2002 онд Британийн хатан хааны шагнал хүртсэн бөгөөд Эбола ба SARS вирусийн тархвар судлал дээр ажилласан ДЭМБ-ын зөвлөх хүн юм. Түүний ажилладаг их сургууль дээр ДЭМБ-ын тархвар судлалын нэг төв байрладаг аж.

Тэдний сүүлийн судалгаа бол иргэд хэрхэн халдвараас сэргийлж байгаа тал дээр судалгаа хийсэн байна. Хамгийн сонирхолтой нь Оксфордын судлаачид Их Британийн хүн амын талаас илүү нь хөнгөн халдвар аваад эдгэрсэн байх магадлалтай байна, судалгаа хийж иргэдийн цусанд эдгэрсэн эсэхийг нотлох антител үзнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Британийн томоохон тархвар судлаачид хоорондын онолын томоохон дайн үргэлжлэв. Үүнд Империал Коллежийн математик ба биологийн (modelling) профессор Neil Ferguson, Оксфорд коллежийн(theoreticalepidemiology) профессор SunetraGupta, мөн LondonSchoolHygieneandTropicalMedicine эрдэмтэд ба Кэмбрижийн эрдэмтэд оролцлоо.

Британийн засгийн газарт малын шүлхий өвчний үед 4.1 сая малыг зориудаар устгах шийдвэр гаргуулан хэл аманд орж байсан ч тэдний тооцоолол зөв байж өвчнийг дарсан магтаал хүртсэн Оксфордыхны зүгээс Империал Коллежийн тооцооллыг алдаатай гэж шүүмжлэв.

Тэдэнтэй Кэмбрижийн математикчид мөн санал нэг гэнэ. Империал Коллежийн математик тооцоолол бол ийм вирусийн   халдварт тохирохгүй загвар дээр суурилсан гэжээ.

Империал коллежийнхэн 2001 онд гахайн ханиадны тооцоог бурууг хийснээс Их Британид 34 сая вакцин хэрэглээгүй мөнгө үрсэн гэдгийг ч дурдаад авав. Энэ удаа Империал коллеж тооцоолол халдвар авсан хүмүүсийг оруулахгүй гэж шүүмжлэгдэж байна. London School Hygiene and Tropical Medicine зүгээс хоригийг үе шаттай суллах судалгаа хийсэн ба энэ нь үр дүнтэй гэжээ.

Израйлын засгийн газарт зөвлөж буй DataClue багынхан Их Британийн засгийн газар нас баралтаа бүрэн  бүртгэж чадахгүй байгаа ба вирусийн шинжилгээ хийлгэлгүй нас барсан хүмүүсээ тооцоололд оруулахгүй байгаа нь алдаа болоод байна гэдгийг ч хэлээд авав. Дашрамд дурдахад эрүүл мэндийн салбарын статистик мэдээллийн тогтолцоог сайжруулан боловсронгуй болгох шаардлага манай улсад ч тулгамдаад байна.

Их Британид засгийн газар ба ерөнхий сайд нь бүгд  хажуудаа орон тоогоор эрдэмтэд ажиллуулж тэдний нотолгоон дээр үндэслэн шийдвэрээ гаргаж эсвэл өөрчилж байна. Энэ нь манай улсад бас их чухал санагдлаа. Их Британийн эрдэмтэд ба улс төрчид хөл хорион дээр ч мөн маргаан өрнүүлэв. Хөл хорионоос гарах төлөвлөгөө улс болгонд байх ёстой.

Хөл хорионд эрсдэлт бүлэг буюу өндөр настнуудыг үлдээж  залуус нь ажлаа хийж байвал эдийн засаг сөхрөх ёсгүй, хөл хорио тогтоогоогүй Сингапур ба Шведийн жишээ юуг хэлэв гэх мэт.

Шведийн хувьд Ковид-19-тэй сүргийн дархлаа үүсгэн тэмцэхээр шийдсэнээс болж 2500 орчим эмч ба академик судлаачид түүн дотроо Нобелийн шагнал олгох хорооныхон Шведийн Засгийн газарт хандаж энэ тактикаа өөрчлөхийг шаарджээ.  Шведүүд энэ стратегиа laissez faire буюу төрийн оролцоогүй гэж нэрлэж буй ажээ.
Швед улс одоогоор 6,000 гаран халдвартай тохиолдол ба 300 гаран нас баралттай байгаа билээ. 

Мөн эрдэмтэд хөл хорионоос зугуухан гарч үйлдвэрлэлээ сэргээсэн БНХАУ-аас суралцах ёстой, хөл хориог суллаад дараа нь шаардлагатай бол эргээд чангалах  боломж бий гэсэн олон асуудлыг ярьж байна. 

Дөнгөж өчигдөр Их Британийн эрдэмтэд хоригоос гарах шинэ гарцыг санал болгов.  Их Британийн ЭМЯ-ныхан дотоодын үйлдвэрлэгчдэдээ хандан иргэд өөрсдөө гэртээ өндөгний цусандаа  үзэх боломжтой  вирусийн эсрэгтөрөгч (антиген) ба эсрэг бие (антибоди) илрүүлэх оношлуур үйлдвэрлэхийг уриаллаа.

Гол зорилго нь антибоди үзсэнээр хоригт байгаа хүмүүс ажилдаа орох боломжтой бол антиген үзсэнээр шинж тэмдэггүй хүмүүс оношлогдох боломжтой юм байна. Одоогийн вирусийн оношилгоо бол вирусийн РНХ-г илрүүлж байгаа юм. Тэгэхээр энэ бол маш шинэлэг шийдэл гарц юм. Их Британийн эрүүл мэндийн систем цахимжиж шинэ технологи ба инновац талаасаа 2 долоо хоногийн дотор 20 жилд хийгээгүй ажлаа хийж чадлаа гэсэн дүгнэлт хүртэл гарчээ.

Их Британид мөн эмч нарын холбоо нь ЭМЯ-наасаа хараат бус ажилладаг бөгөөд Ковид-19 үед өөр өвчлөлтэй хүмүүсийг хоёрдугаарт тавьж болохгүй гэсэн ёс зүйн дүрмээ өөрчлөлт хийж байгаа нь түргэн шуурхай хараат бус ажиллахын тод жишээ болсон ба цаашид манай улс бүх ачааг ЭМЯ үүрэх биш ТББ-уудад лицензээс авахуулаад бүх ачаагаа үүрүүлэх хэрэгтэйн жишээ гэж харлаа.

Мөн Их Британийн хавдрын эмч нар уушгины хавдрыг 1-р үед оношилбол эмчилгээний амжилт 80 хувь байдаг. 2-р үе рүү шилжихэд хэдхэн сар болж амжилт 50 хувь руу буурдаг тиймээс КОВИД-19-с болж хавдрын илрүүлэлт хоцорч эмчилгээний амжилт буурч, нас баралт нэмэгдэхээр байгааг анхааруулжээ.

Удалгүй Их Британийн ЭМЯ хавдартай өвчтөнүүддээ хувийн эмнэлгээр эмчлүүлэх эрх зүйг бүрдүүлж хувийн салбартаа ачаа үүрүүллээ. Манай улсад ч хувийн эрүүл мэндийн  салбартаа ачаагаа үүрүүлэх шаардлага байна. Асралт мед гэх мэт эмнэлэг сайн дураараа үүрч байгаа нь мундаг жишиг боллоо. 

Их Британийн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь бүх эмнэлгийнхээ өрийг  буюу 20 тэрбум долларыг цуцалсан бна.КОВИД-19-тай тэмцэхэд үзүүлэх дэмжлэг гэж хэлсэн ба дашрамд дурдахад Их Британи манай улсын эрүүл мэндийн системтэй төстэй эрүүл мэндийн тусламжийн тогтолцоотой . 

Итали улсын алдаа ба оноо

Итали улсын хувьд  олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна. Италийн боловсролын систем европдоо үр ашиггүй шаардлага хангадаггүй гэж үздэг юм байна. Авлигын тогтолцоо хүчтэй авлига их. Мөн эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жил гараагүй, тэр утгаараа Европын өвчтөн гэх хочтой. 

Мөн хүн амын дундах өндөр настны эзлэх хувь өндөр, хүүхдүүд нь аав ээжтэйгээ бас ач гучтайгаа цуг амьдардаг аж. Голомтын төв Ломбарди муж бол эдийн засгийн гол муж бөгөөд БНХАУ-тай өргөн харилцаатай муж юм.

Түүх яривал Марко Поло Хубилай хаанаас цаасан мөнгө өрийн бичиг гаргадгийг анх мэдэж ирээд энд европын анхны банк үүссэн гэдэг. Манайд байдаг ломбард гэдэг нэр эндээс гаралтай. Хятадын жуулчид 12 сарын дундуур энэ мужид ирж итали загварын цүнх гутал хувцасны худалдан авалт ихээр хийсэн нь нөлөөлсөн гэж үзжээ. 

Итали улс төрийн нэг худалдан авагчтай манайтай төстэй эрүүл мэндийн системтэй ч хүчин мөхөсдсөн явдал гарсан нь системийн гэхээсээ илүү удирдлага зохион байгуулалтын асуудал ч нөлөөтэй байгаа нь харагдаж байна гэж судлаачид үзжээ. Италичууд  мөн өнгөрсөн долоо хоногоос эмч сувилагч нараа яаралтай антибоди үзэх шинжилгээнд оруулж цаашид дархлаа тогтсон хүмүүсийг түлхүү өвчтөнүүд лүү илгээх шийдвэр гаргажээ.

Антибоди 12 хоногт үүсэж 35 хүртэл хоног цусанд тодорхойлж болно цаашдаа мэдэхгүй. Цусны энэ шинжилгээгээр вирусээр халдварласан эсэх  болон хүний организмд дархлаа тогтоосон эсэхийг үзнэ. Мөн шүлсэнд антиген үзнэ гэнэ. Италийн голомтод шинж тэмдэггүй өвчлөл их давамгайлсан тул цусны энэхүү шинжилгээнд хэдэн саяар нь иргэдээ хамруулахаар шийдвэрлэсэн гэнэ.

АНУ алдаа ба оноог хэрхэн харж байна

Дэлхийд алдартай АНУ-ын Өвчнийг хянах сэргийлэх төв шүүмжлэлд өртсөн. Учир нь Трампын засаг захиргаа энэ байгууллагын төсвийг ихээр танасан байж. Энэ байгууллага ямар алдаа хийсэн гэхээр эхний ээлжид вирусийг оношлох оношлуурын шинжилгээ хийлгэх шалгуурыг өндөр гаргаж иргэдийг оношлоход бэрхшээл үүсгэсэн.

Дараагийн шатанд эдний үйлдвэрлэсэн вирусийн оношлуур нь үйлдвэрийн алдаатай байсан тул буцаан татаж цаг их алдсан. ДЭМБ-ын зүгээс Германы патентаар үйлдвэрлэсэн оношлуурыг энэ хооронд авч ашиглаагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байна.

Энэ байдал нь АНУ дахь халдварын тархалтад сөрөг нөлөөлсөн байна. Мөн АНУ иргэд ч асуудалд хайхрамжгүй хандах зарим талаараа арьс өнгөний үзэл гаргаж улс төржиж байсан нь ч нөлөөллөө.

Өмнөд Солонгос

Богино хугацаанд олон хүмүүсийг шинжилгээнд хамруулж чадсан tracete stand treat буюу шинжил, эмчил, хавьтлыг илрүүл гэсэн тактик ашиглалаа. Солонгос улс та бидний харсанчлан халдварын голомт болж байсан Христ шашны тодорхой сүмүүд мөн хотуудад анхаарч халдварыг таслахад чиглэн ажиллав.

Өөрийн орны үйлдвэрлэсэн оношлуурыг ашиглан хамгийн олон буюу 10,000 хүнд хийсэн шинжилгээний тоогоор дэлхийд тэргүүлэв. 

Дашрамд дурдахад Өмнөд Солонгос улс ДЭМБ-ын төлөөлөгчийн газарт талархал илэрхийлэн олон жилийн өмнө үдэн гаргасан бөгөөд өөрсдөө асуудлаа өөрийн хүний нөөц ба санхүүгийн эх үүсвэрээр шийдэх боломжтой гэж үзсэн явдал юм.

ДЭМБ чухал хамтрагч байгууллага бөгөөд өгч буй зөвлөмж бүх улсад тохирсон, зөв байх албагүй тул дийлэнх улсууд эцсийн шийдвэрийг өөрийн толгойгоор хамтрагчтайгаа зөвлөн  гаргах нь зөв гэж үздэг судлаачид байдаг. 

ОХУ, Беларусь ба Казахстан

ОХУ мөн л их алдаа гаргаж байж болзошгүй байна.

Хятад улстай хиллэх хилээ манай улстай зэрэг шахуу хаасан ч европын улсуудтай хиллэх хилээ 4 сар хүртэл нээлттэй байлгаж, иргэддээ урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг хангалтгүй өгсөн байна. Халдварын голомт болсон Итали улс гэхэд л ОХУ-ын жуулчдын хамгийн очих дуртай улсын нэг бөгөөд ОХУ-ын эхний 6 тохиолдол Итали явсан Оросын жуулчдын дундаас илрэв.

Ерөнхийлөгч В.Путин иргэдээ тайвшруулахаар эмнэлгээр очсон ч түүний очсон эмнэлгийн дарга нь халдвар авсан байсан нь илэрч,  байдал ноцтой болсныг улстөрчид анхаараагүйн жишээ болов.

Беларусийн ерөнхийлөгч бүр анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд Минск хотод ялалтын парадад бэлтгэж байна. Дашрамд дурдахад удирдагчдын алдаа их үнэтэй тусдаг бөгөөд 2000 оныг хүртэл Өмнөд Африкийн БНУ-ын ерөнхийлөгч ДОХ вирусээс үүсээгүй  дархлаа суларснаас үүссэн хэмээн зүтгэж тус улс ДЭМБ-тэй хамтран ажиллаагүй бөгөөд энэ хугацаанд 300,000 хүн нас барж, 6 сая хүн халдвар авсан нь Мбеке гэх ерөнхийлөгчөөсөө болсон хэт үнэтэй сургамж алдаа болж дэлхийн түүхэнд үлдсэн байдаг. 

Казахстан улсад ч мөн халдварын тоо ихээхэн өслөө. Өнөөдөр ОХУ-аас ирсэн монгол иргэн өвчилсөн нь манай улсад халдвар Орос ба Казахстанаас орж ирэх эрсдэл өндөр байгааг хэлж байна. 

Эрүүл мэндийн систем ба санхүүжилт (энэ асуудал дээр ДЭМБ зөвлөх Д.Баярсайхан бидний хүсэлтээр бие даасан нийтлэл бичсэн бөгөөд эндээс уншина уу https://ikon.mn/n/1uax

Манай улсын авсан арга хэмжээний талаар

Монгол улсын авсан арга хэмжээ их зөв зүйтэй арга хэмжээ боллоо гэж харж байна. Хятад улстай хамгийн урт хилээр хиллэдэг худалдааны өргөн харилцаатай олон боомтоор нээлттэй манай улсын хувьд халдвар тархах эрсдэл маш өндөр байна.

Эдийн засагт чухал гол орлого болох нүүрсний экспортоо зогсоож хилээ хаан авсан арга хэмжээнүүд зөв болох нь урт хугацаандаа харагдаж байна. Сургуулийг хааж мөн олон нийт цуглахыг хориглосон, хилээ бүрэн хаасан гэх мэт үе шаттай арга хэмжээнүүд зөв байлаа гэж харж байна.

Сүүлийн үед иргэд анхаарал суларч олноороо цуглах, мөрийтэй тоглох,  амарч зугаалах болсон нь халдвараас сэргийлэх ажилд сөргөөр нөлөөлж бидний олсон амжилтыг үгүй хийх эрсдэлтэй. Казахстанаас ирсэн иргэн хориог зөрчиж УБ хот луу автобусаар 12 цаг 30 гаран хүнтэй аялсан явдал нь нэг л хүн алдаа хийхэд  хэрхэн богино хугацаанд халдвар тархах эрсдэл байгааг харууллаа. 

Манай иргэдэд ба албан газарт ямар сургамж үлдээж байна?

Манай иргэд ба албан газрууд гайхамшигтай байна гэж хэлэхээр байна. Иргэд бүгд маскаа зүүж, гараа тогтмол угааж эрүүл мэндийн салбарын зөвлөмжийг сайтар дагаж байна.

Дараа дараагийн томуу бусад халдварын үед иргэд ба байгууллагууд их бэлтгэлтэй байж сэргийлж чадахаар боллоо гэж харж байна. Худалдаа Хөгжлийн Банкны харуул таны халууныг үзээд гарыг спиртээр арчаад дотогш оруулж байхад үнэхээр сэтгэл хөдөлж байлаа. Харин эмийн сангууд маань хөнгөлөлттэй эмээ олгохдоо гар угаах шингэн байхгүй, ахмадуудыг шахан дараалал үүсгэж, алдаа гаргасныг  иргэд шүүмжилж байна. 

Эрүүл мэндийн салбар ба авлига

Эрүүл мэндийн салбар зөвхөн манай улсад төдийгүй бусад улсуудад авлигын эрсдэл өндөртэй салбарт тооцогддог. Манай улсад  эмийн үнэ өндөр мөн чанарын асуудал бий. Мөн эмийн компаниуд үнэ нэмэгдэхээр байгааг мэдээлж эхэлсэн. 

Транспэрэнси интернэшнл байгууллагын зүгээс энэхүү цар тахал нь эрүүл мэндийн салбар дахь авлигыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулсан. 
Манай улсын хувьд УОК шууд худалдан авалт хийж байгаад АТГ-аас анхааруулсан зөвлөмж хүргүүлсэн байна. 

Манай улсын эрүүл мэндийн салбарт ямар сургамж үлдээж байна?

Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг талаасаа сайн зүйлийг ихээр авчирлаа. Тухайлбал миний бие сүрьеэгийн салбарт ажиллаж байсан.

Бид иргэдэд ханиалгаж л эхэлбэл эмчид яаралтай хандах, амаа хамраа дарж зөв ханиаж найтаах, хажууд нь хүн ханиаж байвал эмчид очихыг зөвлөх зэрэг олон зуршлыг хэвшүүлэх гэж удаан хугацаанд оролдсоор, сургалт сурталчилгааг ч хийсээр ирсэн. Энэ асуудал голдрилдоо орж байх шиг байна. Сүрьеэгийн ба томуугийн өвчлөл ч буурсан үр дүн гарах байх гэж итгэж байна.

Эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнийг үүдэн дээр хүн тосоод маск зүүлгээд халууныг үзээд эмч лүү чиглүүлэх бол аль ч эмнэлгийн халдвар хамгааллын чухал хэсэг байлаа. Одоо Монголд эмнэлэг байтугай бүх албан газар иргэдийг гаднаас тосоод, халуун үзээд маск зүүлгээд оруулж байна. Энэ бол эрүүл мэндийн салбарт өвчлөлөөс сэргийлэх ба эрт оношлоход бусад халдвар тарахад сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд ч ихээхэн дэвшил гарч буй гэж бодож байна. Үүнийгээ цаашид хадгалъя. 

Манай улсын Анагаахын сургуулиудад ямар сургамж өгч байна

Монгол улсын эрүүл мэндийн салбарт боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиуд огт оролцсонгүй, судалгаа  шинжилгээ бусад олог талаар энэхүү өвчлөлийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгааг шүүмжилмээр байна. 

Манай улсын халдварт өвчний эрх зүйн салбарт ямар сургамж үлдээж байна

Монгол улсын эрүүл мэндийн хууль ба бусад хууль тогтоомжоор халдварт өвчтэй хүн эмчилгээ оношилгоо хийлгэхээс татгалзах ёсгүй, халдварт өвчнөөс сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд халдварыг цааш тараахгүй байх, таслан зогсоох талаар баримтлах дэглэм, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлан мөрдүүлнэ гэж заасан байдаг.

Монгол улс түүхэндээ  анх удаа ДЭМБ, Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 15-с дээш насны хүн амын дунд уушгины сүрьеэгийн тархалтыг 2013-2015 онуудад судлан тогтоосон. Үр дүнд манай улс жилд сүрьеэгээр өвдөж буй насанд хүрэгч 100,000 хүн амд 567  байгааг тогтоосон. Энэ үзүүлэлтээрээ бид яг ийм аргачлалаар судалгаа хийсэн өвчлөл ихтэй 20 гаран улсаас эхний 10-т орж байгаа. 

Энэ нь ДЭМБ-ын тооцоолж байснаас 3 дахин илүү гэсэн үг. Халдвартай хэлбэрийн сүрьеэг нийгэмд тараагчдын тодорхой хувийг архичин эсвэл эмчилгээ таслаад явсан хүмүүс байдаг бөгөөд яг л энэ вирусийн нэгэн адилаар халдварыг бусдад тараадаг. 

Зарим хүмүүс ёс зүй хүний эрх яриад байдаг гэтэл барууны орнуудад ч тэр АНУ-д ч тэр эмчилгээгээ таслаад халдвар тараагаад явбал хуулийн хүрээнд арга хэмжээ авдаг.

Манай улсын хувьд архичдыг албадан эмчилгээний хууль батлагдсан ч дагалдах журамд нь архичин сүрьеэтэй хүмүүсийг албадан эмчлэх заалт орох шаардлага байгаа. Энэ бол их чухал сургамж гэж бодож байна. 

Манай улсын шинжлэх ухааны салбарт ямар сургамж үлдээж байна

Монгол улсын шинжлэх ухааны салбарт бас их сургамж үлдээж байна гэж харж байна.

Судалгааны чадвараа бэхжүүлэх, эрүүл мэндийн салбартаа аль салбараа түлхүү анхаарах бэ гэх мэт. Манай улсад вирусологийн салбарыг бий болгохоор бодлогоор бэлдэж хуучин зүүн германд бэлдсэн хүн бол Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваа гуай байдаг.

Энэ хүн Монгол улсын вирусологийн салбарын залуу халааг сайн бэлтгэж байсан, тэдгээр залуус энэ ачааг үүрч байна гэж харж байна. Энэ салбарыг улам бэхжүүлэх хөрөнгө мөнгө зарцуулах залуусыг улам олноор бэлтгэхнь чухал байх. Учир нь 21-р зуун бол вирустэй хийх дайны зуун байх бололтой.

Аль ч лабораторийн хувьд гадаад ба дотоод чанарын хяналт чухал байдаг. ХӨСҮТ лабораториуд энэ тал дээр сайн туршлагатай.

Мөн шаардлагатай орчин үеийн төхөөрөмжөөр байнга хангаж байх нь чухал. ХӨСҮТ дээр 2014 онд эхэлсэн био аюулгүйн 3 зэрэглэлийн лабораторийн барилга энэ онд ашиглалтад орно гэж Сангийн сайд бичсэн байсан нь их чухал мэдээ боллоо. 

Нөгөө талаасаа тархвар судлаачдыг улам бэхжүүлэх ёстой нь харагдаж байна. ЭМЯ ДЭМБ-тай хамтран ХӨСҮТ дээр талбарын тархвар судлаачдыг олон жил бэлтгэсэн ба тэдгээр залуус энэ ачааг бас үүрч гарч байгаа нь харагдаж байна.

Бид ХӨСҮТ дээр Сүрьеэгийн тархалтын судалгааг хийж байхад бидэнд зөвлөж байсан японы тархвар судлаачид үргэлж хажуудаа нэг залуу тархвар судлаачид дагуулж ажилладаг байсан. Одоо тэд нар нь дэлхийн хэмжээнд ажиллаж байна. Энэ бол залуу халааг тасралтгүй дэлхийн хэмжээнд бэлтгэх Монголын тархвар судлаачид бүс ба дэлхийн хэмжээнд ажиллах ёстойг харуулж байна. 

Судалгаа талаасаа ч бас их сургамжтай.Монгол улс дангаараа томоохон судалгаа хийх санхүү ба хүний нөөц хангалттай биш байна. Судлаачдыг дэмжих төрийн бодлого энэ халдварын дараа өөрчлөгдөх байх гэж найдаж байна.

Гадны улс орны нэр хүндтэй сайн судлаачидтай хамтран ажиллах, тэднээс суралцах, хамтарч судалгаа хийснээр энэ салбарт дэвшил гаргана. Судалгаа нь бодит шаардлагаас урган гарсан шийдвэр гаргагч нарт нотолгоо болох тийм судалгаанууд байх ёстой.

Энгийн жишээ, Их Британийн судлаачид яг одоо иргэд  хэрхэн , хэдэн хувь нь гараа угааж байна , хэдэн хувь нь маск зүүж байна гэх мэт халдвараас хэрхэн хамгаалж сэргийлж буй дээр  явцын судалгааг хийж байна энэ юу бэ гэхээр бид иргэддээ 100 хувь итгэж буй ч бодит байдал дээр яг ямар байгааг манай иргэд хэрхэн зөв сэргийлж  байгааг энэ үед хянаж судалгаа хийж нотолгоо гаргаж ирэх ёстой. 


О.Батбаяр-Нийгмийн эрүүл мэнд судлаач, MSc ( London School of Hygiene & Tropical Medicine

Энэ нийтлэлд санал, зөвлөлгөө өгсөн Д.Баярсайхан докторт талархаж байна.