Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-д Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ажиллалаа.
Монгол Улсын хүн амын гуравны нэг хувийг хүүхэд эзэлдэг, энэ хэрээр ЭХЭМҮТ-ийн ачаалал нэмэгддэг. Тус төвийн Яаралтай тусламжийн тасаг сард 8-10 мянган хүүхдэд тусламж үзүүлдэг байна.
Хүн амын өсөлтийг дагаад эмчилгээ, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх ёстой ч ЭХЭМҮТ-ийн ачаалал өндөр хэвээр байна.
Тухайлбал, үзлэг хүлээх хугацаа 10-20 хоног, мэс заслынх хамгийн дээд тал нь 90 хоног байна. Амбулаторийн ачааллыг бууруулах барилгын ажил дуусаж, Улсын комисс хүлээн авчээ. Ирэх сард ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна. Амбулаторийн шинэ барилга хуучнаасаа найм дахин том. Үүнийг дагаад үзлэг хүлээх хугацаа тав, мэс заслынх 40 хүртэл хоногоор буурах боломжтойг эмч, мэргэжилтнүүд хэллээ.
Өмнө нь 34 кабинеттай байсан бол 95 болж нэмэгдэхээс гадна өдрийн эмчилгээ хийдэг болно. Төрөлжсөн нарийн мэргэжлийн 33 кабинетад үйл ажиллагаагаа явуулж, 37 төрлийн оношилгоо, шинжилгээ хийнэ. Мөн өдрийн мэс заслын таван өрөөтэй болжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ барилгатай болох нь сайн ч үйлчлүүлэгчдэд чирэгдэл үүсгэхгүй, дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй. Нэг үйлчилгээ авах гэж өрөө дамжиж, дээш доош гүйдэг бус, тусламжийг нэг дороос авах боломжийг бий болгох нь чухал. Улсын эдийн засаг хүнд байгаа ч эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна гэлээ.
ЭХЭМҮТ-өөс тавьсан төсвийн дутагдал, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зардлын саналыг Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
Ерөнхий сайд ЭХЭМҮТ-ийнхөнтэй ярилцаж, охины хагалгааг хийлгэхээр болов. Цаашид архаг ангилалд багтдаг хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосныг эргэж харах, ирэх он гэхэд санхүүжилтийг хүүхдэд ээлтэй байдлаар шийдвэрлэх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!