Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Шаардлагатай ₮5.1 их наядын 3 орчим их наядыг гаднын зээлээр, үлдсэн мөнгийг төсвийн хүрээнд шийдэх боломжтой"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сангийн сайд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ төсөвт тодотгол хийж, хөрөнгө оруулалтын зардлаа танахгүй, төсөв тэлсэн бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ дахин хэллээ. 

Тэрбээр "Төсвийн зардлаа танаж, хумьж байгаа нэг ширхэг ч улс байхгүй. Хэрэв хасвал эдийн засгийг нэлээд урт хугацааны хямрал руу түлхэнэ. Тиймээс төсвөө тэлсэн бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр байна. 

2020 оны төсөвт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Өнөөдөр худалдан авалтын тайланг авахад 15,000 ААН орж ирж байна. 

Барилга барилаа гэхэд жижиг туслан гүйцэтгэгчид нэмэгдэнэ. Ингээд 150 мянган ажлын байр бий болно. 

Харин төсөв, зардал, хөрөнгө оруулалтуудаа хас гэж байгаа нь 15,000 ААН, 150 мянган хүний ажлын байрыг хас гэж байгаатай адил сонсгогдож байна. Дөнгөж гурван сар өнгөрч байхад төсвөө тодотго гэдэг нь их хариуцлагагүй байдал. Дор хаяж зургаан сарын нөхцөл байдлыг харж байж шийднэ. Долоо хэмжиж нэг огтол гэсэн зарчмаар явна. Өнөөдрийн байдлаар алдаа гараагүй явна" гэлээ.

Түүнчлэн барьцаа хөрөнгийн дуагдалтай ААН-үүдэд  300 сая хүртэлх зээл дээр батлан даалт гаргана​ гэдгийг тэрбээр хэллээ. Тодруулбал, 500 ААН-д 108 тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд зээлийн батлан даалтын санд энэ чиглэлээр ажиллах үүргийг өгсөн байна. 

Ноолуурын салбарыг дэмжихэд зориулж буй 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргаж, хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргах юм байна. 

Хөдөө аж ахуйг дэмжих сан дээр үлдэгдэл хэлбэрээр байгаа тоног төхөөрөмжүүдийг 50% хөнгөлөөд 1,500 ААН-д 34 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн дүнтэйгээр олгоно гэв. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үргэлжлүүлэн "Бид хоёрдугаар сараас эхлэн гадаад, дотоод томилолт, их засвар, хурал зөвлөгөөн, тавилга авах гэх мэт тэвчиж болох бүх зардлаа танасан. Энэ мөнгийг коронавирусийн цар тахалтай холбоотой дарамтыг хөнгөлөхөд чиглэгдсэн ажлуудыг санхүүжүүлэхэд чиглүүлэн Засгийн газар ажиллаж байгаа" гэв.  

Халдварт өвчний тархалтын үеийн эдийн засгийн эрсдлийг бууруулах Засгийн газрын хөтөлбөрийн өртөг 5.1 их наяд төгрөг. Үүнд төсвийн хөрөнгө оруулалтын зардал болох 3.1 их наяд төгрөгийг оруулаагүй буюу нийт 8.2 их наяд төгрөгийг эдийн засгаа дэмжихэд зарцуулж байгаа гэсэн үг гэдгийг тэрбээр тайлбарлав. 

Шаардлагатай 5.1 их наяд төгрөгийн 3 их наяд орчмыг гаднын санхүүжилтээр шийдэх бол үлдсэн мөнгийг төсвийн хүрээнд байгаа нөөц боломжоороо хэрэгжүүлэх боломжтой гэдгийг Сангийн сайд хэллээ. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/255087808987836/