Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Аялал жуулчлал нь шинэ коронавирусийн халдварыг тарааж буй гол зам болоод байна /2020.03.09/

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 9
iKon.MN

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1301757003362072/

Д.Нарангэрэл: Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр та бүхэнд мэдээлэл хийснээс хойш 24 цагийн хугацаанд зургаан оронд анхны халдвар бүртгэгдэж, нийт 105 улсад халдвар бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 60 хувь нь халдвар гарсан улс оронд зорчсон аялснаас үүдсэн байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн 14 хоногийн хугацаанд COVID-19-ийн тархвар зүйд судалгаа хийж үзэхэд шинэ тохиолдлын 60 гаруй хувь нь өвчлөл гарсан улс оронд зорчсон өгүүлэмжтэй байгаа. Аялал жуулчлал нь шинэ коронавирусийн халдварыг тарааж буй гол зам болоод байна. 

Халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байсан Вьетнам улсад Лондонд аялаад ирсэн 30 хүн нэг дор онгоцонд халдвар авсан нь тогтоогдлоо. Тиймээс халдвар гарсан улс оронд аялахгүй байх. Онгоцоор зорчихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

О.Ариунтуяа: 24 цагийн хугацаанд Италид халдвар 25 хувиар өссөн

 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 8-ны өдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 105 улсад бүртгэгдэж, тохиолдлын тоо 105,586 боллоо.

24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барсан. 

Нэг өдөрт 1,000-аас дээш халдвар бүртгэгдсэнээр Иран, Итали улс анхаарал татаж байна. Иранд 1,076 тохиолдол шинээр бүртгэгдэж, нас баралтын тоо 49-өөр нэмэгдсэн. 24 цагийн хугацаанд Италид халдвар 25 хувиар өссөн. Европын хамгийн том дэгдэлт энэ улсад явагдаж байгаа юм. Тиймээс 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо.

Харин Өмнөд Солонгост дэгдэлт буурах хандлага ажиглагдаж байна. 367 тохиолдол нэмэгдэж, 19 мянга гаруй хүн шинжилгээний хариугаа хүлээж байна.

Эмчилгээнд шаардлагатай хиймэл амьсгалын аппарат, хүчилтөрөгч хангамжийн систем зэрэг 20 гаруй төрлийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд үүнээс Эрүүл мэндийн яам худалдан авалтыг хийж байгаа. Зарим улсад эмчилгээний тоног төхөөрөмж хомсдож байна. 

ДЭМБ-аас COVID-19 халдварын дөрвөн үе шатыг тодорхойлж, холбогдох зөвлөгөө зөвлөмжийг өгсөн. Тодруулбал, 

  1. Тохиолдол бүртгэгдээгүй үе
  2. Нэг ба түүнээс дээш тохиолдол импортлогдсон үе
  3. Дэгдэлт байдлаар голомтлон тархаж буй үе 
  4. Хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байгаа үе бөгөөд гуравдугаар сарын 7-нд гаргасан зөвлөмжийг Монгол Улс салбар хоорондын төлөвлөгөөний төсөлд тусган хэрэгжүүлж байгаа юм" гэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.