Ирээдүйд Google Translate үйлчилгээ нь хүний урт үргэлжилсэн яриа, илтгэлийг шууд тэкст болгон хувиргахаас гадна өөр хэл руу орчуулах ажлыг зэрэг гүйцэтгэдэг болох гэнэ.
Энэ бүх ажиллагаа хугацааны хувьд ямар ч алдагдалгүй, бодит цагийн горимд (realtime) явагдах юм байна. Google компани Сан Франциско хотод хиймэл оюуны төслүүдээ танилцуулах үеэр ийм шинэ боломжуудыг сонирхуулжээ.
Тус компани өмнө нь хүний харилцан яриаг шууд орчуулах боломжийг танилцуулж байсан бол энэ удаа илтгэл, урт үргэлжлэх яриаг боловсруулж байгаагаараа онцлог юм.
Transcribe mode-ийг ашиглан хүмүүс гадаад хэл дээр тавигдсан илтгэл, лекцийг тэмдэглэж, орчуулгыг нь сонсох боломжтой. Эсвэл гадаад хэл дээр кино үзэхдээ хадмал орчуулга хэрэглэлгүй шууд өөрийн хэл рүүгээ хөрвүүлж сонсох юм.
Шинэ боломжийг хэрэглэхэд интернэт холболт шаардлагатай. Учир нь хөрвүүлэх үйл явц гар утсан дээр биш, Google-ийн сервэр дээр ажиллах юм байна.
Үүнээс гадна урьдчилж бичлэг хийсэн аудио файлыг хөрвүүлэх боломжгүй, зөвхөн гар утасны микрофоноос “live” дуу хоолойг хөрвүүлэх ажээ.
Одоогоор Англи, Испани, Герман, Франц хэлүүд дээр туршиж байгаа гэнэ. Яг хэзээ нэвтрүүлэх товоо зарлаагүй ч хэдхэн сарын дараа шинэ үйлчилгээг хэрэглэх боломжтой болно гэж Google амлажээ. Ингэхдээ “Transcribe mode” нь эхний ээлжинд зөвхөн Андроид гар утсанд нэвтрэх гэнэ.
Эх сурвалж: Engadget
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!