Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэргийн нисэх онгоц Талибуудын нутагт тодорхойгүй шалтгаанаар унажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц өчигдөр тус улсын зүүн хэсэгт унаж осолджээ.

Онгоц унасан Газни мужийн Дэх Як дүүрэг нь талибуудын эзэмшилд байдаг юм. Афганистан дахь зэвсэгт хүчний хурандаа Сонни Леггит “Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна. Одоогоор дайсны халдлагад өртсөн гэх шинж тэмдэг илрээгүй” гэж мэдэгджээ.

Тагнуулын зориулалттай нисэх онгоцонд хэдэн зорчигч явсан нь тодорхойгүй байна. Талибуудын сошиал хуудсанд АНУ-ын агаарын хүчний таних тэмдэгтэй нисэх онгоц шатаж буй дүрсийг үзүүлжээ. Тэд онгоцыг буудаж унагаснаа хүлээгээд байгаа юм.

Хурандаа Леггит талибууд онгоцыг буудаж унагасан гэх мэдэгдлийг үгүйсгэжээ. Афганистаны уулархаг нутагт байлдааны ажиллагаа явуулахад нисдэг тэрэг зохимжгүй, дайсны цохилтод өртөх магадлал өндөр гэдэг нь батлагдсан байдаг. Харин талибууд нисэх онгоц устгаж байсан тохиолдол маш ховор.

Тэдэнд өндөрт нисэж яваа нисэх онгоцыг устгах пуужингийн систем байхгүй тул цохилт өгсөн байх боломжгүй гэж АНУ-ын тал үзэж байна.

Өчигдөр унасан Bombardier E-11A загварын нисэх онгоц нь Афганистаны тэнгэрт тагнуулын үүрэг гүйцэтгэх зориулалттай байжээ. Ийм онгоц АНУ-ын агаарын хүчний бүрэлдэхүүнд дөрөвхөн ширхэг байдаг гэнэ.

 

Эх сурвалж: BBC