Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүн Д.Мурат, А.Сүхбат нар өчигдөр Засгийн газар болон УИХ-аас гаргасан агаарын бохирдлыг бууруулах хууль, тогтоомж хэрэгжилттэй танилцав.
Тэд сайжруулсан түлшний хангамж, хүрэлцээнээс эхлээд утаа мэдрэгч суурилуулсан айл өрхүүдтэй танилцаж, нам даралт, уурын зуухнуудад тавьсан шүүлтүүр үр дүнтэй байгаа эсэхийг холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.
Сайжруулсан шахмал түлшний хангамж хүрэлцээний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд тээвэрлэлт жигдэрч, өдөрт нийт 2,730 тоннын тээвэрлэлт хийж байгаа.
Баянзүрх, Сонгинохайрхан гэх томоохон дүүрэгт өдөрт 750-800 тонн шахмал түлшний түгээлт хийгддэг бол бусад дүүрэгт 150-400 тоннын түгээлт хийж, иргэдийн хэрэгцээг хангаж байна" гэлээ.
Мөн тэрбээр сүүлийн үед шахмал түлш савлах хүсэлтэй хүмүүс олширч байгааг онцлов.
Харин "Таван толгой түлш" ХХК-ийн "Дөлгөөн нуур-3" хангамжийн баазын нярав Б.Төмөрсүх “Чингэлтэй дүүргийн хувьд нэг хангамжийн, хоёр дундын баазтай бөгөөд борлуулалтын 46 цэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Бид өдөрт 70-90 түлшийг борлуулалтын цэгүүд рүү хүргэдэг.
Бааз дээр өдөрт хамгийн багадаа 30 хүн түлш савлах ажил хийж, хийснээрээ цалинждаг.
Үйлдвэрээс нийлүүлж байгаа түлш хүрэлцээтэй. Шинэ жилийн үеэр хангамжийн баазуудыг амарна гэж иргэд ойлгож оны өмнө хиймэл хомсдол үүсгэсэн байх” гэлээ.
Мөн “Сайжруулсан шахмал түлшний шуудай химийн хольцтой учраах шатаахад эргээд агаарын бохирдол үүснэ. Тиймээс энэ шуудайг дахин ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй” хэмээн УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлэв.
Тэрбээр “Агаарын бохирдлын эсрэг хийсэн Засгийн газрын ажлын дүнд бид талархах нь зүйтэй.
Гэхдээ сайжруулсан шахмал түлшний шуудай химийн хольцтой учир онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллагаас үнс, хогоо хий гэсэн чиглэлийг өгдөг ч хэрэгжихгүй байна.
Химийн хольцтой шуудайг шатаана гэдэг нь эргээд агаарын бохирдол үүсгэнэ” гэсэн юм.
Бид Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Цагаанчулууныд зочилж, угаар мэдрэгчийг зөв байрлуулсан эсэхтэй танилцав.
Тэрбээр “Би өөрөө цагдаагийн эргүүл хийдэг хүн. Өглөө оройдоо байнга эргүүлд гардаг. Улаанбаатар хотын утаа багассан. Сайжруулсан шахмал түлшнээс ямар ч утаа гардаггүй нь сайн хэрэг. Эргүүлд гарч байх хугацаанд 21:00 цагаас хойш хот заримдаа утаатай болдог нь анзаарагдсан. Энэ нь зарим иргэд түүхий нүүрс түлээд байгаа гэх хардлага төрүүлж байна.
Хэд хоногийн өмнө манайд угаар мэдрэгч суурилуулсан. Үе үе ногоон гэрэл асдаг” гэв.
Энэ тухай Д.Мөнхжаргал хэлэхдээ “Хэрвээ угаар мэдрэгдсэн тохиолдолд улаан гэрэл асаж, дуу гаргадаг. Угаар мэдрэгч гэрлээс 30 см, хаалга цонхноос 90 см хүртэл зайд байх ёстой бөгөөд байшингийн таазанд, аль болох агаарын урсгал бага газар байрлуулах нь зүйтэй.
Харин Монгол гэрт тооноос доош 30 см зайд багана дээрээ эсвэл харалдаа унинд байрлуулна.
Олон өрөөтэй айлын хувьд өрөө бүртээ байрлуулах хэрэгтэй. н.Цагаанчулуунгуайх зөв байрлуулсан байна" гэв.
Угаар мэдрэгчийг энэ сардаа багтаан гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулж дуусах бөгөөд иргэд угаар мэдрэгчийг ажиллаж байгаа эсэхийг шалгахдаа "reset" гэсэн товчлуурыг удаан дарж шалгах аж.
Утаа мэдрэгчийн гарын авлага:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!