Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Уурын зуухны уутан шүүлтүүрээс өдөр бүр 100 кг утааны хог тоосонцор гарч байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өргөдлийн байнгын хороо болон УИХ-ын гишүүн Д.Мурат, А.Сүхбат нар өчигдөр Засгийн газар болон УИХ-аас гаргасан агаарын бохирдлыг бууруулах хууль, тогтоомж хэрэгжилттэй танилцав.

"Зуухны уутан шүүлтүүрээс нь өдөр бүр 100 килограмм утааны хог тоосонцор гарч байна"

Нийслэлийн хэмжээнд нийт 530 гаруй уурын зууханд утаа шүүгч суурилуулжээ. Харин эдгээр утаа шүүгч хэр үр дүнтэй байгаатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай DZL-0.7 уурын зуухыг зорьсон юм.

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны ажилтан Д.Хүрэл “Улаанбаатар хотын том уурын зуухнуудад шүүлтүүр суурилуулснаар тоосонцруудыг 20 хувь бууруулсан гэсэн тооцоолол бий. Шүүлтүүр тавьсан үр дүн шууд нүдэнд харагдаж байгаа бөгөөд зуухны уутан шүүлтүүрээс нь өдөр бүр 100 гаруй килограмм утааны хог тоосонцор гарч байна.

Одоогоор Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 21 сургууль, цэцэрлэгийн уурын зуухыг буулгаад байгаа бөгөөд 4-т нь газан халаалт, 16-д нь цахилгаан халаалт, 1-д нь газрын гүний халаалтын системд шилжүүлсэн.

Цаашдаа ч цахилгаан болох газын эх үүсвэрт холбох зорилготой байна” гэв.

"Аравдугаар сарын 1-нээс түүхий нүүрс түлдэг асуудал огт байхгүй болно"

Түүнчлэн “100-гаас доош киловаттын жижиг халаалтын зуухнуудад утаа шүүгч суурилуулж, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл өгсөн учраас нийслэлийн хэмжээнд нийт 530 гаруй уурын зууханд утаа шүүгчийг суурилуулаад байна.

Өнгөрсөн жил 100-аас дээш болон доош киловаттын 700 гаруй уурын зуухыг буулгасан.

Ирэх 2020 оны аравдугаар сарын 1-нээс утаа шүүгч суурилуулаад түүхий нүүрс түлдэг асуудал байхгүй болно. Учир нь утаа шүүгч суурилуулж, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэр энэ сарын 1-нд гарсан" гэж Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал тайлбарлав.

"Зарим аймаг ч утааны асуудлаа шийдэх хүсэлт гаргаж байна"

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийслэлээс бидэнд өгсөн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50-55 хувиар, агаарын нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 38-42 хувиар буурсан бодит үзүүлэлт харагдсан. Энэ бол зөвхөн эхлэл. Гэхдээ үр дүнтэй эхлэл" хэмээн хэлсэн юм.

Мөн тэрбээр "Утаанаас салах арга хэмжээг бид сүүлийн 10 жил авсан ч үр дүн юу ч байгаагүйг гүйцэтгэлийн аудит харуулсан. Тиймээс түүхий нүүрсийг шат дараатайгаар хориглох арга хэмжээг Өргөдлийн байнгын хороо тогтоолоор өгсөн юм.

Энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар ч хариуцлагатай байж, 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Энэ нь түүхэн шийдвэр байсан гэдгийг 2019-2020 оны өвөл бидэнд харуулж байна.

Бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр жилд 80 тэрбум төгрөгийг зохион байгуулалттай цогц арга хэмжээнд ашиглахад ийм үр дүн гарч байна.

Гэтэл 2008-2018 онд нийт 750 тэрбум төгрөгийг үүнд зарцуулаад агаарын бохирдол буураагүй, харин ч өссөн. Магадгүй тэр үеэс жилд 75 тэрбум төгрөгийг үр дүнтэйгээр ингэж зарцуулж чадсан бол улаанбаатарчууд өнөөдөр утаа гэдгийг мартсан байх байсан.

Сүүлийн үед ганц Улаанбаатар гэлтгүй зарим аймаг ч Улаанбаатар хот шиг утааны асуудлаа шийдэх хүсэлт гаргаж байна. Тиймээс бид улсын хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглох, цаашлаад дэд бүтцийн асуудлаа шийдээд орон сууцжуулах асуудалд тууштай чиглэх ёстой” гэдгийг нэмж хэллээ.