О.Эрдэнэ-Отгон: Ханын материалд газраа чөлөөлөөгүй гурван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг дахин төлөвлөж, Ханын материал орчмыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй.

Төслийг 2025-2032 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 20.7 га талбайг хамарч, нэгдүгээр шатанд 12.6 га талбайд 1,800 айлын, хоёрдугаар шатанд 8.1 га талбайд 1,200 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөлттэй.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр эхний ээлжийн 1,800 айлын орон сууцны барилгын ажлыг “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд зургаан блок бүхий 690 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлд хүрчээ.

Барилгын блок тус бүрд хана, баганын арматурчлал, хэв хашмал угсрах, нэгдсэн дулаан зогсоолын барилга угсралт, давхар тус бүрийн цутгалт хийх, цонх суулгах зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Энэ тухай “Материалимпэкс констракшн” ХХК-ийн төслийн удирдагч П.Баатарцэрэн “Эхний ээлжийн зургаан блок барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төсөл нь нийт 12.6 га талбайг хамрах бөгөөд 400 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барихаар төлөвлөсөн.

Мөн ил авто зогсоол 550, дулаан зогсоол 870 гаруй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зам зэргийг цогцоор нь байгуулахаар төлөвлөж байгаа” гэлээ.

Газар чөлөөлтийн талаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн ерөнхий инженер О.Эрдэнэ-Отгон “Төслийн хүрээнд 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн. Үлдсэн гурван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын газраас зохион байгуулж байна” хэмээв.

Барилга угсралтын ажлыг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх, материал хангамжийг шуурхай зохион байгуулах зорилгоор төслийн талбайд 180 м.куб хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр байршуулжээ.

Санхүүжилтийн тухайд төслийн гүйцэтгэгч “Материалимпэкс” ХХК өөрийн хөрөнгөөр 1,800 айлын орон сууцыг барьж, бүтээн байгуулалт дууссаны дараа нийт барилгын 15 хувийг “Нийслэлийн Орон Сууцны Корпорац”-д шилжүүлэх бөгөөд түүнийг тухайн бүсийн хоёрдугаар ээлжийн газар чөлөөлөлтийн ажилд зарцуулах аж. Түүнчлэн улсын төсөвт 10 орчим тэрбум төгрөгийн татвар төвлөрөх тооцоолол гарчээ.