Ц.Сандаг-Очир: Хэдийгээр хүйтэрч байгаа боловч зарим баавгай ичихгүй байна. Ихэнх нь ичих ёстой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийт есөн аймагт 1,500 хүнтэй 98 хөдөлгөөнт бүлэг ажиллаж байгаа. Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн тоо цөөрч байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал өдөрт 50-60 дуудлага мэдээлэл ирдэг байсан бол өчигдрийн байдлаар долоон дуудлага бүртгэгдсэн.
Хөдөлгөөнт бүлгүүд зарим баавгайг орон нутаг руу нь үргээх арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар нийт 50 орчим баавгайг аюулгүй болгосон. Хөдөө орон нутгийн иргэд өвөлжөөндөө бууж байгаа учраас хүн хүч муутай, аюул хэвээр байгаа.
Манай яамнаас дөрвөн багц тендерийн сонгон шалгаруулалт хийлээ. Хоёр багц тендер дээр оролцогч компаниуд шалгараад гомдлын хоногоо хүлээж байна. Гомдлын хугацаа дууссан тохиолдолд гэрээ байгуулагдана.
Цаашид дунд болон урт хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай. Хэдийгээр цаг улирал хүйтэрч байгаа боловч зарим баавгай ичихгүй байгаа асуудлыг мэргэжлийн анчид ярьсан. Ихэнх нь ичих ёстой. Хавар баавгай ичээнээсээ гарсан үед идэш хоол тээж хайх асуудал эргээд гарах эрсдэл бий.
Ирэх жил манай яамнаас сүүлийн 40 орчим жил хийгдээгүй байгаа баавгайн тоо толгойг судлах ажлыг хийхээр бэлтгэл ажил хангаж байгаа" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
