Г.Очмаа: Бавари мужийн орон нутгийн сонгуульд 2020 онд анх өрсөлдөхдөө хотын даргынх нь дараа орох санал авсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрийн урилгаар тус айлчилж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Берлин хотноо “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн /2026.10.20/ нээлтээ хийв. Тус үзэсгэлэнд Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзмэрүүд дэлгэгдлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд мэргэжлийн судлаачдаас гадна тус улсад ажиллаж амьдардаг монгол иргэд оролцсон. Тэдгээр иргэний нэг Г.Очмаатай ярилцсанаа хүргэе. Тэрбээр ХБНГУ-ын Бавари мужид Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажилладаг монгол эмэгтэй юм.
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
- Монголчууддаа энэ ярилцлага хүрэх өдрийн мэндийг хүргэе. Намайг Г.Очмаа гэдэг. Би Герман улсад 2011 оноос хойш амьдарч, энэ нутгийн хүнтэй гэр бүл болсон. Би Бавари мужийн Грэфелфинг хотын иргэдийн хурлын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
- Германы хотын орон нутгийн сонгуульт байгууллагад монгол хүн хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа нь сонирхол татаж байна. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
- Би ХБНГУ-ын Бавари мужийн Грэфелфинг хотын Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа ганц монгол хүн юм. Надаас гадна 23 төлөөлөгч байдаг.
Баварийн орон нутгийн сонгууль зургаан жилийн циклтэй болдог.
Ингээд дараагийн буюу 2026 оны сонгуульд би дахин нэр дэвшин сонгогдоод ажиллаж байна.
- Орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд ямар шаардлага тавьдаг вэ?
- Хамгийн чухал нь иргэдэд танигдсан байх хэрэгтэй. Анх SCU намаас надад нэр дэвшин санал тавихад би татгалзсан. "Намайг хэн сонгох юм" гэж гайхаж байсан. Тэгэхэд "Та их идэвхтэй ажиллаж амьдардаг. Өндөр настай, ядуу буурай хүмүүст тусалдаг, өрх толгойлсон хүмүүс болон хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг тань санал авах боломжтой" гэсэн. Намаас маань ингэж урам зориг өгснөөр би анх удаа сонгууль өрсөлдөж ялалт байгуулж байлаа.
- Германы засаглал, улс төрийн намын зохион байгуулалт Монголынхтой төстэй талуудтай санагдлаа.
- Герман Улсад орон нутгийн засаглал хүчтэй байдаг. Зарим тохиолдолд тухайн орон нутгийн хууль, дүрэм Холбооны улсын хуулиас хүчтэй үйлчилдэг. Тухайн хотын засаг дарга нь иргэдийн хуралтайгаа эсвэл тойргийн муж нь тойргийн засгийн газартайгаа бие даан шийдвэр гаргах боломжтой байдаг. Заавал Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын шийдвэр, захирамжийг харах шаардлагагүй үе ч байна.
- Та орон нутгийн сонгуульт ажлаас гадна Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч ажилладаг гэсэн. Нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
- Герман-Монголын нийгэмлэг нь 1973 онд буюу манай хоёр улс албан ёсны харилцаа тогтоохоос нэг жилийн өмнө байгуулагдсан.
Манай нийгэмлэгийн үйл ажиллагаа хоёр орны эрдэм шинжилгээ, соёлын салбарыг холбож ажиллахад чиглэдэг. Мөн монголын соёл, ахуйг энэ орны иргэдэд таниулах, гаднын орнуудын бизнес эрхлэгчдийг монголчуудтай холбох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
