SpaceX, Tesla компаниудыг нэгтгэх асуудалд нухацтай хандаж байгаагаа Илон Маск мэдэгдэв
Технологийн тэрбумтан Илон Маск өөрийн хамгийн алдартай хоёр компаниуд болох Tesla болон SpaceX-ийг нэгтгэх асуудлыг нухацтай судалж байгаагаа мэдэгджээ.
Мягмар гарагт SpaceX компанийн улирлын үр дүнг танилцуулах хурлын үеэр Маск "Энэ санаа надад таалагдаж байгаа юу гэж үү? Тийм ээ" гэж хэлсэн байна.
Ингэж нэгтгэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай ч уг асуудлыг судлахаар хоёр компанийн дотор тусгай хороод байгуулагдсаныг Маск нэмж мэдээлжээ.
"Тусгай хороод нэгтгэх нөхцөлүүдийн талаар хараахан тохиролцоонд хүрээгүй, цаашид тохиролцоно гэсэн баталгаа ч байхгүй. Гэхдээ хоёр компанийг нэгтгэх нь олон давуу талтай бөгөөд ихээхэн үр өгөөж авчирна гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.
Tesla ойролцоогоор $1.5 их наяд, SpaceX $2 их наядын зах зээлийн үнэлгээтэй байгаа тул тэдгээрийг нэгтгэвэл энэ нь түүхэнд бичигдэх томоохон нэгдлүүдийн нэг болно.
Мягмар гарагт SpaceX-ийн хувьцааны ханш биржийн үндсэн арилжаа хаагдсаны дараа 8 хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Маск өөрийн эзэмшлийн олон компаниудыг цөөн хэдэн үндсэн бүтцэд нэгтгэх алхмуудыг хэрэгжүүлж байгаа.
Энэ оны эхээр SpaceX компани xAI болон өмнө нь Twitter нэртэй байсан X платформыг (хоёулаа Маскийн эзэмшилд байсан) өөртөө нэгтгэсэн юм.
Tesla болон SpaceX-ийн хамтын хүчин чармайлтаар компьютерын чип үйлдвэрлэх "Terafab" төслийг эхлүүлсэн нь Маск өөрийн компаниудыг хамтран ажиллавал үед илүү үр дүнтэй байж чадна гэж үздэгийг харуулсан бас нэг илрэл болсон юм.
Мягмар гарагт Маск хэлэхдээ хоёр компанийг бүрэн нэгтгэх нь чип, хиймэл оюун ухаан, программ хангамж болон бусад чиглэлээр тус тусдаа явагдаж буй ажлуудын хувьд оновчтой шийдэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ оны дундуур SpaceX-ийг хөрөнгийн зах зээлд гаргасны дараа дэлхийн анхны “цаасан дээрх" их наядтан болсон Маск энэхүү томоохон нэгдлийг хэлэлцэж буй тусгай хороодын аль алинд нь оролцоогүйгээ баталсан байна.
Тэрбээр Tesla болон SpaceX компанийн гүйцэтгэх захирлын хувьд өөрийгөө "ашиг сонирхлын зөрчилтэй этгээд" гэж тодорхойлжээ.
Хоёр компанийг нэгтгэх боломжийн талаар ярихдаа Маск үүнийг "тэсрэх бөмбөгтэй талбай дээр бүжиглэхтэй адил” гэж тодорхойлсон байна.
Теслагийн хувьцаа эзэмшигчдийн дор хаяж 50 хувь нь энэхүү нэгдлийг дэмжих шаардлагатай бөгөөд Маск үүнийг "давахад нэлээд өндөр саад" гэж дүгнэжээ.
Хувьцаа эзэмшигчид өмнө нь ч Маскийн хүсэл, санаачилгыг дэмжиж байсан удаатай. Тухайлбал өнгөрсөн онд Теслагийн хөрөнгө оруулагчдын олонх нь ойролцоогоор $1 их наядын үнэлгээ бүхий урамшууллын багцыг Маскт олгохыг дэмжиж байв.
Тесла нь цахилгаан автомашин үйлдвэрлэгч гэдгээрээ танигдсан хэдий ч Маск сүүлийн үед тус компанийн нөөц бололцоог робот техникт чиглүүлж эхлээд байгаа.
SpaceX компани хөрөнгийн зах зээлд анх хөл тавихдаа үнэлгээний хувьд Теслаг хурдан хугацаанд гүйцэж, түрүүлсэн юм.
Сансрын пуужин болон Старлинк интернэт хиймэл дагуулуудыг бүтээдэг тус компани одоо үйл ажиллагаагаа тэлж, Anthropic, Google зэрэг бусад технологийн компаниудад үүлэн тооцооллын (cloud computing) хүчин чадлыг санал болгож эхлээд байна.
Энэхүү бизнесийн чиглэл нь одоогоор SpaceX-ийн хамгийн ашигтай салбар болж, сүүлийн улирлын тайлангаар $7.5 тэрбумын орлого оруулжээ. Гэсэн хэдий ч тус компани нийт дүнгээр нь авч үзвэл энэ онд одоогоор $1.1 тэрбумын алдагдалтай ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
