Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өчигдөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллагын хийж буй ажилтай танилцсан.
Энэ үеэрээ Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн их багтаамжийн дизель хөдөлгүүрийн автобуснуудад суурилуулсан дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүх төхөөрөмж агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхийг сонирхсон юм.
Япон улсын "Жайка" байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн их багтаамжийн дизель түлшийн автобусанд DPF буюу дизель хөдөлгүүрийн тортогжилт шүүгчийг 24 автобусанд суурилуулсан. Тус ажиллагаатай нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨАТҮГ-ын 9 автобусанд суурилуулжээ.
Мөн тус компани Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Эко цахилгаан автобусыг ирэх долоо хоногоос хотын төвийн чиглэлүүдэд туршилтанд гаргахаар болж буй тухай ярив.
Энэ тухай Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар хэлэхдээ “Манайх олон цахилгаан автобус туршиж байгаа. Тэдгээр туршилтын автобуснаас Зорчигч тээврийн нэгтгэлд 10 ирсэн. Одоогоор монгол инженерүүд Монгол стандартад нийцүүлж, техникийн хувьд туршилтын арга хэмжээг авч байна.
Автобусууд дулаан оронд байсан автобус учраас тос нь болохгүй байна гэсэн асуудал туршилтын явцад гарч байна" гэв.
Мөн тэрбээр, "Энэхүү 12 метр урт, 36 хүний суудалтай цахилгаан автобусыг долоо хоногийн дараа туршилтад гаргаж, төв замаар явуулахаар төлөвлөж буй” гэдгийг онцлов.
Түүнчлэн "Уг цахилгаан автобус нь дулааны улиралд 200 километр явах чадалтай бөгөөд гурван сарын хугацаанд туршиж үзээд үнэлэлт дүгнэлтээ өгнө" хэмээн инженерүүд хэлж байлаа.
Мөн тэдгээрийг "Зориулалтын цэгээс 8-15 минутанд бүрэн цэнэглэх боломжтой. Цэнэг нь -50-аас +60 градуст нурахгүй цэнэглэлтийнхээ өндөр хүчдэлийг даадаг онцлогтой" гэдгийг тайлбарлав.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ "Цаашдаа Нийслэлийн Засаг даргын тамгын газар олон улсын стандартад нийцсэн эко автобусанд чиглэсэн бодлого баримталж байгаа.
Учир нь одоо 10-11 жил болж, ашиглалтын хугацаа нь дуусаж буй автобусанд шүүлтүүр суурилуулах нь үргүй зардлын нэг болно" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!