Ким Жон Ун нас барсан тухай цуурхал тарсны дараа Умард Солонгосын төв хэвлэл гэрэл зургуудыг нь нийтэллээ
Ким Жон Ун тархины цус алдалтаас болж нас барсан тухай цуурхал тарсны дараа Умард Солонгосын төрийн хэвлэл түүнийг гайхалтай эрүүл саруул харагдуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.
Родон Шинмун сонинд нийтлэгдсэн гэрэл зургуудад 42 настай дарангуйлагч охиныхоо хамт хувцас, гутлын үзэсгэлэн үзэж байгааг харуулсан байна.
Үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ-д амьдардаг Хятадын нэгэн тэрс үзэлтэн түүнийг Бээжингийн эмнэлэгт ухаангүй хүргэгдээд нас барсан гэх мэдээллийг ямар нэг нотлох баримтгүйгээр өгсөн юм.
Умард Солонгосыг гаднаас нь анхааралтай ажигладаг хүмүүсийн хувьд энэ төрлийн цуурхал бараг л ердийн зүйл болсон байдаг.
Учир нь дэлхийн хамгийн нууцлаг улсуудын нэгэнд баримтыг баталгаажуулахад хэцүү байдаг тул янз бүрийн сэжиг таамаг байнга яригдаж байдаг юм.
Энэхүү хамгийн сүүлийн мэдээлэл нь Хятадын эрх баригчдын хориглосон бүлэг болох Хятадын Ардчилсан Намын дарга гэж өөрийгөө тодорхойлдог Ванжун Шегээс гарсан юм.
Тэрбээр өмнө нь Хятадын удирдагч Ши Жиньпиний үхлийн талаар бас баталгаагүй мэдээлэл тарааж байжээ.
Кимийн тархинд цус харваж, Умард Солонгост эмчлэх боломжгүй болсон тул Бээжин рүү шилжүүлсэн гэж Ше мэдээлсэн байна.
Тэр бас Ким эмнэлэгт нас барсан, түүний цогцсыг Умард Солонгост нууцаар буцааж өгсөн, Пёняны дэглэм түүний үхлийг нууцалж байгааг мэдээлжээ.
Гэсэн хэдий ч гэрэл зургууд түүний мэдэгдлийг үгүйсгэж байна.
Ким гэрэл зургууд дээр охин Ким Жү Эй болон албан тушаалтнуудын хамт үзмэрүүдийг шалгаж байгаагаар дүрслэгджээ.
Эдгээр зургуудыг яг хэзээ авсныг мэдэх боломжгүй байна.
Гэхдээ Шегийн тараасан мэдээлэлд эргэлзэх өөр шалтгаанууд бий. Хэрэв Кимийн эрүүл мэнд гэнэт муудвал Умард Солонгосын хил дагуу шинж тэмдэг илрэх магадлалтай.
Хятад улс тогтворгүй байдал эсвэл дүрвэгсдийн урсгалд бэлтгэхийн тулд хилийн дагуу аюулгүй байдлаа чангатгах нь бараг тодорхой.
Умард Солонгосын дипломат төлөөлөгчийн газруудын эргэн тойронд үйл ажиллагаа бас идэвхжиж магадгүй юм.
Өмнөд Солонгост дүрвэсэн Умард Солонгосын иргэд Хятадын хил дагуух албан бус сүлжээгээр дамжуулан мэдээлэл олж авдаг. Энэ шугамаар Кимийн эрүүл мэндтэй холбоотой ямар нэг мэдээлэл тараагүй байна.
Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан бас Ёнхап агентлагт уг мэдээллийг батлах зүйл илрээгүйг мэдээлжээ.
Үүнээс өмнө 2020 онд Умард Солонгосоос дүрвэсэн өндөр албан тушаалтан Ким зүрх судасны мэс заслын дараа нас барсан гэдэгт "99% итгэлтэй" байгаагаа мэдэгдэж байв.
Удалгүй Ким олон нийтийн өмнө гарч ирснээр уг мэдэгдэл няцаагдсан юм.
Гэхдээ иймэрхүү цуурхал үе үе гардаг нь зарим шалтгаантай. Эхний шалтгаан нь залгамж халааны асуудал юм.
Кимийн гэр бүл Умард Солонгосыг гурван үеэрээ захирч байгаа ч Ким Жон Уны дараа юу болох нь өмнөх үеийнхнээсээ илүү бүрхэг байна.
Ким Ил Сун хүү Ким Жон Илээ залгамжлагчаар бэлдэхэд хэдэн арван жилийг зарцуулсан. 1994 онд Ким Ил Сун нас барахад залгамжлах төлөвлөгөө хэдийнээ бэлэн болсон байлаа.
Харин Ким Жон Уны залгамжлал илүү хурдан бөгөөд илүү тогтворгүй байсан. 2008 онд Ким Жон Ил цус харвасны дараа түүний бага хүү албан тушаалд хурдтай дэвшсэн.
2011 онд аав нь нас барах үед түүнийг ирээдүйн удирдагч гэж олон нийтэд танилцуулж байв.
Гэсэн хэдий ч Ким Жон Ун эрх мэдлээ бэхжүүлж, өрсөлдөгчдөө цэвэрлэж, аюул заналыг арилгахад олон жил зарцуулсан.
Өнөөдөр Өмнөд Солонгосын тагнуулын алба түүнийг охиноо залгамжлагч болгон бэлтгэж байж магадгүй гэж үздэг. Тэрбээр өндөр хэмжээний арга хэмжээнүүдэд охиноо дагуулан явах нь улам бүр нэмэгдэж байгаа.
Гэхдээ түүний охин ердөө 13 настай. Умард Солонгосыг хэзээ ч эмэгтэй хүн удирдаж байгаагүй бөгөөд түүнийг албан ёсны залгамжлагчаар томилоогүй байгаа. Түүний хэт залуу нас нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хүчин мөхөстүүлж магадгүй.
Энэ бүх тодорхойгүй байдал нь Кимийн эрүүл мэндийн талаарх цуурхал яагаад ийм их анхаарал татдагийг ойлгоход тусалж байна.
Хоёр дахь шалтгаан нь Кимийн эрүүл мэндийн байдал юм.
Тэр илүүдэл жинтэй бөгөөд тамхи их татдаг. Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын Алба түүний амьдралын хэв маяг нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг талаар удаа дараа анхааруулж байсан. Зүрхний өвчин, цус харвалт нь Кимийн гэр бүлд байсаар ирсэн өвчин.
Хэрэв Кимд ямар нэгэн зүйл тохиолдвол хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд эрсдэл өндөр юм. Удирдлагын гэнэтийн хямрал нь Умард Солонгосын цөмийн зэвсгийг хяналт, улс төрийн тогтворгүй байдал зэрэг ноцтой асуудлуудыг бий болгоно.
Эрх мэдлийн төлөөх тэмцэл нь хатуу үзэлтнүүдийг түрэмгий үйлдэл гаргахад хүргэх боломжтой.
Хятадын хил дагуух үймээн самуун дүрвэгсдийн хямралыг өдөөвөл энэ нь зөвхөн Бээжин, Сөүл төдийгүй Өмнөд Солонгост 28,000 орчим цэрэг байрлуулсан Вашингтоны ч санааг бас зовоох юм.
Тиймээс тагнуулын байгууллагууд Ким Жон Уныг анхааралтай ажиглаж, аливаа тохиолдолд бэлэн байдаг.
Умард Солонгос мэдээллийн хувьд “хар нүх” хэвээр байгаа тул худал цуурхал амархан тардаг. Зөвхөн цөөн тооны хүн л удирдагчтайгаа тогтмол харьцдаг гэсэн мэдээлэл бий.
Тагнуулын байгууллагууд хүртэл найдвартай мэдээлэл олж авахад бэрхшээлтэй тулгардаг бөгөөд олдсон мэдээллийн ихэнх нь баталгаагүй байдаг.
Заримдаа Пёняны дэглэм улс орны дотроо юу болж байгааг нуун дарагдуулахын тулд зориуд төөрөгдөлд оруулах мэдээллийг өөрөө гадагш тараадаг гэх сэжиг таамаг бас яригддаг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
