ИРГЭН: Толгойт-Эмээлт өртөөг төмөр замаар холбохдоо орц, гарц шийдээгүйгээс тухайн бүсийн оршин суугчид "арал" дээр хашигдсан
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам энэ сарын 11-нд нээгдэн ашиглалтад орсон.
127 км урт энэхүү төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Толгойт-Эмээлт өртөөг холбох хэсэгт төмөр замын гарам шийдээгүйгээс тухайн суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэн О.Баттулга манай редакцад хандлаа.
Түүнээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
- Төмөр замын бүтээн байгуулалт эхлэхээс өмнө нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлсэн болов уу. Та бүхэн ямар нэг санал өгсөн үү?
- Тухайн бүтээн байгуулалт эхлэх гэж байгаа талаар мэдэгдээгүй. Нэг л өдөр ажил нь эхэлсэн. Энэ үед нь бид хороондоо хандсан. Хорооны Засаг дарга уг нь нарийвчилсан үнэлгээн дээр хурал хийх ёстой гэсэн боловч хурлын тов гаргаагүй. Хуулийн дагуу 30 хоногийн дотор хурлаа зарлаагүй бол хүлээн зөвшөөрснөөр тооцогдож, ажил явдаг юм байна. Энэ зарчмаар явчихсан.
Мөн бид Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд есдүгээр сарын 14-нд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга, Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр нарт хаяглан гомдол гарсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд хамтдаа тухайн гомдол гарын үсгээ зурцгаасан.
- Та бүхэнд эргээд ямар хариу өгсөн бэ?
- Гүйцэтгэгч нь "Монголын Төмөр Зам" компани. Бид энэ компанитай биечлэн очиж уулзахад инженерүүд орц, гармын асуудлыг сайдын тушаалаар шийддэг тул сайдад ханд гэсэн. Сайдад хандсан боловч Зам, Тээврийн Яамнаас ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй.
- Үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлынхаа талаар та дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
- Манай урд талд Туул гол бий. Хойд зүгт нэгдсэн төлөвлөлттэй замын трасс гэж байдаггүй, дур дураар нь дүүргээс газар олгочихсон тул аль чөлөө завсартай гудамж, тохойгоор л явдаг байсан. Нэг өдөр явахад маргааш нь хашаалчихна, тэгээд л өөр замаар тойрч явдаг байлаа. Харин одоо хойд талд дөрвөн метр өндөртэй төмөр замын далан босгочхоор бид "арал" дээр хашигдчихаж байгаа юм.
Манай орчимд нэг эмнэлэг, улсын онцгой объектод хамаарах хоёр газар байдаг нь Навигацын төв, Дотоодын цэргийн 013 дугаар ангийн буудлагын төв. Мөн 4-5 аж ахуйн нэгж байгаа. Эдгээр байгууллагын ажилтнууд ажилдаа ирж, очих боломжгүй болсон. Олон жил амьдарсан 20 гаруй айлын эрх ашиг хөндөгдсөн. "22-ын авто худалдааны төв"-д автобусны эцсийн буудал бий. Тийшээ оюутнууд явган алхаж хичээл сургуульдаа явдаг. Энэ мэт зорчих хөдөлгөөн тэр чигтээ хаагдаж байна. Энэ талаар бид Баасан гарагт 10:00 цагт хэвлэлийн хурал хийж, үүссэн нөхцөл байдлыг харуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
