Г.Тэмүүлэн: "Онтре" компани татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш

Н.Эрхбаяр, iKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны зургаадугаар сард Оюутолгойн бүлэг ордын хоёр лицензийн эзэмшдэг "Онтре" компани лицензийн шилжүүлэлтэд оногдох татвараа өөрсдөө тооцоод татварын дансанд 24.3 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн уг асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Та бүхэнд нэг зүйл хэлье "Онтре" компанийн тусгай зөвшөөрөл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хамааралгүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хоёрхон тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулах эрх нь байгаа. 

Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээний хөнгөлөлт чөлөөлөлт, давуу эрхийг эдэлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед "Онтре" компани тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Тухайн процессын дагуу хугацаандаа энэ зөвшөөрлийг шилжүүлээгүй. Одоо бол тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, татвар төлсөн мэтээр мэдээлэл хийж байна. 

Аж ахуйн нэгж байгууллагууд татвараа урьдчилаад төлж болдог. Гэтэл тухайн хууль журмын дагуу төлөх ёстой татвараа төлсөн бол хүлээж авна. Тухайн аж ахуйн нэгж татвараа сайн дураараа төлчихсөн байвал оны эцэст буцаагаад шилжүүлнэ.

"Онтре" компани татвар төлснөөр тусгай зөвшөөрөл шилжсэн гэсэн үг биш. Хуульд заасан шаардлагуудыг биелүүлэх ёстой. "Онтре" компанийн тусгай зөвшөөрөл шилжсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

Албан ёсны гэрээ хэлэлцээрийн ширээний ард суугаад Оюутолгой төслийн хүрээнд олборлолтод оруулж ашиглах хүсэлт тавивал хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг болгож болно. Гэхдээ үр өгөөж хэрхэн хуваах талаар тохирно. "Онтре" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх одоогийн хууль тогтоомжоор нээлттэй байгаа" гэв.

ВИДЕО: