Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсөл хэрэгжиж буй дөрвөн хорооны иргэдийг 5-10 уут үнс тутамд нэг уут түлшээр урамшуулах боломжтой"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарч буй үнсийг дахин боловсруулж ашиглах боломжийг судлах, хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан билээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сайжруулсан шахмал түлшний үнсийг дахин боловсруулах төсөл эхэлсэн үү?

-Гэр хорооллын үнсийг ангилж ялган болосвруулах ажил анх удаа хийгдэж байна. Сайжруулсан түлшний үнсийг бид хэд хэдэн лабораториор шинжилгээ хийлгүүлээд байна. Барилгын материал болон замын бродьюр, газрын нөхөн сэргээлт гэх мэт ажилд ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

Дутуу шаталт үүссэн хэсгийг барилгын материал үйлдвэрлэж байгаа газрууд шигшиж ялган боловсруулах боломж бий.

Эхний ээлжид бид төслөө нийслэлийн зургаан дүүргийн 12 хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Төслийн хүрээнд хийгдэж буй ажлаас дурдвал?

-Эхний ээлжид төсөл явуулж эхэлсэн дөрвөн хороондоо иргэдийг үнсээ ахуйн хог хаягдлаасаа яаж ангилж, савлан бэлтгэж өгөх дээр сургалт явуулж байна.

Уг төслийн зохион байгуулах хороо, дүүргийн дарга нар болон хариуцсан мэргэжилтнүүдийг ч сургаж байгаа.

Төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэд ямар ч хог хаягдлын хольцгүй, дахин боловсруулах шаардлагад нийцүүлэн үнсээ ялгаж сурах хэрэгтэй.

-Дахин боловсруулах шаардлагад нийцэхээр ангилан ялгасан иргэдэд ямар нэг урамшуулал олгох уу?

-Сайжруулсан түлшний үнс нь 29 хувийн үнслэгтэй гэсэн судалгааны дүн гарсан. Энэ нь 30 уут түлш тутмаас 10 уут үнс гарна гэх тооцоолол юм.

Тиймээс төсөл хэрэгжиж буй хороодын иргэдээс авч буй 5-10 уут үнс тутамд нэг уут сайжруулсан шахмал түлшээр урамшуулах боломжтойгоор зохицуулсан.

Гэхдээ энэ төсөл дөнгөж эхэлж, тодорхой хороодод явагдаж байгаа учраас иргэд шууд шуудайтай үнсээ борлуулалтын цэгт аваачиж оронд нь түлш нэхэж болохгүй гэдгийг анхааруулмаар байна.

-Түлш борлуулах цэгт үнсээ өгөөд нэг шуудай түлшээ авах боломжтой юу?

-Сайжруулсан шахмал түлш “Сайн” картаар олгогддог. Айлуудын хог хаягдлыг ачихдаа тухайн айл хэдэн шуудай үнс тушааж буй мэдээллийг сайн картаар уншуулахад таван шуудай тутамд нэг шуудай сайжруулсан шахмал түлш үнэгүй авах эрх нь орж байхаар зохицуулагдсан.

Өөрөөр хэлбэл, хог ачих явцад л үнсээ тусдаа ялгаж авна гэсэн үг. Энэ тал дээр нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компанитай хамтран туршилтыг хийж байгаа.

Туршилтын төсөл дөнгөж эхэлж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хоёр, хоёр хороонд эхлүүлсэн байна.

Хэрвээ дөрвөн хороонд хэрэгжиж буй төсөл амжилттай болбол цаашид нийслэлийн 95 хороонд зуун хувь үнсийг ангилж ялгах, боловсруулах боломжтой.