Трампын засаг захиргаа гадаадын иргэдэд олгосон 300,000 гаруй визийг цуцалснаа зарлалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш гадаадын иргэдэд олгосон 300,000 гаруй визийг цуцлаад байгааг төрийн департамент Мягмар гарагт зарлажээ.

Энэхүү тоо баримт нь сүүлийн долоо хоногуудад виз цуцлах үйл явц эрчимжсэнийг харуулж байна.

Үүнээс өмнө наймдугаар сарын 10-ны өдөр төрийн департамент 2025 оны нэгдүгээр сард Трампын одоогийн бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш цуцлагдсан визийн тоог 175,000 гаруй гэж мэдээлж байв.

Трамп өөрийн хэрэгжүүлж буй цагаачлалын хатуу бодлого, хууль бус цагаачдыг албадан гаргах үйл ажиллагааг дотоодын аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж зөвтгөдөг.

Харин хүний ​​эрхийн төлөө тэмцэгчид энэхүү хатуу арга хэмжээ нь хууль ёсноос гадуур хэрэгжиж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж, хүмүүсийн амьдралд аюул учруулж байна гэж үздэг.

Ялангуяа үндэстний цөөнхийн бүлгүүдэд арьс өнгө, угсаа гарвалаараа ялгаварлан гадуурхагдах эрсдэл үүсэж байгаа гэж үздэг юм.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг олон нийтийн сүлжээгээр зарлахдаа Трампын засаг захиргаа "бусад бүх засаг захиргаатай харьцуулахад түүхэнд байгаагүй илүү олон визийг, илүү хурдтайгаар цуцалсан" хэмээн бахархалтайгаар мэдэгджээ.

Түүний хэлснээр засаг захиргаа нь "хууль зөрчсөн, залилж мэхэлсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын иргэдийн хувьд ямар ч өршөөл үзүүлэхгүй" гэсэн байр суурьтай байгаа аж.

Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс онцгойлон шүүмжилж буй виз цуцалсан тохиолдлуудын дунд АНУ-ын холбоотон Израиль улсаас Газын зурваст хийж буй дайныг эсэргүүцсэн,  Палестиныг дэмжигч гадаадын иргэдийн визийг, мөн консерватив үзэлт баримтлалыг сурталчлагч Чарли Киркийг хөнөөсөн аллагын талаар сошиал сүлжээнд сэтгэгдэл бичсэн гадаадын иргэдийн визийг цуцалсан явдал багтаж байна.

Трампын засаг захиргаа өөр үзэл бодолтой гадаадын иргэдийг албадан гаргахаас гадна цагаачид болон виз хүсэгчдийн сошиал сүлжээн дэх үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгасан юм.

Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн үзэж байгаагаар Трамп "үндэсний аюулгүй байдал”-аар шалтаглан өөрийн засаг захиргааг шүүмжлэгчдийг онилж, мөн залилангийн хэргийн цөөн хэдэн тохиолдлыг ашиглан Миннесота муж дахь Сомали гаралтай америкчууд зэрэг цагаачдын бүлгүүдийг бүхэлд нь чиглэсэн арга хэмжээ авч байгаа гэнэ.

Трамп 2024 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачлалыг зогсоох тухай ярьж байсан ч түүний засаг захиргаа хууль ёсны цагаачлалыг ч мөн илүү хүндрэлтэй болгосон юм. Тухайлбал ажил хөдөлмөр эрхлэлтийн тодорхой төрлийн визүүдийн хураамжийг өсгөснөөр АНУ-ын компаниуд нарийн мэргэжлийн хүмүүсийг гадаадаас олж авах босго өндөрсөөд байна.

 

Эх сурвалж: Reuters