Саудын Арабын агаарын орон зайг хамгаалахын тулд Их Британи улс сөнөөгч онгоцнуудаа илгээх шийдвэр гаргалаа
Йемений босогчдын Хусит бүлэглэлийн пуужин болон дроны халдлага эрчимжиж буйтай холбогдуулан Саудын Арабыг хамгаалахын тулд Их Британи улс өөрийн "Typhoon" сөнөөгч онгоцнуудыг илгээхээр болсноо зарлажээ.
Ерөнхий сайд Энди Бернхэмийн зөвшөөрснөөр хэрэгжих энэхүү хамгаалалтын ажиллагаа нь Ираны дэмжлэгтэй тус бүлэглэлийн агаарын халдлагаас Саудын Арабын хотууд болон дэд бүтцийг хамгаалахад чиглэх юм байна.
Энэхүү шийдвэр нь Саудын Арабын нийслэл Эр-Рияд хот болон тус улсын эрэг орчмын эрчим хүчний байгууламжууд руу Хуситууд халдсаны дараа гарч байна.
Мягмар гарагт батлан хамгаалахын сайд Уэс Стритинг бичгээр гаргасан мэдэгдэлдээ "Эдгээр онгоцнууд нь зөвхөн хамгаалалтын үүрэг гүйцэтгэх бөгөөд Хуситуудын эсрэг довтолгооны ажиллагаанд оролцохгүй" гэж тайлбарлажээ.
Хусит босогчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Йемений засгийн газартай дайтаж байгаа бөгөөд уг засгийн газрыг Саудын Араб дэмждэг юм.
Хуситууд 2014 онд Йемений нийслэл Санаа хотоос албан ёсны засгийн газрыг хөөн гаргасан түүхтэй.
Йеменд тогтоогоод байсан түр гал зогсоох хэлэлцээр нуран унасны дараа буюу есдүгээр сараас хойш Саудын Араб улс өөрийн агаарын орон зайг Хуситуудын халдлагаас хамгаалахад хүндрэлтэй тулгараад байна.
Хуситууд эхлээд Йемений албан ёсны засгийн газрын эсрэг шинэ давшилт эхлүүлж, стратегийн чухал ач холбогдолтой Баб-эль-Мандебын хоолойг хяналтдаа авсан.
Саудын Арабын агаарын хүчний дэмжлэгтэйгээр Йемений засгийн газрын цэргүүд сөрөг довтолсон бол хариуд нь Хусит босогчид Саудын Арабын нутаг дэвсгэрийн гүн дэх байгууламжуудад агаараас довтолж эхэлсэн юм.
Тэд өнгөрсөн хугацаанд Саудын Арабын дэд бүтэц, тэр дундаа Хаан Халид олон улсын нисэх буудал, эрчим хүчний байгууламжууд болон гол боомтууд руу амжилттай довтолжээ.
Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Хуситуудын зүгээс тус улсын нисэх буудлуудад явуулсан халдлагын улмаас нийт 19 хүн амиа алдсан байна.
Аравдугаар сарын 10-ны өдөр Эр-Рияд хотын олон улсын нисэх буудал пуужингийн цохилтод өртсөний улмаас 13 хүн амиа алдаж, 308 хүн шархадсан нь сүүлийн арван жилийн хугацаанд Саудын Арабт гарсан хамгийн хор хөнөөлтэй халдлага болсон юм.
Хуситууд өөрсдийн хяналтад байдаг Йемений баруун хэсэг, тэр дундаа нийслэл Санаа хот руу довтолсны хариуг ийнхүү барьж байна.
Нөгөө талд ч хохирол учирч байгаа. Хуситуудын удирддаг эрүүл мэндийн яамны мэдээлснээр есдүгээр сарын 3-ны өдрөөс хойш Саудын Арабын агаарын болон их бууны цохилтод дор хаяж 141 хүн амиа алдаж, 395 хүн шархаджээ.
Үүнээс гадна засгийн газрын эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр наймдугаар сарын 6-наас хойш Йемен даяар өрнөсөн мөргөлдөөнд хамгийн багадаа 1,282 хүн амиа алдсан байна.
Саудын Араб энэ оны эхээр Ираны дайралтын эсрэг агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нөөцийнхөө ихэнх хэсгийг ашигласан тул одоо Хуситуудын харвасан пуужин, нисгэгчгүй онгоцыг эсэргүүцэхэд бэрхшээлтэй тулгараад байгаа.
Тус улсын газар нутгийн асар том хэмжээ нь агаарын довтолгооноос хамгаалах боломжийг хангахад хүндрэл учруулж байна.
Их Британийн сөнөөгч онгоцнууд Саудын Арабын агаарын орон зайн хамгаалалтад тусалснаар өөрийн онгоцнуудыг Хуситуудын эсрэг ашиглах боломжтой болох юм.
Их Британи улс мөн Саудын Араб доторх батлан хамгаалах тоног төхөөрөмжийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих зорилгоор цэргийн зөвлөхүүд болон RAF A400M тээврийн онгоцыг байршуулахаар болжээ.
Тус улс бас Саудын Арабт агаарын довтолгооноос хамгаалах тоног төхөөрөмж нийлүүлж, нисэх онгоцыг агаарт шатахуунаар цэнэглэх тоног төхөөрөмжөөр аль хэдийн хангаж эхлээд байгаа.
Өчигдрийн шийдвэрийн дагуу агаарт шатахуун цэнэглэх тусламжийн хугацааг дахин 90 хоногоор сунгажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
