Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

АРДЧИЛАЛ 30 ЖИЛД: Ололт, сургамж

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 12 сарын 31
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

АСХ-ний Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн: Цохиогийн Адъяасүрэн,  Пунцагийн Улаанхүү


Монгол улс ХХ зуунд гурван том хувьсгал хийж гадаадын эрх мэдлээс гарч улс төрийн тусгаар тогтнолоо бүрэн олж ,эдийн засгийн бие даасан байдлаа тодорхой хэмжээгээр хангаж, сэргэн мандлын замдаа оржээ. Энэ гурван хувьсгалын отгон нь буюу 1990 оны ардчилалын төлөөх эрх чөлөөний хувьсгалын алт, мөнгөн хараацайн нэг хэсэг болж явсан цаг үеэсээ эхлэн өөрсдийнхөө амьдралын сүүлийн 30 жилийн туулсан замын талаар эрхэм дүү нартаа сонордуулнам . Ялангуяа ардчилалын төлөөх эрх чөлөөний хувьсгал хийх шалгаан юу байв?,түүнийг үйл явц,үр дүн, өгөөжийн талаар түүний гал тогоонд дотор явсан гэрчийн хувьд өөрийн бодрол санаагаа өгүүлэх ину.

Өнөөдөр монголчууд бид нар өөр хоорондоо учраа ололгүй будлиад байгаа болохоос биш бид хөгжих, сайхан амьдрах бүх боломжоор хангагдсан. Өнөөдөр бидэнд эрх чөлөө, сайхан амьдрах бололцоо гээд бүх юм байна. Түүнийгээ зөв зохицуулан удирдаж, хөгжүүлэн баяжуулж ,хэрэглэж үл чаднам .

Бидний урьд өмнө нь амьдарч байсан социалист нийгэмд өнөөдрийнх шиг тийм боломж хүн бүхэнд байсангүй. Хамгийн гол алдаа нь социалист төрийн удирдлагууд хэзээч ард олондоо итгэж, тэд нарыг өөрсдөө чөлөөтэй ажил үйлсээ эрхэлж , бие дааж амьдрах боломж олгож байгаагүй бөгөөд иргэдээсээ үнэн хэрэгтээ айж, түүнээсээ болоод иргэдээ үргэлж мөрдөж, хавчиж ирсэнийг манай х, z үеийн залуус,хүүхдүүд  даанч гадарлахгүй байх.Бүх юм өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй ,дураараа аж төрлөө сонгож, сайхан  амьдрах бололцоо байсангүй.

Тэгээд бас хүн амын бүх хэрэгцээ, хангамжийг улс өөрөө хариуцаж үэнэндээ дийлэхгүй байлаа. Бид дандаа бүх юмаар дутаж ,гуцаж үнэхээр ядуу хоцуу аж төрж байсан.

Дуртай сонирхсон ажлаа хийж болохгүй. Бодол санаагаа илэрхийлэх талаар нийгэмд байтгай найз нөхөддөө ч ярьж болохгүй.Бид бие биенээсээ нэг ёсондоо айж бэргэнэ. Дандаа айдас, хүйдэстэй амьдрана.

Бас тэгээд хүний нэн тэргүүний хэрэгцээтэй хангамж , бараа таваар дэлгүүр хоршоонд нь байхгүй. Өнөөдрийнх шиг хаашаа ч дураараа явах эрхгүй. Бүх юм нам,засгаас,тэдний төлөөлөл болсон дарга нараас хараат. Энэ бүхэн бол зөвхөн хувь хүний зовлон.

Тэгвэл улс орон маань бас л өөрийн гэсэн зовлонтой. Тэр  бол төрийн бодлогын бүх эрх мэдэл гадаад улсын буюу орос-ЗХУ-ын эрхшээлд байх бөгөөд аливаа нэгэн улс төрийн шийдвэр гаргахдаа манай том дарга нар оросуудын амыг харна. Манай дарга нар шийдвэр гаргаад байгаа мэт ард иргэдэдээ харагдах боловч тэр нь оросуудаас зөвшөөрөл авч, тэдний таалалд нийцэж байх ёстой. Москвагаас асуулгүйгээр гадаад бодлого ба дотоодын гол асуудлаа өөрсдөө шийдэх эрхгүй, хөөрхий.

Тэгээд дотор талдаа хөгжөөд байгаа мэт харагдавч дэлхийн хөгжилтэй орнуудаас асар их хоцрогсон байж.Энэ нь ганцхан монголын зовлон биш,биднийг толгойлж байсан ЗХУ-ын ч бас нэг зовлон.ЗХУ уг нь Дэлхийх хоёрдугаар дайны дараагаас хөгжих боломж их байсан боловч хөрөнгөтөн нийгэмтэй дайсагнах “ хүйтэн дайн”-ы бодлогоо хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө хамаг эдийн засаг, хөрөнгө санхүүгээ цэрэг дайны зардалд зарцуулж бас өөртөө олон орныг  хүчээр захирах болон эдийн засгийн хараат байлгаж, татаж байхын тулд Ази, Африк,Латин америкийн олон оронд тусламж нэртэй баахан сул хөрөнгө цацсан.Түүнийгээ төр, засаг ард олноосоо нуухыг оролдоно.

Монгол улс болоод ЗХУ улсын дагасан социалист гэгдэх улс орнуудад ард олны  нүдийг хаалттай байлгахад  төр засгийн үзэл суртлын гол бодлого , хэрэгсэл чиглэнэ. Одоогийнх шиг интернет, нийгмийн сүлжээ зэрэг мэдээлэл авах, өөрийнхөө бодол санааг бусдад хүргэх боломж , хэрэгсэл байсангүй. Тэр үеийн нам, засгийнхан өөрсдийнхөө эрх мэдлийг тогтвортой хадгалж, дандаа төрийн бүх шатны удирдлагад ноёлж байх бодолтой байж.Ард олон бүх төрлийн эрх чөлөөгөөр гачигдана.Тэгээд хаяа өөр хоорндоо үзэж дуулсанаа нууцаар ярьж, хэлэлцэнэ. Байгууллага бүхэнд МАХН-ын үүр гэгч үзэл сурлын болон сэтгэл санааны “ дарангуйлалын “ байгууллага байна. Тэдний гишүүд нь тухайн байгууллага дээрээ хамгийн манлай шилдэг хүмүүс гэж өөрсдийгээ үзэж,цоллоно.Тэгээд бусдыгаа доорд үзнэ. За нэг иймэрхүү нийгэмд бид аж төрнө.

Маркисм-Ленинизм сургаал гэгчээр удирдлага хийсэн тэр үеийн МАХН нь нийгмээ ажилчин анги,хоршоолсон малчид,сэхээтний давхарга гэж хуваах боловч МАХН-ын гишүүд гэж байгуулага бүхэнд бүхнээс дээгүүр нэгэн давхарга бий болгосон байдаг. Тэдгээр МАХН-ын гишүүд бүх албан тушаал, эрх мэдэл,гавъяа шагнал,боломжийг эхний ээлжинд эдлэх буюу бүх юмны өрмийг хамж хүртэгсэд байлаа. Тэд өөрсдийгээ нийгмийн тэр бүх анги, давхраагийн дээд талд нь заларч байх ёстой гэж үзнэ. Тэд мэдлэг , чадвараараа бусдаас нэг их илүү гарахгүй боловч харин бэртэгчин зан төрхөөрөө бүгд нэг тэрэгний ижилхэн дугуйнууд. Тэгээд бусдыг дандаа зааж сургах, удирдахыг санаархаж их дөвчигнөнө. Гэтэл зах зээлийн улс орнуудад ийм дөвчин хүмүүс байдаггүй л юм байна лээ ш дээ. Харин тэрхүү зах зээл хөгжсөн орныхон чинь ажилдаа жинхэнэ эзэн болсон, хариуцлагатай ,ичих нүүртэй ,бусдад саад болохыг боддоггүй хүмүүс байх тул тэр хирээрээ эдийн засгийн урамшуулал хүртэж, аж амьдрал нь илүү сайн байдаг бололтой.

Дэлхийг хоёр социалист, капиталист орнууд гэж хоёр хувааж үзнэ. Манай социалистууд бол энэ дэлхийн хамгийн шилдэг тэргүүний нийгэм бөгөөд өндөр хөгжилтэй гэж өөрсдийгөө байнга магтаж, нөгөө капиталистуудаа ялзран мөхөж байгаа империалистууд гэж үргэлж муучлана. Гэтэл бодит байдалд өнөөх зах зээлийн орныхон буюу капиталистуудын ололт амжилт, хөгжил социалист орнуудаас хамаагүй илүү байж. Түүнийг ард олон олоод мэдэхвий гэж манай нам, төрийн удирдлага үхэтлээ айна.Тэд нартай холбоо харилцаа тогтоохыг хорино. Тэдний радио долгионыг гай болж олж соносчихвий гэж байнга сэрэмжилнэ. Тэгээд тийм боломжтой хүмүүс юмуу, орос хэлнээс бусад англи зэрэг гадаад орны хэл мэддэг бүх хүмүүсийг бүртгэж, ард олноо нууцаар тагнах байгууллага болох Нийгмийг аюулаас хамгаалах яам тэд нарыг болон “хөрөнгөтөний үзэл сурталд” автаж болзошгүй хүмүүс гэж ялгаад тэд нарыг цаг үргэлж мөрдөж мөшгөнө. За ийм нийгэмд л өнөөгийн ахмадууд амьдарсан. Бидний амьдарч ихэнхи насаа өнгөруулсэн  нийгэм юм шүү дээ.

Гэтэл өнөөх дэлхийн социалист орнуудын толгойлогч ЗХУ-ын төрийн лидер нь маш олон жилээр улс орноо “ удирдсан” дэндүү өвгөн настай хүн байсан бөгөөд 1980-аад оны эхээр гэнэт нас барлаа. Түүнийг бас нэг архаг өвчтэй өвгөжүүр хүн-ЗХУ-ын КГБ буюу тагнуулын албаны зартай удирдагч нэгэн залгамжлав. Тэр нь бас удалгүй өвчний улмаас насан эцэслэв . Бас дараа нь дахиад илүү хөгшин хүн ЗХУ-ын том дарга лидер болов. Тэр нь бас л удалгүй насан өөд болов оо хөөрхий. Ингээд харин дэлхийг ирээдүйд өөрчлөх эр зоригтой, эрс хүч чадвартай харьцангуй залуу нэгэн эрхэмийг том даргаа болгов. Түүнийг Михиал Сергеевич Горбачев хэмээнэ. Горбачев л тэр дэлхийн социалист, капиталист хэмээх зохиомол хуваагдлыг арилгах эр зориг гаргасан хүндээ. Түүний эр зоригийн нөлөө бүх социалист орнуудад тэр тусмаа Азийн алслагдмал Монгол улсад туссан болмой. Горбачев тэр Дэлхий дахины хуваагдлыг арилгах, хүйтэн дайны аюулыг зайлуулах  талаар зоригтой алхамууд хийсэн. Эхлээд өөрийнхөө улсад “ пересторойка “ буюу манайханы хэлдэгээр өөрчлөн байгуулалт хэмээх улс төр, эдийн засаг, нийгмийн иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн. Түүний дуулиан социалист гэгдэх бүр орнуудад тархаж байлаа. Үнэн хэрэгтээ социалист орнуудад хүмүүс нийгмийнхээ төлөө ажиллах дургуй болж ажил хийсэн дүр исгэнэ. Тэд аливаад бэлэнчлэх сэтгэлгээнд автана. Хийсэн, үйлдвэрэлсэн бүтээгдэхүүн нь иргэдийнхээ хэрэгцээ ,шаардлагыг хангаж чадахгүй, гологдоно. Чанар муутай бараа бүтээгдэхүүн гаргадаг гэсэн үг. Социалист уралдаан хэмээх тооны хойноос хөөцөлдөж төлөвлөгөө гэгчийг тоогоор биелүүлэхэд чиглэсэн механизм ашиглана. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэдийг урамшуулах эдийн засгийн арга, хөшүүрэг байхгүй. Тийм болохоор бүх л хүмүүс чанарыг биш тоог эрхэмэлсэн дүр зурагтай.

Энэ бүхнийг өөрчлөх, хүмүүсийг чөлөөтэй сэтгэж, ил тод ярьж санал бодлоо илэрхийлэх боломжийг тэр”перестойка”бий болгож байлаа. Тэгэхдээ аажмаар л даа. Эхлээд Горбачевийг тойрсон хүнд суртлын эзэд болсон том дарга нар нь ойлгохгүй царайлна. Ойлгосон ч тэд албан тушаалаасаа бууж эрх мэдлээ алдахвий гэхээс бас үхэтлээ айна. Мөн дунд ,доод тушаалын бүх эвэртэн туурайтанууд ч бас ойлгохыг хүсэхгүй маш их зовооно. Ийм байдал 1980-аад оны дунд үеэс 1990-ээд он хүртэл үргэлжлэв. Тэгээд ЗХУ гадаад бодлогодоо дэлхийн бүх орнуудтай энхийн харилцаа тогтоож,улс төрийн дэмжлэг авах, түүгээрээ дулдуйдан өндөр дэвшилтэт технологи олж авч нэвтрүүлж ,эдийн засгийн бэрхшээлээ даван туулахыг хичээж байлаа. Түүнийг нь тэр үед дэлхийн том гүрнүүдийг толгойлж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган, Английн Ерөнхий сайд М.Тетчер, Германы канцлер Г.Коль зэрэг удирдагчид маш соргог олж харж дэлхийг хуваагдмал байдлаас гаргахад өөр өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулсан болно.

1980-аад оны эцсээс ЗХУ буюу Орос улс мөн адил БНХАУ аль аль нь гадаад бодлогодоо харилцаагаа сайжруулахын төлөө хүчин чармайлт тавьж эхэлсэн. Үүний тулд тэдэнд Монгол чухал бус харин өөр өөрсдийнх нь мөнхийн эрх ашиг чухал байсан нь мэдээж.

Орос,Хятад хоёр харилцаагаа сайжруулж байгаа нөхцөлд манай улс ч гэсэн БНХАУ-тай харилцаагаа сайжруулах шаардлагатай болсон. Бид мөнхийх хоёр хөрштэй, тэдгээр орнуудтайгаа адилхан хэмжээнд сайн хөршийн харилцаатай байх нь Монгол улсын амин чухал эрх ашиг юм шүү дээ. 

Ардчилал гэж юу вэ

Ардчилалд хүрсэн зам бол эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн үндэсний эрх чөлөөний хувьсгал байлаа.Бид үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж, хүн ардад ардчилалын боломжийг олгосон .

Цэвдэг,хүйтэн бөгөөд хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг социалист дэглэмийг эсэргүүцэж, улс үндэстэндээ улс төрийн тусгаар тогтнолыг , хүн ардадаа иргэний эрх чөлөөг  олж авахын төлөө хийсэн эрх чөлөөний хувьсгал юм. Эрх чөлөөний хувьсгалаар олсон зүйл нь ардчилал байлаа .  Энэ ардчилалд хүрсэн эрх чөлөөний хувьсгалаа бид ардчилсан хувьсгал гэж нэршиж өдий хүрчээ. Ардчилсан хувьсгал бол эрх чөлөөний хувьсгалыг манлайлсан МоАХ,АСХ, ШДХ,МоОХ-ны хамтын хүчин чармайлт, удирдлагаар дотоододоо төрийн эрх баригч МАХН болон гадаад талдаа коммунист дэглэмийг сөрсөн олон түмний хүчээр хийсэн хамтын тэмцэл юм.

Ардчилал бол хүн ардад бэлэн мөнгө тараах, ажлын байр бэлтгэх ,тэнгэрийн хишиг хүртээж, тэтгэлэг өгөх бишээ. Ардчилал бол хүн бүхэнд улам хөгжих , эрх чөлөөгөө эдэлж , дуртай ажил үйлсээ эрхэлж сайн сайхан амьдрах боломж л юм.Гэтэл ардчилалыг бурханы өгөөж, тэтгэлэг мэт буруу зөрүүтэй ойлгосон зарим “үзэл сурталчид”  өөрсдөө боломжоо ашиглаж чадаагүйдээ бухимдаж,буруу бүхнээ ардчилалруу чихэх, муучлах хандлагатай болж байна.Гэхдээ эрх чөлөөний хувьсгалаар олж авсан төрийн эрхийг барих, ардчилсан зарчмаар төрийг жолоодох үйл хэргийг хууль эрх зүйн болон зарим талаар туршлага дутсаны харгайгаар өнөөдөр төрийн жолоог олгирахуудад алдчихаад байгаа нь ч бас гашуун үнэн.

Өнгөрсөн 30 жилийн ардчилалын буянаар олж авсан боломжийг сайтар ашиглагчид нь үнэн хэрэгтээ өнөөдөр төрд ноёрхож байгаа МАН-ынхан бас “манан” бүлэгт багтагсад байгааг ч үгүйсгэх аргагүй. Өнөөгийн ардчилалын ололт, түүний өгөөжийг сүүлийн үед аль нэг улс төрийн хүчин өмчлөх хандлага давамгайлж, хэрвээ ололт амжилт байвал зөвхөн МАН-ынханы бүтээсэн зүйл,алдаа соног байвал ардчилалын лай мэтээр сурталдах болсон нь залуу үеийхэнийг эргэлзээнд оруулж байна. Ардчилал бол маш эмзэг зүйл, түүнийг байнга хамгаалж, тордож байх ёстой .  

Ардчилалын түүх 30 жилийн хөгжил, дэвшил

1990 оноос хойш Монгол улсыг том масштабаар авч үзвэл асар их хөгжил дэвшилд хүрсэн

  • 1990 онд гадаадын улс төрийн хараат байсан бол өнөөдөр улс төрийн талаар биеэ дааж ,улс төрийн тусгаар тогтнолоо олж авсан
  • Хүн ам эрх чөлөөтэй болсон.
  • 1990 –ээд онд гадаадаар тэжээгч эдийн засагтай байсан бол одоо ямар нэг хэмжээгээр өөрийгөө тэтгэх эдийн засгийн суурь тавигдсан 
  • 1990-ээд оны эхээр буурай орны хэмжээнд дэлхийд үнэлэгдэж байсан бол одоо хөгжиж буй орны түвшинд хүрсэн
  • Хүн ам өмч хөрөнгөтэй, хөдөөнийхөн амин зуулга өмч хөрөнгө малтай болов
  • Иргэд чөлөөтэй шилжих, гадашаа явах, суралцах зэрэг өргөн боломж нээгдэв .
  • Иргэд орон сууц, газар зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй болсон нь эрх чөлөөний эх сурвалж болж байна.

Бид  яагаад ардчилсан хувьсгалд оролцох болов.

Энэ бол маш энгийн хариулттай. Бидний насны бас ч үгүй юм үзэж нүд тайлж, учир байдлыг ойлгосон хүмүүс энэ өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх  ёстой, энэ бол бидний үр хойчийнхоо өмнө хүлээх үүрэг  гэсэн сэтгэлээр бид энэ хувьсгалыг эхлүүлж ардчилсан хувьсгалд оролцсон. Бидэнтэй хамтрагчид бүх ардчилагчид бүгд л тэгж бодож хувьсгалд оролцсон шүү дээ. Хамгийн гол нь хойч үе маань дэлхийн бүх орны хүмүүс шиг эрх чөлөөтөй,хүссэн ажил төрлөө хийх боломжтой,айх айдасгүй өөрийнхөөрөө амьдраг гэж бодсон.Улс орон маань дэлхийн бүх шудрага улс түмэнтэй эн тэнцүү хэмжээнд адилхан зиндаанд зэрэгцэн хөгжиж яваасай гэж хүссэн. Өөр илүү хүссэн юм байхгүй.

Үүний төлөө хуучин царцанги нийгмийг нураахын тулд зайлшгүй улс төрийн хөдөлгөөн үүсгэж түүнийгээ олон түмний хөдөлгөөн болгох ёстой. Манай АСХ-ний анхдагч нар гол төлөв МУИС-д хамт багшилж байсан нөхдүүд Улаанхүү, Ламжав, Хатанбаатар, Гончигоо,Ганбаатар,Алтанхуяг нарын үүсгэсэн хөдөлгөөнийг олон залуус, нийгмийн идэвхтэй хэсэг дэмжиж бидний хүссэн зүйл мөн хэмээн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн элсэн орж, богино хугацаанд хамгийн идэвхтэй тэмцэл өрнүүлсэн. Ингэж л ардчилсан хувьсгал хийх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр бид нар шулуудан оржээ. Манай ардчилсан хөдөлгөөнийхөн хуучинсаг хүчний эсрэг тэмцэлдээ хүчээ нэгтгэх, хамтран тэмцэх талаар анхнаасаа маш зөв тактик баримталсан нь оносон. Тэгээд хамтран ажиллах гэрээ хүртэл байгуулж байсан юм шүү дээ. Түүнийгээ өөр өөрсдийнхээ холбоо, хөдөлгөөн дээр сайтар ярилцаж олны саналыг авч байсан болно . Бүх зүйл анхнаасаа оролцооны хэлбэрээр өрнөсөн. Тэр нь маш их олны дэмжлэг авдаг байж дээ.

Ардын түр хурал байгуулах саналыг уг нь соцдекууд гаргасан юм. Түүнийг нь бусад холбоонууд дэмжиж өөрсдийн шаардлагын нэг болгож хуучинсаг хүчнийхэнд хүргүүлж байв. Гэвч тэдний зүгээс таг чимээгүй. Энэ мэтээр шаардлагаа дараа нь улам чангалж, хурцалж байсан. Тэгээд цуглаан зохион байгуулж монголчуудын төлөөлөл болж тэнд оролцогчдоор шаардлагуудаа дэмжүүлж олны санал болгож байв. Энэ бол хуучинсаг хүчнийг айлгах гол арга хэрэгсэл ардчилсан хувьсгалт тэмцлийн үндсэн хэлбэр болж байв. Агуулга ба хэлбэр талаасаа үзсэн ч ардчилсан хэлбэрээр олон нийтийн шууд оролцоо, дэмжлэгтэй гарсан жинхэнэ эрх чөлөөний ардчилсан хувьсгал гэдэг нь эндээс харагдах байхаа. Урьд өмнө БНМАУ- д ингэж ард олонтойгоо санал нэгдэж гарсан бодлого , шийдвэр байсангүй .Тийм болохоор бидний хийсэн хувьсгал бол ард олны хүсэл эрмэлзэлийг бүрэн шингээж агуулсанаараа ардчилсан, ил тод шинжтэй болсон юм. Тэгээд Монголд хамгийн анх удаа   ардчилалын зарчмыг олон нийтэд тунхаглан харуулж, түүнийхээ үр дүнд ардчилсан хувьсгалыг ялуулсанаараа онцлогтой.

Өнөөдөр Монгол улс дэлхийн энх тайваныг тогтоох, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулж, ардчилалын жишиг улс орон болоод байгаа нь бидний хийсэн ардчилалын төлөөх эрх чөлөөний  хувьгалын зорилго зөв байсныг батлан харуулдаг юм.

Ардчилалын төлөөх эрх чөлөөний хувсьгал хэрхэн өрнөв.

Ардчилалын анхны салхийг хагалсан ардчилалын төлөөх хөдөлгөөн бол яах аргагүй Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) болно. МоАХ-ын үүсэл нь 1989 оны намар зохион байгуулсан Залуу уран бүтээлчдийн улсын зөвөлгөөнөөс сэдэлтэй. Энэ зөвөлгөөнийг уг нь МАХН-аас санаачлан зохион байгуулжээ. Гэвч зөвөлгөөний явцад нэгэнт ЗХУ-д эхэлсэн өөрчлөлт шинэчлэлийн халуун салхийг мэдэрсэн залуучууд эрх чөлөөний төлөө анх дуугарч эхэлсэн байдаг. Энэ зөвөлгөөнд сууж байсан Жумдаан, Нарантуяа, Ч.Энхээ, Дарь Сүхбаатар, С. Амарсанаа, Л.Нямсүрэн, Элбэгдорж, Бэхбат, Цэгмид,Содтунгалаг, Төрмөнх, нарын залуучууд эрх чөлөөний анхны уриалга цуурайтуулсан . Тэд нар мөн санаачилж анхны ардчилсан улс төрийн байгуулага болох МоАХ-ны суурийг тавьсаныг түүх мартаж болохгүй . Дараа нь удалгүй тэд нар эр зориг гаргаж, 1989 оны 12 дугаар сарын 10-ны хүний эрхийн өдөрөөр хамгийн анхны улс төрийн жагсаалыг санаачлан хийсэн нь ардчилал шинэчлэлийн дуудлага болж байв. Ингээд удалгүй 17 залуус маань МоАХ байгуулж анхны уулзалт, цуглаанаа хийж, төр засгийн урагшгүй байдлын эсрэг анхны шудрага ёсны шаардлагуудаа тавьж эхэлсэн. Эдгээрт С.Бат-үүл, С.Цогтсайхан, Б.Энхтүвшин,С.Зориг,Бошигт,Баасан лам, Д.Энхбаатар, Б.Билигт,Д.Нинж нар нэгдэж Зохицуулах зөвлөл нь эхний үед 17 хүний бүрэлдүүнтэй болжээ. Гэхдээ дарга, толгойлогчгүй бүгд тэгш эрхтэй байсанаараа онцлог. Явцын дунд заримыгаа тодорхой шалтгааны улмаас хассанаар 15 хүн Зохицуулах зөвлөлд үлдсэн гэдэг.

МоАХ нь эхний үедээ шинэ коммунист намын шинжтэй байжээ. Тэр коммунист үзэл бодолд доктор С.Нэргүй гуайг шүтсэн Зориг, Элбэгдорж, Бат-үүл нар үүрэгтэй байсан бололтой.

Энэ үед Монгол орон , монголчууд хуучнаараа дуугүй дарлагдаж байж чадахгүй болсон бөгөөд бүхий л хүмүүсийн сэтгэл зүрхэнд эрх чөлөөний оч ямар нэг хэмжээгээр асаж байлаа. Энэ очийг дөл болгож бадраах, эрх чөлөөий галыг мандуулах шинэ улс төрийн хүчин үгүйлэгдэж байсан. Тэр шинэ хүчин нь МоАХ,АСХ,ШДХ тэргүүтэй ардчилсан хүчний эвсэл болсон юм . Дараа нь гарч ирсэн эвсэл холбоод бол марксизм-ленинзмийн сургаалийг удирдлага болгосон коммунист үзэл санааг зад шүүмжлэн гарч ирсэнээрээ онцлог. Энэ үйл хэрэгт П.Улаанхүү, А.Ганбаатар, Д.Ламзав, Б.Батбаяр,Р.Хатанбаатар,Р.Гончигдорж ,Батсүх, Да.Ганболд нар толгойлох үүрэг гүйцэтгэсэн түүхтэй .

Ардчилсан хүчний эвсэл хамтарч эрх баригч нарт анхны шаардлагаа хүргүүлж, зохих ёсны шудрага шаардлагуудаа тавьж эхэлсэн. МоАХ –д нэмэгдэл хүчин болж гарч ирсэн АСХ,ШДХ,МОХ зэрэг ардчилал, эрх чөлөөний төлөө улс төрийн холбоод үүсэн хөгжсөн нь Монгол оронд ардчилсан хувьсгал зөв , тайван хувьсгалын замаар өрнөх үндсэн нөхцөл болсон гэж үзэх үндэстэй.

Бүх эвсэл, холбоод маань 1989 оны эцсээр дөнгөж байгуулагдаж ,улс төрийн тэмцэлд суралцангаа хуучинсаг нийгмийн эсрэг тэмцлээ аймшиггүй эрс зоригтой өрнүүлж байв. Яагаад аймшиггүй гэвэл тэр үеийн эрх баригч МАХН, Засаг төрд төрийн бүх эрх мэдэл, үзэл суртлын маш олон хэрэгсэл, хүчний байгууллага -цэрэг ,цагдаа байхын зэрэгцээ ард түмнээ чагнах, тагнах талаар гол үйл ажиллагаа явуулдаг Нийгмийг аюулаас хамгаалах яам (НАХЯ) гэдэг айхавтар ард олныг тагнах байгууллага байв. Тэр НАХЯ бол эдгээр шинээр үүссэн улс төрийн эвсэл ,холбоодын бүтэц, бүрэлдүүнийг аль хэдийнэ тагнаж мэдсэн байв. Тэр нь үзэл суртлын хэрэгсэлүүдээр МоАХ-ны бүх гишүүдийг гутаах талаар тараасан мэдээлэл материалаар нотлогдож байв. Тэд МоАХ-ны 15 гишүүнд тус бүрт нь  янз бүрийн нэр хоч өгч гутаан доромжилж олон түмний дунд нэр хүндийг нь унагах ажиллагаа өрнүүлж эхэлсэн.

Эндээс бид зөвхөн өөрийн гишүүн нь байсан АСХ-нийхөө талаар түлхүү өгүүлэх болно.

АСХ-ний гол зорилого бол тэр үеийн эрх баригчдыг нэг удаа огцоруулахдаа бус, харин нийгмийг бүхлээр нь өөрчлөхөд чиглэж байсан юм. Хуучинсаг МАХН-ын удирдлага олон түмний шаардлагаар огцорлоо гэхэд нэг нь нөгөөгөөрөө л солигдохоос үл хэтэрнэ. Нэмэгдэхүүний байрыг сольсоноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Бидний зорилт бол харин ард түмнийг төлөөлсөн бүх хүчний төлөөлөлөөс сонгогдож ээлж дараатай  төрийн эрхийг барьдаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байлаа. АСХ өөрийнхөө зорилгоо  “АСХ-ний тунхаг” хэмээх хамт олноороо боловсруулсан баримт бичигтээ бүрэн илэрхийлсэн болно. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд бусад эвсэл, холбоододоо сайтар ойлгуулах, зөвшилцлөх замаар нэгдсэн нэг шийдэлд хүрэхийг бас эрмэлзэн ажиллаж байв.

Тэр үеийн цэвдэг хүйтэн нийгмийн нөхцөлд бид тэмцлээ явуулахад үнэхээр хүнд байсан. Ардчилсан хүчнийхэнд олон түмэнд өөрсдийн шаардлагаа зөвтгөж хүргэх, ойлгуулах ямарч мэдээлэлийн хэрэгсэл сонин, сэтгүүл, радио, телевиз  байсангүй. Тийм болохоор бид зөвхөн гудамж, талбайд л олны өмнө  жагсаал ,цуглаан хийж хүний эрх эрх чөлөө, олон ургальч үзэл ,ил тод байдал зэргийг хумьж , хавчиж байгаа хуучинсаг хүчний алдаатай бодлого , нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг мэдрэхгүй байгаа арчаагүй байдал, ЗХУ-ын дагуул, ЗХУКН-ын амыг харахаас хэтрэхгүй байгаа байдал ,улс орны хоцрогдол зэргийг илчилсэн өөрсдийн зөв шаардлага, бодлогоо илэрхийлж олон түмэнд хүргэж байлаа. Хаяа боломжоороо ганц нэг ухуулах хуудас  гаргаж энд тэнд наана. Жагсаал цуглаандаа хэрэглэх туг,лоозонг ч хэвлэх хэрэгсэл, санхүүгийн боломж бидэнд байсангүй. Гагцхүү тэр тэмцэлд эр зориг шулуудсан залуус, олон нийтийн төлөөллийн зарим хэсэг өөрсдийн цалин мөнгөнөөсөө илүүчлэх,хандивлах замаар бага зэрэг хуримтлал үүсгэж , гарын ур дүйтэй нэг нь даавуун дээр цагаан шохойгоор тод бичиж, хэвлэж туг ,лоозонгоо бэлтгэнэ.МАХН-ын бидний эсрэг тасралтгүй хийх үзэл суртлын сөрөг ухуулгын нөлөөгөөр ардчилсан хүчнийхэнээс айх, цэрвэх, болгоомжлох явдал ч гарна. Гэхдээ олон түмэн бидний зорилго, үзэл бодлыг бас маш их сонирхож, нүүр тулж уулзаж, ойлгохыг асар ихээр хүсэн хүлээж байсан.

Иймэрхүү байдлаар ардчилсан хүчний зүгээс жагсаал,цуглаануудыг 12 дугаар сард хэд хэдэн удаа хийж олон түмнийг өөрчлөлт шинэчлэлд уриалан дуудсан болно. Гэвч эрх баригчид дүлий дүмбэ оргиж шудрага шаардлагын хариуд юу ч дуугарахгүй, ямар хариу өгөхгүй байлаа. Тэд ардчилагчдыг баривчлах , амыг нь хамхих ч хүсэл, эрмэлзэл боломжтой байсан. Энэ талаар тэдний төлөөлөлийн нэг болсон МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн асан Паавангийн Дамдин гуайн шудрага үнэнээр өөрийн бодол санаагаа илэрхийлсэн 2017 оны 5 дугаар сарын 5-ний  “Өдрийн сонин”-д өгсөн том хэмжээний ярилцлагаас мэдэж болно.Тэрээр тэр үед ардчилагчдыг хууран аргалах, албан тушаалаар боомилж тэмцлийг нь зогсоох , ингэж ардчилсан хувьсгал эрх чөлөөний төлөөх шудрага тэмцлийг тэр үеийн хятадын маягийн арга хэлбэррүү оруулж ,эр зоригийг нь мохоох, шудрага тэмцлийн хүчийг нь саармагжуулах талаар удаа дараа Ж.Батмөнх даргад шаардлага тавьж байснаа ний нуугүй өнөөдөр чөлөөтэйгээр айж эмээхгүйгээр илэрхийлж чадаж байгаа  нь үнэн хэрэгтээ нөгөө хүний эрх ,эрх чөлөөг авчирсан  ардчилсан хувьсгалын үр шим гэдгийг бас сайтар мэдэрч ,ашиглаж чадаж байгаагийн илэрхийлэл болох бизээ .П.Дамдин гуай тэр ярилцлагаасаа хойш хэдхэн сарын дараа өнөөх муулаад байсан АН-аас нь нэр дэвшиж сонгогдсон шинэ Ерөнхийлөгчөөс Монгол улсын хөдөлмөрийн баатар гэдэг өндөр цол хэргэмийг хүртэв. Түүхийн шоглоом ч юм шиг, хачин тохиолдол. Гавъяа ч байгаа л байх, гэхдээ түүнийг нь  МАХН-ын өмнөх Ерөнхийлөгч нар олж хараагүй юм болов уу?

Ардчилсан хувьсгалын гол зорилго болсон эрх чөлөөг тэд ямар нэг аргаар хууран аргалах , аргацаах бодлого баримталж байсан.

1990 оноос эхлэн ардчилсан хүчний эвсэлийн тэмцлийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй болж бие биенээ харилцан ойлгож, бие биенийхээ үзэл бодлыг харилцан хүндэтгэх зарчим дээр үндэслэн, хамтарсан тэмцлээр л  ардчилсан хувьсгалын зорилгоо хангаж чадна гэдгээ мэдэрч эхэлсэн. Ингэснийхээ  хүчинд амжилтанд хүрсэн.

Ардчилалын нэг гол амжилт бол үг хэлэх эрх чөлөөг олж авах. Энэ бол ард түмний хэлсэн үг төр, засгийн чихэнд хүрч байх асуудал. Олон түмэн тулгамдаад байгаа асуудлаа  үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж төр засгийн удирдлага, албан тушаалтанд хандаж хэлэхэд түүнийг ард иргэдийн татварын мөнгөөр цалинжиж суугаа түшмэлүүд хамгийн түрүүнд маш анхааралтай судлан үзэж , тэдгээрийн саналыг нэн яаралтай  хэрэгжүүлэх асуудал юм. 

Тухайн үед улс төрийн эрх мэдлийг атгаж байсан ганцхан коммунист МАХН-ын эрх мэдлийг хязгаарлах, хуваалцахын тулд олон намын тогтолцоог бүрдүүлэх шаардлага зайлшгүй байв. Улс төрийн шинэ тогтолцоог бий болгох өөрчлөх асуудал нь зайлшгүй олон намын тогтолцоотой болох ёстой байлаа. Нам гэдэг нь үнэн хэрэгтээ засгийн эрхийг авахын төлөө өөрсдийн сонгосон үзэл санаагаараа  нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл боловч тухайн үедээ үүнээс өөр арга зам байсангүй .Гэтэл марксизм-лениниемийн үзэл санааг баримталдаг МАХН нь үнэн хэрэгтээ монголын ард түмний дундаас “хамгийн шалгарсан нийгмийн тэргүүний хэсгийг эгнээндээ нэгтгэдэг “ гэдэг өөрсдийнхөө өгсөн хөөргөн зохиомол нэрийн доор бид бусдаас илүү учир бусдыг ээлж халаагүй удирдаж, тэдний тархийг өөрсдийн харгис үзэл суртлаар угааж мөнхийн удирдагч байх дон шүгэлсэн хэсэг хүмүүсийн бөөгнөрөл болж хувирсан бөгөөд өөрсдийгөө “ энхэрий хайрт” нам хэмээн магтуулж ээлж халаагүй засгийн эрхийг атгаж, ноёлож байлаа. Энэ ажилдаа бэртэгчин, долдойчуудыг гарамгай ашиглана гээч.

Үнэн хэрэгтээ 70 шахам жил улс орныг ЗХУКН-ын хавсрага болж буруу үзэл суртлаар удирдаж, жолоодож байсан учир МАХН-ыг 1990 онд хориглох ёстой байж. Удирдагч ЗХУКН нь хориглогдоод байхад ганцхан МАХН “амьд үлдсэн” нь манай ардчилалынханы туршлага дутсан, нялх байсны гай болсон бололтой. Тэгээд бүх улс төрийн намууд нэг ижил гараанаас эхэлсэн бол эрх чөлөөний хувьсгал илүү амжилтанд хүрэх ёстой байлаа.

Гэхдээ тухай үеийн нөхцөл байдлаас шалтгаалан эхний ээлжинд  МАХН-ын төрд удирдан чиглүүлэх үүргийг Үндсэн хуулиас нэн даруй хасуулах, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө эхний алхамаа хийж, тэмцлийн гараагаа  чимээгүйхэн шиг эхэлсэн.

Ингэснээр ганц намын үзэл суртал ноёрхож, олон түмний тархи толгойг харгис ленинизмээр угаасан тэр үеийн харанхуй, цэвдэг нийгэмд өөр өөр үзэл бодол, шинэ санааг оруулж гэгээрүүлэх, ингэснээр олон ургальч үзэлтэй нийгмийн бүлгүүдийг бий болгож хуучинсаг автократ тогтолцоо, царцанги нийгэмтэй хамтран тэмцэх асуудал хамгийн чухал байв.

1990 оны ардчилсан хувьсгал бол зайлшгүй болох естой нийгмийн дэвшлийн дуудлага байлаа. Энэ хувьсгал болох олон түмний хүлээлт, сэтгэл зүйн бэлтгэл бий болж хэн хэзээ яаж эхлүүлэхийг тэр үеийн Монголын нийгэм дээр, дооргүй хүсэн хүлээж байв. Нийгмээ өөрчлөхийг хүссэн бүхэн энэ хувьсгалд гар шумлан орж явсан. Гэхдээ олон түмний хөдөлгөөн, хүсэл эрмэлзэлийг зөв чиглүүлэх эцэстээ нийтийн эрх ашигт нийцсэн хамгийн ирээдүйтэй, хамгийн зөв замруу хөтлөх асуудал онцгой чухал байв. Энэ үүргийг үнэндээ АСХ хамгийн түрүүнд зөв ухамсарлан ойлгож улс төрийн бусад хүчнүүдээ шинэ нийгмийн зүгт зөв чиглэлрүү залж байсан гэдгийг түүх мартах ёсгүй . Мэдээж хэрэг максизм-ленинизмийг засварлаад МАХН-ын Улс төрийн товчоог арай нэг шинэчлэн өөрчилж улсаа арай өөр хэлбэрээр жолоодох хүсэлтэй Д.Нэргүй доктороор толгойгоо хийсэн үзэл сурталтай тэр үеийн эхний МоАХ-оос шал өөр зарчмийг баримталж байснаараараа АСХ бусдаас эрс ялгардаг.

МоАХ-ны 1990 оны 3 дугаар сарын 7-д Сүхбаатарын талбайд заралсан өлсгөлөн бол нийгмийг цочирдуулж хувьсгалын үйл явцыг хурцатгаж, олон түмнийг өөрсдийн зүгт хандуулснаараа ач холбогдолтой байсан боловч мөн чанартаа хуучин нийгмийг яаж өөрчлөх стратегиэ зөв тодорхойлсон гэхэд хэцүү. Тэд тэр үеийн эрх баригчид -МАХН-ын Улс төрийн Товчоог огцоруулахыг л шаардсан шүү дээ. Тэгэхдээ тэд нар харин шал өөр тогтолцоотой шинэ нийгэм байгуулахыг хатуу шаардаагүй ээ. Улс төрийн товчоо огцорсноор залуусын сэтгэл нь ханаж ,өлсгөлөнгөө зогсоож байсан л даа. Гэхдээ энэ нь ардчилсан хувьсгалын нэг алхам гэх боловч үнэндээ энэ чинь хууччуулд бас сайхан молгидуулсан хэрэг байлаа. Анхнаасаа харгис үзэл сурталтай МАХН-ыг тараахыг л шаардах ёстой байсан. Тэгсэн бол Монголын нийгэм цэвэршиж, эрүүлжих ёстой байж. Манай үзэл суртлыг бидэнд зааж сургасан бөгөөд МАХН-ыг дандаа удирдан чиглүүлж байсан ЗХУКН-аас эхлээд Европын олон оронд өнөөх харгис коммунист намуудаа эхний ээлжинд татан буулгаж, тарааж шинэ намуудыг нэг зэрэг гараанаас эхлүүлсэн нь нийгмийн хөгжилд зөв чиг баримжаа болсоор байна шүү дээ.Манайханд шинэ хүчнийхэн болон хуучныг баримтлагч нарын аль алинд нь ингэх эр зориг зүрх байсангүй бөгөөд  бас ч ухааны үзүүр дутсан болой.

Нийгмийг өөрчлөх асуудлыг зүгээр нэг хувьсалаар хийх биш,харин орвонгоор нь эргүүлэх хувьсгалаар хийхээс өөр аргагүй. Гэхдээ хуучин сэтгэхүйгээр заавал цус урсгах бус харин нийгмийн хүчийг дайчилж тэдний хүчээр улс төр, нийгэм эдийн засгийн бүх өөрчлөлтийг хийхэд чиглэнэ. Энэ бол маш их эр зориг, бас үүрэг хариуцлага үүрнэ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд эцэстээ нэгдсэн зөв ойлголттой болсон ардчилсан хүчний эвсэл хамтдаа хийж чадсан гэдгийг түүх мартах ёсгүй. Түүхэн үүргээ ардчилсан хүчний эвсэлийнхэн биелүүлж чадсан болно. Гэхдээ нийгмийн хөгжлийн явцад алдсан оносоныг бас үгүйсгэх аргагүй .

Ардчилалын түүх 30 жилийн алдаа , сургамж

  • Ардчилалын үр дүнгээ бид алдаж, бас гажуудуулжээ.
  • Төрийг удирдах урлагт улс төрчдийг суралцуулж чадсангүй. 
  • Төрд олон луйварчдыг шургуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь харамсалтай.
  • Баялагаа зөв хуваарилаж зарцуулж, хянахад алдаа гаргажээ.
  • Ядуурлыг арилгаж , дундчуудын эгнээг өсгөж чадсангүй.
  • Төрийг удирдах, хяналт тавихад олон нийтийн оролцоог дутуу хангажээ.
  • Ардчилагчид өөрсдөө төрийн эрх барих үедээ, төрийг  удирдахад хэт бяр нь амтагдаж асар их алдаа гаргаж ,бас нэр хүндээ алдав.
  • Ардчилагчид ардчилалын нэртэй 6  намаа нэгдүүлсэн нь сайн ололт болсон боловч өөрсдийн ашиг сонирхолоо дагасан бүлэг-фракцууд болон задарсан нь гутамшиг болсон.  
  • Ардчилагчдын дунд хувийн эрх ашгаа нийгмээс дээгүүр тавьсан албан тушаал, эд мөнгөний шуналтангууд бий болж, тэд ардчилалын нэр хүндийг унагаад байгаагаа ойлгохгүй өдий хүрч байна.
  • Төрийн эрх барих үедээ эрх чөлөөний төлөө хамтран зүтгэгч нараа мартаж, хөсөр хаяж, хэт хөөрөгдөгсөдийн үгэн мананд автаж,төрийн удирдлагаас “ ганцаардаж” унах тохиолдол ч гарч байлаа.
  • Нэг хэсэг ардчилагчид маань төрийн том албан тушаалд гарахдаа олон түмнээсээ хэт тасарч, өөрийгөө өргөмжлөх , их зан гаргахын дон шүглэж, олон түмний доог дохуу болж байгаа мэдрэхгүй байна.  
  • Нийгмийн баялагаас хулгайлах, бусдыг луйвардахад нэг хэсэг нь гарших  болов.
  • Төрийн эрх мэдэлд хэт шунасан, нийгмийн баялагаас ил ,далд хулгайлсан улс төрчдийн армийг төрүүлэв.
  • Иргэдийн саналыг бэлэн мөнгөөр худалдаж, хоосон амлалтаар хуурч авдаг толгойдоо багтаамжгүй улс төрчид гэгчдийг өөгшүүлэв. 
  • Төрд мэдлэг чадваргүй, ном эрдэмгүй, боловсролгүй, хэт авантурист ,хариуцлагагүй, шуналтай баахан нөхдийг шургуулах үүд хаалгыг нээж өгсөн нь асар том алдаа болсон.
  • Ардчилалын эрхэм нандин зүйлийг умартаж, улс төрийн талаар байнгын өрсөлдөгч нартайгаа хэт дотносож,өвөр түрийдээ орж, эдийн засгийн холбоотон болсоноор улс орноо шулах, шуналтангууд бий болгов.

Үр дүн нь юу болов :

  • Улс орноо өрөнд оруулав 
  • Ард олноо ядууруулав
  • Байгалийн баялагаа цөлмөж, алдав
  • Шилдэг зоригт охид хөвгүүдээ хэлмэгдүүлэв
  • АСХ-ний тунхагтаа тавьсан зорилгоосоо заримдаа ухарч байж. Гэхдээ том масштаб болон агуулгаар харвал Монгол улс  том ололт, амжилтанд хүрсэн.   

Ардчилалынхан бид цаг хугацааны туршид МАН-ынханд яван, яван идэгджээ. Үүнийг хохь гэхээс өөр яах ч юм билээ дээ. Түүх бид нараар тоглож, бид түүхийн золиос болж ч байгаа юм шигээ.

Гэхдээ шантарч болохгүй. Зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө замын дундаас шантарч болохгүй Бидний ухаалаг дэндүү гайхашигт залуу үе өсөж бойжиж , шинээр гарч ирж байна . Тэд мэдээлэлийн технологитой хамт төрж , Дэлхийг хамран орж ирсэн  Z үеийнхэн аж.

Бидэнд амар их найдлага бий .

Бид Монголд төгс иргэний нийгэм ,авилгалгүй шуналгүй ардчилалыг бий болгохын төлөө АСХ дахин нэгдэх учиртай, нийгмийг гэгээрүүлэх үүрэгтэй.  

Олон нийт, иргэд сонгогчдоо илүү гэгээрүүлэх үйлсийг АСХ дахин манлайлах, хөтлөх цаг болоод байна. Тэгж байж бид олгархиуудаас салж , нийгмээ цэвэршүүлж чадна.Гэгээн үйлс дэлгэрэх болтугай.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.