Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Арванхоёрдугаар сарын 29-н бол Монголчуудын ЭВ НЭГДЛИЙН ОРГИЛ өдөр"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2019 оны 12 сарын 29
iKon.MN

- Монголчууд жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр түүхэнд юу болсон талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай хийсэн ярилцлагыг ДАХИН хүргэж байна- 

 

Нэгэн зууны тэртээ Монголчууд Манж Чин Улсын харьяанаас бүрэн гарч, дэлхийн сонорт Монгол хэмээх тусгаар үндэстэн болохоо зарлан тунхаглаж, эзэн Чингис Хааны бадраасан Их Монгол Улсын гал голомт дахин сэргэжээ. Бид энэхүү өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Үүнтэй холбогдуулан бид ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхантай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

"Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол бол үнэлэгдэшгүй, хэмжигдэшгүй нандин зүйл билээ..."


- Үндэсний эрх чөлөөний өдрийн тухай. Ямар учиртай өдөр вэ?

- Энэ өдөр эзэн Чингис Хааны байгуулсан Их Монгол Улсын төр, гал голомт дахин сэргэсэн учраас бид тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг 1911 оноос 1922 оныг хүртэл жил бүр тэмдэглэдэг байсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа дахин сэргэж, үе үеийн ерөнхийлөгч нар ач холбогдол өгч байсныг тэмдэглэж хэлэх нь зөв байх.

Ингээд 2007 оны наймдугаар сард УИХ-ын шийдвэрээр эл өдрийг тэмдэглэлт өдөр болгож, улмаар Монгол Улсын Их Хурлын 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр жил бүр үндэсний баярын өдөр болгон бүх нийтээрээ амарч байхаар болсон юм.

VIII Богд Жавзандамба хутагт бол Монголын төлөө өөрийгөө зориулсан хүн

Түүхийн хуудсыг сөхвөл одоогоос 105 жилийн өмнө Манж Чин улсаас салж, төр улс, тусгаар тогтнолоо энэ өдөр сэргээн мандуулж байж.

Өвөр Монгол 1636 онд, Халх Монгол 1691 онд, Ойрад Монгол 1750-иад оны дундуур хүчээр Манжид эзлэгдсэнээс хойш дэлхийн газрын зурагт Монгол гэсэн нэртэй улс үгүй болсон.

Харин дахин сэргэсэн өдөр бол бидний тэмдэглэж байгаа 1911 оны арванхоёрдугаар сарын 29-н буюу цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн юм.

1911 оны энэ өдрийн морин цагт бурхны шашны тэргүүн Богдыг Монгол Улсын тэргүүнээр, түүний хатан Дондогдуламыг улсын их дагинаар өргөмжлөх төрийн их ёслол хүрээнд болсон байдаг.

Гадны судлаачид 12 цаг 01 минутад Богдыг өргөмжилсөн хэмээн бичсэн буй. Энэ явдал үндсэндээ Монголчуудын хувьд маш өргөн агуулга бүхий үйл явдал байсан юм.

Хэдийгээр өвлийн хүйтэн байсан боловч Богдыг хаанд өргөмжлөх ёслолд Богдын шар ордны их талбайд асар олон ноёд, Халхын дөрвөн аймаг, Ар, Өвөр Монголын төлөөлөл, томоохон хутагт хувилгаад бүгд цугласан байсан гэж олон сурвалжид бичсэн байдаг.

Одоогийн МУИС-ийн орчим байрлаж байсан Богдын шар ордонд Монгол Улсын төрийн ордон – арван хэдэн ханатай том гэрийг барьж бэлдсэн байсан бөгөөд энэ ордонд Монгол Улсын төрийн тэргүүнээр Богдыг өргөмжилсөн байгаа.

Богдыг хаанд өргөмжлөх өргөмжлөлийг Халхын Сайн Ноён Хан Намнасүрэн уншиж, Да лам Цэрэнчимэд ёслолын үйл ажиллагааг удирдан явуулж, Чин Ван Ханддорж, Түшээт Гүн Чагдаржав зэрэг ноёд хутагт төрийн тэргүүний тамга, титэм зэргийг ээлж дараалан өргөсөн байна.

Богдыг хаан ширээнд өргөмжлөх тэр мөчид төрийн ордонд байсан, төрийн ордны гадаа цугласан хүмүүс бүгдээр баруун өвдөг дээрээ гурвантаа сөгдөж, есөнтөө мөргөлөө гэж тэмдэглэсэн байдаг.

Мөн Монгол Улсын өнцөг булан бүрт байсан хүмүүс нэгэн цагт Хүрээ рүү хандан сүү, цагаан идээнийхээ дээжийг өргөж, бүгд нүдэндээ нулимстай, Монголчууд тусгаар тогтнолоо оллоо хэмээн магнай тэнийтэл баярлацгааж байсан гэж бичсэн байдаг.

 
Богд хааны шар ордны гэрэл зураг

Богд хаан ширээнд суугаад анхны зарлигаараа Гадаад яамны сайдаар Чин Ван Ханддорж, Дотоод яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Сангийн сайдаар Түшээт гүн Чагдаржав, Шүүх яамны сайдаар Намсрай гүн, Цэргийн яамны сайдаар Далай ван Гомбосүрэнг томилж, Монгол Улсын Засгийн газрыг таван яамтайгаар эмхлэн байгуулж, шоронд хоригдож байсан хоригдлуудыг сулалж, өндөр настнууд, цугласан олон бүгдэд хишиг хүртээж, ёслолын үйл ажиллагаа орой нар шингэх үед буюу 17 цагт өндөрлөсөн хэмээдэг.

Энэ үйл явдал бол Монгол үндэстэнд дахин сэргэлт өгч, монгол хүн бүрт тусгаар тогтнол, эрх чөлөө ямар үнэтэй байдаг вэ гэдгийг мэдрүүлсэн, Монголчуудын эв нэгдлийн оргил өдөр байсан юм.

Магадгүй бурхны шашин Монголчуудын дайнч түрэмгий, догшин эрэмгий, омог бардам занг дарж байсан гэж хэлж болох боловч энэ үед Монголчуудыг нэгтгэсэн томоохон хүчин зүйл нь бурхны шашин байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

- Богд хаан гэж хэн бэ. Монголын түүхэнд ямар хувь нэмэр оруулав?

- Богд 1869 онд Төвөдөд төрсөн, Төвөд гаралтай монгол. 1872 онд Жавзандамба хутагт буюу Халхын бурхны шашны тэргүүнээр тодорч, өргөмжлөгдсөн.

1874 онд таван настайдаа аав ээж, ах дүү долуулаа Хүрээнд хөл тавьж, монгол ахуйд монгол хэл сурч, монгол хүүхдүүдтэй тоглож өссөн, монгол зан заншил, соёлыг биеэрээ мэдэрсэн хүн.

Монголын тусгаар тогтнолыг удирдан чиглүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн шүү дээ. 1890-ээд оны үед Богдын нэр хүнд монгол ноёдын дунд өндөр болсон байсныг сурвалжид бичсэн байдаг.

Монгол, Төвөд олон багш нараар эрдэм ном заалгасан, эрдэм боловсролтой, одоог хүртэл тодорсон есөн Богд дотроос ганцаараа гавжийн дамжаа барьсан, бурхны шашин болон Ар, Өвөр Монголчууд, нийт сүсэгтний дунд энэ хүн шиг ихээр хүндлэгдсэн, алдар цуутай хүн тухайн үед байгаагүй.

ХХ зууны эхээр Монголчуудын тусгаар тогтнолоо зарлаж, Богд хаан ширээнд суусны шалтгаан нь Манж Чин улсын баримталж байсан Монголын талаарх бодлого өөрчлөгдсөнтэй онцгой холбоотой.

Өмнө нь хятад иргэдийг Монгол газар нутагт оруулахыг, хятадуудыг монгол эхнэр авахыг Манжийн хуулиар хориглосон байсан. Гэтэл энэ бүх заалтуудыг “Шинэ засгийн бодлого” нэрийн доор үгүй болгосон.

 
Богд хааны бага болон идэр насны үеийн гэрэл зураг

Энэ бүхний дүнд өлсгөлөн олон тариачдыг Монгол нутагт суурьшуулж, Монгол эхнэр авах, газрын доорх баялгийг авах зэргээр олон бусармаг бодлого явуулж эхэлсэн байдаг.

Ингээд Монгол үндэстний хувь заяаны асуудлыг хэлэлцэх үүднээс Богд болон Халхын дөрвөн хан, хутагтууд ойр ойрхон нууцаар хуралдсан байдаг.

Хуралдахдаа гурван жилд нэг удаа болдог Богдод даншиг өргөх ёслолыг Жавзандамба хутагт өөрөө жил бүр зохион байгуулахаар болгож, энэ үеэр ноёдыг цуглуулж, аминчлан Монгол үндэстэний амин чухал асуудлыг хэлэлцдэг байж.

Богд шиг ихээр хүндлэгдсэн, алдар цуутай хүн тухайн үед байгаагүй

Хуралдаанаар Богд “Монгол үндэстний цаашдын хувь заяаны асуудлыг энэ цаг үед шийдэхгүй бол болохгүй.

Санаа сэтгэл шулуудан, Манж Чин улсаас салж, өөрсдийн газар орон, шашин үндэс, бүхий л зүйлдээ эзэн болох цаг нь иржээ.

Манжийн цаг улирал үүгээр дуусч байна. Тэнгэрийн цаг болж, тусгаар тогтнолоо сэргээх хэрэгтэй.

Миний энэ зарлигийг бүх Монголчуудад уламжил” гэж айлтгасан байдаг. Ингээд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг Богд Жавзандамба хутагт өөрөө гардан зохион байгуулж, амжилтанд хүргэсэн юм.

Тиймээс энэ хүний үндэсний хувьсгалд оролцсон, удирдсан, санаачилсан үйл хэрэг, хувь нэмэр, нэр хүнд, бүхий л үйлсээр тухайн үед тусгаар тогтнолоо олсон учраас Монголын төрийн тэргүүнээр Богд Жавзандамба хутагтыг бүх ноёд, ихэс дээдэс санал нэгтэйгээр өргөмжилсөн байгаа.

Өнөөгийн бид өөрсдийн газар нутаг дээр амьдарч байгаа нь Богдын гавьяа юм гээд хэлчихэд хилсдэхгүй.

ШАШИН БОЛ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, ОЮУН САНААТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ

- Хувь хүнийхээ үүднээс ямар хүн байсан бол?

Хувь хүнийх нь үүднээс үзвэл тухайн үедээ билэг танхай хүн байжээ. Түүний номын сан, эрдэнэсийн сан, амьтны хүрээлэн зэргийн талаар яривал хүн итгэхээргүй хачирхалтай олон зүйлийг цуглуулсан байдаг.

Богдын эрдэнэсийн сангийн талаар эрдэмтэн Козловын тэмдэглэлд "Орос маягийн их ордон модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй бөгөөд эл ордонд европ, хятад, монголын төрөл бүрийн уран сайхны болон үнэт эдлэлүүд дүүрэн байлаа. Өөрийн эрхгүй кунсткамер (ховор эдлэлийн цуглуулга музейг –германд ингэж хэлдэг байна. Орост бас өөрийн Кунтскамер байгуулсныг санасан байж магад –О.Б) хэмээн уулга алдсан байдаг. Уран зураг, хаад, ноѐдын хөргүүд хичнээн төрлийн байгааг хэлэхэд ч бэрх. Тоолж баршгүй. Нэгэн тасалгаанд хөгжилтэй итали эрийн хөрөг зургийн хажууд Английн хаан Эдуардийн өнгө ялгаруулан зурсан хөрөг өлгөөтэй байв. Николай хоѐрын олон төрлийн хөрөг байв. Богд гэгээний өөрийнх нь болон эхнэрийнх нь хөрөг байлаа. Төрөл бүрийн цаг, эр, эмийн дүрслэл бүхий гэрэл зургийн альбомууд. Хятад, оросын шаазан эдлэлүүд гэх зэрэг маш олон эд өлгийн зүйлс байв. Буу зэвсэг бас байсан. Гэгээний унтлагын өрөө нь тун тохьтой бөгөөд бараг онцгой ордон бүрд өөрийн унтлагын өрөө байлаа хэмээн сайх эрдэмтэн бичсэнийг үзэж болно.

Эндээс Богд Англи, Орос гээд гадаадын улс орнуудтай хичнээн холбоотой байсныг мэдэж болно. Богд хааныг Монгол улсаа тунхаглаж, эзэн хаанаар өргөмжлөгдсөнд Оросын эзэн хаан хоёрдугаар Николай өөрийн алтадсан хөргийг ирүүлж баяр хүргэсэн байдаг билээ.

 
Богд хааны амьтны хүрээлэнд байсан заан
 
Богд хаан анх Монголд машин оруулж ирэв

Эл бүхнийг үзсэн Польшийн аялагч Оссендовский “Үнэт эрдэнэс, баялгийн тийм гайхам цуглуулгыг би өмнө нь огт үзээгүй агаад зүйрлэвээс Европын аль ч музей атаархах буй за” хэмээн дуу алдан өгүүлсэн байдаг.

Богд бол маш сэргэлэн хүн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна гаргасан шийдвэртээ туйлбартай зогсож чаддаг, маш эрдэмтэй, чадвартай хүн байсан.

Ерөнхийдөө хэлье гэсэн үгээ хэлчихдэг шулуун шудрага зантай байж. Тухайлбал, Манжийн амбантай заргалдаж, Манжийн хаанд хэд хэдэн удаа гомдол мэдүүлж байсан. Түүнээс нь болж нэг бус удаа Манжийн амбанг тушаалаас нь буцаалгаж байсан тохиолдол байдаг.

Мөн бөх, морь даншиг наадам зэрэг бүгдэд нь дуртай. Багадаа ямаа унадаг, модон морь унаж тоглож, монгол хүүхдүүд шиг л өссөн.

Одоог хэр нь Богдын унаж байсан ямааны эмээл, өмсөж байсан дээл, дөрөв таван настайдаа өмсөж байгаад ууж байсан таргаа асгачихсан, тэр ором нь арилаагүй дээл нь хүртэл Богд хааны ордонд хадгалагдаж байна.

Энэ хүн бол хэдий төвөд гаралтай ч гэсэн монгол хүн болсон, эргэлт буцалтгүй Монголын төлөө өөрийгөө зориулсан хүн юм шүү дээ.

Тухайн үед хүрээнд цугласан ноёд, хутагт хувилгаад Богд хааны адисгүйгээр хүрээнээс гарч чадахаа байх хэмжээнд хүртлээ хүлээн зөвшөөрөгдсөн байсан.

Өөрийнх нь болон гадна дотны хүмүүсийн бичсэн зүйлсээс харахад “Манжийн амбангийн шахалт дарамтанд байснаас амь насаа үл хайхран тэмцэж чадна. Үхэж чадна” гэж хэлсэн байдаг. Ингээд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан явуулсан юм.

 
Богд хааны цуглуулга дахь мөнгөн хайрцагтай алтан аяга

Нөгөө талаас энэ хүн маш баян байсан учраас ялангуяа гадаадынхан их ирж, бараалхдаг байж. Тухайлбал, Богд хаан Монголд орж ирсэн хамгийн анхны машин, мотоциклыг унасан шүү дээ.

Энэ хүний цуглуулсан, эрднэсийн сан, ном судар зэрэг тоймгүй их зүйл байсан байдаг. Оросын бараа л гэхэд склад складаараа байсан гэсэн тэмдэглэлүүд байна.

Судар номын тухайд хааны ордны хэд хэдэн өрөөг хамарсан, шаантаг бичгээр бичсэн, Монгол, Нанхиад, Төвөд, Санскрит хэлээр бичсэн, бурхны шашны улааны, шарын урсгалын сургаалын судар, түүх шастир, үлгэр домгийн цуглуулга олноор байсныг хэлэх нь зөв байх.

Амьтны хүрээлэнгийн талаар бичиж тэмдэглэсэн олон зүйл байдгаас дурдвал халуун орны барс, ирвэс, баавгай, могой, сармагчин, одой морь, тахь, заан, бич, зээр, аргаль, янгир, чоно, тайгын нохой, тоть, махчин шувуу, бүргэд зэрэг олон зүйлийн амьтан байжээ.

Богдын амьтны хүрээлэнгийн талаар эрдэмтэн Козлов бээр бичихдээ: Богдын амьтны хүрээлэнд халуун орны барс, Алтайн ирвэс дүүлж, Гималайн баавгай хүрхрэлдэж, Энэтхэгийн могой мушгиралдан, том жижиг сармагчингууд дүүлж, Шотланд одой морьд янцгааж, Африк судалтай тахь уралдаж, Энэтхэгийн заан бүжиглэж, Монголын зээр, аргал, янгир, хар сүүлт, чоно, алтан гургалдай, тайгын нохой хүртэл эгэлгүй олон амьтан тааваараа идээшин байсан тухай домог мэт зүйлсийг үзсэн дотоод, гадаадын хүмүүс тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байдаг.

Мөн эрднэсийн санд нь бурхны шашны олон бурхан, нефритийн бурхдын цуглуулга, цайны аяга, хөөрөгний цуглуулга зэрэг байсан.

Сонирхуулж хэлэхэд, тухайн үед Монголд анх удаа машин оруулж ирээд, хүмүүс сонирхож, гар хүрж үзэхэд нь аккумляторынх нь утсыг машинд хүргэж, тог цохиулж байсан гэдэг. Хүмүүс цочоод дахиж ойртоогүй зэрэг олон сонирхолтой үйл явдлын тэмдэглэл байдаг юм.

- Харийн үндэстнийг төрийн тэргүүн болгосон гэхчлэнгээр сөрөг хандлагатай байдаг. Энэ талаар?

- Мэдээж тухайн үедээ Богдод дургүй хүн байсангүй. Харин 1924 онд Богд таалал төгссөний дараа Монголчуудын үзэл бодол өөрчлөгдсөн.

Шулуухан хэлэхэд хамгийн том хар феодал нь Чингис хаан, шар феодал нь Богд хаан болж хувирсан хэрэг. Ийм үзэл суртлын үүднээс Богд хааныг уран зохиол, кино, жүжигт хамгийн муугаар дүрслэн харуулж байсан.

Чухамдаа энэ хүн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олоход онцгой хувь нэмэр оруулсан учраас муу гэхээс илүү сайнаар харах учиртай.

- Х Богдын талаар мэдээ сэлт байгаа юу?

- Юутай ч VIII Богд 1911 он хүртэл монголчуудын шашны тэргүүн, 1911 оноос 1924 онд төр, шашны тэргүүн байсан.

1924 онд Монголд зөвлөлт засгийн заавар ёсоор Бүгд найрамдах засаглал тогтоосон. Богдыг нас барсны дараа Богдын хойд дүрийг тодруулахгүй гэж Монгол Ардын Нам, засгийн газраас шийдвэр гаргасан юм.

1990-ээд оны дараа сүсэг бишрэл чөлөөтэй болж ирснээс хойш IX Богдын сураг ажиг гарч, түүнийг 1991 онд Далай лам баталгаажуулж, 1999 онд Энэтхэгт суудаг Есдүгээр Богд бээр Орос улсаас Монголд саатан морилсон боловч түүнийг виз хэтрүүлсэн гэсэн шалтаагаар бараг л хөөж гарсан байдаг.

Баялаг түүхээ үнэн мөнөөр судалж, түүхэн үнэнийг бичиж, түүнийгээ өргөн олонд хүргэх явдал нэн чухал

10 жилийн дараа 2009 онд Монголд дахин ирж, удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар Монгол Улсын иргэн болж, бурхны шашны тэргүүнээр 2011 онд өргөмжлөгдсөн юм.

Өндөр настай байсан учраас 2012 оны гуравдугаар сарын 1-ний өдөр буюу тэр жилийн цагаан сарын шинийн найманд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Ганданд таалал болжээ.

Бид жил бүр цагаан сар өргөн тэмдэглэж, бидний амьдралын хэвшил, зан заншил, соёл тэргүүтний үзвэл бурхны шашин Монгол үндэсний дархлаа, ёс заншил, уламжлалыг хадгалж ирсэн гэдгийг харж болно.

1990-ээд оноос хойш Монголд бурханы шашины сүм хийд олноор дэлгэрч, лам хувраг олон болж буй, Есдүгээр Богдыг Монголдоо залж авчран, бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн.

Эдгээрээс харвал юутай ч Монгол нутагт Өндөр гэгээн Занабазараас хойш, магадгүй II Богдоос хойш монгол хүн монгол нутагт бурханы шашны тэргүүн болох тэрхүү боломж үүдийг нээсэн бодлого Монголын төрөөс баримталж байгаа нь харагдаж байна. Магадгүй гурав, дөрвөн зуун жилийн дараа ч болж байж магад хэмээн бодно.

Энэ бол Монголчуудын үндэсний эв нэгдэл, оюун санаатай холбоотой учраас маш эмзэг нарийн асуудал юм.

 
Улсын эх дагина Дондогдулам

Монголчууд тусгаар улсын хувьд өөрийн бурхны шашны тэргүүнийг монгол хүн байлгах бодлого баримталж байна гэж бодож байна.

МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ТҮҮХ БОЛ ТАНЫГ МОНГОЛ ГЭХ ДАРХЛААНЫ НЭГ ХЭСЭГ ЮМ

- Энэ үеийн түүх ялангуяа Жавзандамба хутагтын талаар эрдэмтэд хэр гүнзгий судалсан байдаг юм бол?

- Энэ үеийн судалгаа тодорхой хэмжээнд судлаачид хийж байсан ч нэлээд орхигдсон талтай байсан. Социализмын жилүүдэд Богд хааныг саараар үзэж байсан учраас судалгаа бага хийгдсэн хэрэг.

Харин сүүлийн үед Монгол Улсад ч тэр олон улсад ч тэр Богд хаантай холбогдох үеийг судлах эрдэмтэн судлаачдын тоо нэмэгдэж байна. Харьцангуй судалгаа гүнзгийрэх талдаа орж байна.

- Богд хааны нас барсан талаар товч дурдвал?

- Богд хаан 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал болсон. Түүнийг нас барсны дараа Монголчууд 21 хоног бэлэвсэрсэн байдаг. Эл үеэс хойш ямар ч төрийн зүтгэлтэнд ийм олон хоног хүндэтгэл үзүүлээгүй юм.

Социализмын хатуу жилүүдэд Намын төв хороонд ажилладаг байсан зарим настай хүмүүс хүртэл Богд хаанд Коминтерн үрэл үмхүүлсэн хэмээн ярьж байсныг дуулж, тэмдэглэсэн хүмүүс байдаг юм. Нотлох баримт бол байхгүй.

- Заавал энэ үе гэлтгүй, Монголынхоо түүх соёлд монгол залуус хэрхэн хандах ёстой вэ?

- Түүх бол та бидний бахархал, монгол үндэстний ой санамж. Тиймээс хэрэв та, ах, эгч, дүү минь монгол хүн бол, монгол үндэстэн бол, Монгол Улсын иргэн бол өөрийн үндэстэний цадиг түүхийг заавал мэдэх үүрэгтэй.

Энэ бол таныг монгол гэх дархлааны нэг хэсэг юм. Энэ бол бусдаас ялгарах өөрийн тань онцлог, амин шалгуур шүү.

Тиймээс үр хойч нараа өтгөс буурлууд, аав ээж нар үлгэр домог ярьж, үүх түүхийг нь мэдүүлж, монгол хүн болгох нь туйлаас чухал гэдгийг эл даяарчлалын эрин үе бидэнд мэдрүүлж байгаа шүү.

Монголчууд биднийг түүхээс нь холдуулж, түүхийг нь гуйвуулж, ой санамжаа алдах шахам болгосон тал бий. Одоо баялаг түүхээ үнэн мөнөөр цаг зав мөнгө гарган судалж, түүхэн үнэнийг бичиж, түүнийгээ өргөн олонд хүргэх явдал нэн чухал байна.

Нийт уншигчдадаа үндэсний баярын өдрийн мэнд хүргэж, үндэсний түүх, хэл, соёлоо сурах охид хөвгүүдийн оюуны ам нээгдэх болтугай хэмээн ерөөл тавья.

- Ярилцсанд баярлалаа.