Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс интернэт сүлжээгээ гадаад ертөнцөөс тусгаарлах туршилтыг амжилттай гүйцэтгэжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улс орныхоо дотоод интернэтийн сүлжээг гадаад ертөнцөөс тусгаарлах туршилтыг амжилттай гүйцэтгэснээ ОХУ-ын харилцаа холбооны яам өчигдөр зарлажээ.

Яг ямар арга хэрэглэсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч энэ туршилт энгийн хүмүүст анзаарагдаагүй өнгөрсөн гэж тайлбарласан байна.

Туршилтын үр дүнг одоо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулах гэнэ. ОХУ-д энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн “хараат бус интернэт”-ийн хууль хэрэгжиж эхэлсэн юм.

Үүний үр дүнд тус улсын интернэт үйлчилгээ эрхлэгчид (ISP) гадаад гарц дээрээ засгийн газраас тараасан төхөөрөмжийг байрлуулах үүрэгтэй болсон байна.

Эдгээр төхөөрөмжийг ашиглан эрх баригчид нэг цэгээс Орос улсын интернэт сүлжээг гадаад ертөнцөөс салгах чадвартай болсон юм. Өөрөөр хэлбэл тус улсын интернэт сүлжээ байгууллагын дотоод сүлжээ буюу интранэт шиг хязгаарлагдмал хүрээнд ажиллана гэсэн үг.

Үүнийгээ Оросын эрх баригчид том хэмжээний кибер халдлага, үндэсний аюулгүй байдалд аюул учирсан тохиолдолд ашиглана гэж тайлбарлаж байгаа.

Шүүмжлэгчид нь үүнийг өөрийн вакуум орчинг үүсгэж, ард иргэдийнхээ мэдээлэл авах эрхийг хаах арга гэж үзэж байна. Ийм тусгаарлагдсан интернэт сүлжээний нэг том жишээ нь Хятадын алдарт “Great Firewall” юм. Тус улс өрнөдийн олон тооны мэдээллийн эх үүсвэрийг өөрийн газар нутагт хэрэглэхийг хориглосон байдаг.

 

Эх сурвалж: BBC