Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батболд: Ойрын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол өдөрт 40-50 бүртгэгдлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны 2019 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр болсон юм.

Энэ үеэр Шинэ жилийн үеэрх замын ачаалал, зохицуулалтын талаар ТЦА-ны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболдоос тодрууллаа.

- Шинэ он гарахад ойртсон энэ өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал хэр нэмэгдэж байна вэ?

Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн жилийг бодоход тээврийн хэрэгслийн тоо 70 орчим хувиар огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн шинэ жилийн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал их байгааг хүн бүр мэдэж байгаа байх.

Сургууль, цэцэрлэг амрахад замын ачаалал тодорхой хэмжээгээр буурдаг.

Гэвч шинэ он гарах дөхсөн энэ өдрүүдэд замын буурахгүй байгаа нь авто машины тоо нэмэгдсэнтэй холбоотой.

Тийм учраас бид хөдөлгөөн зохицуулах чиглэлээр төв конторт ажилладаг алба хаагчдаа уртасгасан цагаар буюу 22:00 цаг хүртэл ажиллуулж байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил яг энэ сард нэмэгддэг учраас энэ зөрчлийн бууруулах зорилгоор хяналт, шалгалтын бүлгийг нэмэгдүүлж ажиллаж байна.

Ялангуяа алслагдсан замууд болон архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүд дээр хяналтыг эрчимтэй явуулж байна.

- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан зөрчил хэчнээн бүртгэгддэг юм бэ?

Шинэ жилийн баярын энэ өдрүүдэд өдөрт 40-50 тохиолдлоос буурахгүй хэмжээнд бүртгэгдэж байна.

Арванхоёрдугаар сард байгууллагууд шинэ жилээ тэмдэглэхээс эхлээд олон арга хэмжээ болдог. Үүнтэй холбоотойгоор зөрчлийн тоо их байдаг.

Нөгөө талаар замын ачаалал нэмэгддэг энэ сард ажлаа илүү эрчимжүүлдэг учраас гарсан зөрчлүүдийг хангалттай хэмжээнд илрүүлж чадаж байгаа гэж ойлгож байна.

- Энэ тоо бусад саруудаасаа өссөн үзүүлэлт үү. Ер нь энгийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэр гардаг юм бол?

Бусад өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-20 тохиолдол бүртгэгддэг.

Харин баярын өдрүүдэд энэ тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс ч бид нэгдсэн зохион байгуулалттай арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ тал дээр жолооч нарт анхааруулж хэлэхэд, Баяр, арга хэмжээнд оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, болж өгвөл автомашинтайгаа тухайн баярын ёслолд оролцохоос татгалзахаас гадна өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ухамсарлаж дуудлагын жолоочийн үйлчилгээ авахыг зөвлөж байна.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоочдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7-ын 3.1, 3.2-д зааснаар: Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болон хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.