Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Буйдан дээрх тэмцэл буюу “кликтивизм”

ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
https://developmenteducation.ie/feature/social-media-clicktivism-creates-more-apathy-than-empathy/

Саяхан Байгалийн түүхийн музейн барилгыг авч үлдэх хөдөлгөөн эрчимтэй өрнөж уг барилгыг буулгахыг эсэргүүцэн хэвээр үлдээх талаар нийгмийн хэлэлцүүлэг цахим сүлжээгээр өрнөсөн билээ.

Улмаар твиттерийн #Savemuseum хаштаг жиргээнд иргэд идэвхтэйгээр нэгдсэн. Гэвч энэхүү музейн барилгыг хүчээр буулгасан нь хотын түүхэн дурсгалт барилгыг нурааснаасаа илүү  сүүлийн үед үгүйлэгдэх болсон иргэдийн дуу хоолойг үл ойшоосон, идэвхтэй оролцоог нухчин дарсан нь илүү хор уршигтай байв.

Эндээс үүдэн цахим тэмцэл үр нөлөөтэй эсэх,  цахим хөдөлгөөн бүр нийгэмд өөрчлөлт авчрах хөдөлгүүр болох уу,  цахим сүлжээнд ганцхан товч дарснаар бид нийгмийн идэвхтэй тэмцэгч болж чадах уу гэсэн асуултууд урган гарч ирж байна.

Орчин үед цахим сүлжээ бидний өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлсээр улмаар цахим сүлжээгээр дамжуулан нийгмийн тулгамдсан асуудлыг олон нийтэд ил гарган гарган нийгэмд нөлөөлөх стратеги түгээмэл болж байгаа билээ. Зөвхөн нийгмийн асуудал төдийгүй томоохон корпораци цахим сүлжээг ашиглан маркетингийн кампанит ажил амжилттай явуулж байна.

Ялангуяа Монголд цахим сүлжээний хэрэглээ нэлээн нэмэгджээ. Судалгаагаар Монголын твиттер хэрэглээ Ази Номхон далайн бүсдээ нэлээн дээгүүр буюу 67 хувиар буюу 10-т оржээ.  Энэ нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад нэлээн өндөрт тооцогдохуйц байна. Тухайлбал АНУ-ын твиттерийн хэрэглээ 71 хувь байна.

График 1, 

 

Твиттерийн жиргээгээр олон нийтийг цочоосон үйл явдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй шуурхай олж мэдэн хариу реакц үзүүлэн, өөрийн байр сууриа илэрхийлэн жиргэдэг болсон. Ийнхүү ихэнхдээ нийгмийн болохгүй, бүтэхгүй асуудлыг хөндөхдөө хаштаг ашиглан жиргэдэг. Эндээс хаштагийн активизм  эхэлдэг байна.

Хаштаг нь твиттерээс анх үүсэж зарим цахим хөдөлгөөнийг амжилттайгаар эхлүүлжээ.

Хамгийн алдартай хаштагийн хөдөлгөөний жишээ нь #MeToo хөдөлгөөн юм. АНУ-ын Пью судалгааны төвийн судалгаагаар уг хөдөлгөөн  анх 2017 онд эхэлснээс хойш дэлхий даяар 19 сая удаа, өдөрт дунджаар  61,911 жиргэгдсэн байна. Анх энэхүү хөдөлгөөн нь 2006 онд Тарана Бурке гэдэг эмэгтэй санаачлан өнгөт арьст эмэгтэйчүүдийн ялгаварлалын эсрэг эхлүүлсэн боловч 2017 онд холливүдын эмэгтэй жүжигчид бэлгийн хүчирхийллийн эсрэг дуугарч энэхүү хаштагийг ашиглан цахим хөдөлгөөнийг эхлүүлсэнээр  зөвхөн холливүд төдийгүй дэлхий даяар эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойг нэгтгэж чадсан байна.

Хэдийгээр цахим хөдөлгөөн нь богино хугацаанд, шуурхай, олныг хамарч чадах ч бодит үр нөлөө авчрах эсэх нь эргэлзээтэй.  Мэдээж олон жиргээ, ретвит нь тухайн асуудалд анхаарал хандуулах боловч дараагийн асуудлын  нийтийг хамарсан жиргээндээ дарагдан үргэлжилдэг болсон.

Энэхүү гар утсан дахь цахим сүлжээний товч дарах “хойрго” цахим оролцоог НҮБ  “slacktivism” гэж анх тодорхойлжээ.

Энэ нь энгийн хялбар цахим үйлдлээр олон нийтийн санаачилгыг дэмжих мэт боловч бодитой үр дүн гаргахад гар бие болон хүчин зүтгэл гаргахгүй байхыг хэлдэг байна.

Үүнийг өөрөөр кликтивизм буюу буйдангийн тэмцэл гэж бас нэрлэдэг аж.

Энгийнээр хэлэхэд цахим сүлжээнд хаштаг эсвэл ретвит гэх мэтээр гар утасны товчоороо клик хийгээд л хязгаарлагдахыг хэлдэг байна.  Энэхүү кликтивизм нь олон нийтийн идэвхтэй оролцоо болон бодит өөрчлөлтийн төлөөх хүчин зүтгэл  сулруулах сөрөг нөлөөтэй байна.

Цахим сүлжээ  нь нийгмийн өөрчлөлтийн төлөөх активизмийн чухал талбар бас хүчин зүйл гэж үзэж болох ч нөгөө талаас иргэдийн бодитой оролцоо, идэвхийг  сулруулан  буйдан дээрээсээ гар утасныхаа нэг товчийг дарах төдийгээр ойлгох нь оролцоот ардчилалд сөрөг үр дагавар бий болгох аюултайг зарим судалгаа1 харуулжээ.  Иелийн их сургуулийн профессор Моллет Крокетийн судалгаагаар2 цахим эсэргүүцэл нь ихэвчлэн тухайн хүний eco chamber буюу өөрийн цуурай болон хувирдаг.

Учир нь тухайн хүний цахим сүлжээний хүрээлэл нь голдуу ижил байр суурь, үнэт зүйлс бүхий хүмүүс байдаг  тул тухайн асуудлыг өөртэй нь адил дэмжигчидтэйгээ “гацан” оролцоо нь хязгаарлагддаг байна.

Түүнчлэн энэхүү  ижил байр суурийн “бүлгийн” хандлага нь нийгмийн үзэл санааны хуваагдлыг улам хурцатгадаг гэсэн байна. Цахим сүлжээний эсэргүүцэл хурц, драма ихтэй байх тусмаа олны анхаарлыг татан, өргөнөөр хамруулах боловч энэ нь нийгмээ улам л хуваагдалд оруулан, бодитой шийдэл, үр нөлөө авчрахгүйгээр комфорт зон буюу өөрийн тааламжит цахим орчиндоо хэвээр үлдээхэд хүргэдэг гэжээ.

Судалгаанаас харахад цахим хөдөлгөөн нь нийгмийн сайн сайхны төлөө байхаас гадна өөрийн хувь хүний үнэт зүйлээ бусдад харуулах,  мөн өөрөө мэдрэн таашаал авах нь сэдэл болдог гэжээ.  Цахим хэрэглэгчид бичсэн жиргээ болон постоороо өөрийн онлайн үнэт зүйл буюу хувь хүний төрхийг бий болгодог байна. Тухайлбал, уламжлалт эсвэл дэвшилтэт үзэлтэй эсэх, улс төрийн байр суурь гэх мэт хандлагаа илэрхийлэх талбар болдог аж. Цахим хөдөлгөөнд нэгдэн оролцсоноор тухайн хүн өөрийгөө бусдад эерэгээр харуулах өөрийн байр суурь хэрхэн дэвшилттэйгээр нийгмийн хөдөлгөөнтэй хөл нийлүүлж байгааг харуулах нь чухал байдаг байна. Данийн сэтгэл зүйч Андерс Колдинг-Иоргенсэн Нүүрномд хийсэн туршилтаасаа үндэслэн “Хүмүүс гэртээ шинэ тавилга тавин үүгээрээ  дамжуулан өөрийн хувь хүн, байр суурь, сонголтоо харуулан “гайхуулдаг”-тай адил  Нүүрном дээрээ бичсэн болон дэмжсэн пост нь бусдад өөрийгээ харуулах боломж болдог" гэжээ. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд цахим сүлжээний оролцоо нь бодитой тэмцэл гэхээс илүү өөрийгөө бусдад илэрхийлэх, харуулах талбар болох нь төдийгээр хязгаарлагдах боломжтой аж.

Олон улсын статистикаас үзэхэд цахим сүлжээний нийгэмд үзүүлж буй асуудлын жагсаалтанд төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдалд нөлөө үзүүлнэ гэх итгэл буурч байна.

График 2, 

 

Өнөөдрийн завгүй нийгэмд, хэт их мэдээллийн бөмбөгдөлтөнд, өдөр тутмын ахуй амьдралдаа түүртэх энэ цаг үед мэдээж цахим тэмцэл бидний эхний сонголт байх болно.

Гэвч цахим сүлжээгээр асуудлыг хөндөж тавьснаар,  олон нийт тухайн асуудлыг мэдэн бултаараа жигшин ретвит хийснээр  уг асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлтээ бид өөрчлөх хэрэгтэй байна.  Зөвхөн твиттерийн нэг товч дарснаар асуудлын төлөөх сэтгэл ханаж, өөрчлөлт бий болгосон мэт эндүүрэх нь бидний ардчилалынхаа мөн чанарыг алдагдуулах аюултай. 

Ардчилалын 30 жилийн ойг тэмдэглэж буй энэ цаг үед ардчилалын гол амин сүнс болсон иргэдийн оролцоог гар утасны товч дарах төдийгээр хязгаарлах бус өөрсдийн бодитой оролцоогоо бий болгох нь ардчиллаа бэхжүүлэх чухал үйлдэл болох юм.

 

Өгүүллийг: Ж.Баярцэцэг @BayartsetsegJ

 


 

1 The Nature of Slacktivism: How the Social Observability of an Initial Act of Token Support

Affects Subsequent Prosocial Action  http://www.jstor.org/stable/10.1086/674137 .

2 “Moral outrage in the digital age “ Nature Human Behavior | VOL 1 | NOVEMBER 2017 | 769–771 | www.nature.com/nathumbehav