Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Алтангэрэл: Модун Шаньюугийн дүр дээр ажиллах юмсан гэсэн нууцхан мөрөөдөл төрж байлаа

ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Г.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Анх “Тэнгэрийн хүү” жүжгийн Аравтын баатрын нэг байсан. Харин одоо уг жүжгийн гол дүр “Модун шаньюй”- дүрийг ажиллаж байна. Энэ тухайд?

- 2011 онд Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулж Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагч энэхүү жүжгийн тайзны бүтээл болгосон юм. Тухайн үед би дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй  УДЭТ гэдэг их айлд хөл тавиагүй байсан үе юм. Модун шаньюугийн арван баатрын нэгээр сонгогдсон минь миний хувьд аз завшаан болж билээ. Тэр аравтад орохыг хүссэн олон залуучууд байдаг байлаа. Тэрнээс хойш уран бүтээлч хүний хувьд “Модун Шаньюу”-гийн дүр дээр ажиллах юмсан гэсэн нууцхан мөрөөдөл төрж байсан юм. Ер нь бусад уран бүтээлчдэд ч бас нууцхан хүсэл төрж байсан байх.

- “Тэнгэрийн хүү” жүжгийн гол дүр Модун шаньюуд  хэрхэн сонгогдсон бэ?

- Өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Хийморь” МУСК-нд би адуучин залуугийн дүр дээр ажилласан юм. Тэр дүрээс намайг “Модун шанью”-д тохирох юм байна гэдэг санаа анх төрсөн гэж Н.Наранбаатар найруулагч хэлж байсан. Модун хааны дүр дээр жүжигчин Г.Алтангэрэл ажиллаарай гэж хэлэхэд нь би маш их баярлаж байсан ч бага зэргийн айдастай байсан. Учир нь МУСТА жүжигчин Г.Эрдэнэбилэг ахаар Модун хааны дүрийг үзэгчид мэддэг болсон болохоор надад  маш том хариуцлага ирсэн.

-Таны бүтээсэн Модун хааны дүр юугаараа онцлог вэ?

-Аливаа нэг уран бүтээл дээр ажиллахад жүжгийн болон дүрийнхээ  зорилго, хэлэх санаа, нэвтрэн гарах үйлдэл энэ бүгдийг найруулагчтайгаа нягт сайн тохирч гардаг. Өөрөөр хэлбэл гол дүрийн жүжигчин солигдоход тухайн дүрийн зорилго болоод хэлэх санаа өөрчлөгддөггүй. Харин жүжигчин бүр өөр өөрсдийн жүжиглэх арга барилаар тухайн бүтээлийнхээ дүрийг гаргаж ирдгээрээ онцлог. Миний хувьд Модун шаньюуг аугаа удирдагч эх орон газар шороо ямар их үнэ цэнэтэй олддогийг харуулахын зэрэгцээ хувь хүний эрэмгий дайчин мохошгүй чанарыг илүү харуулахыг зорьсон юм.

“Бидний орших эс орших нь энэ газраас улбаатай. Бид сөөм газрыг алдаж болохгүй. Газар бол улсын минь үндэс билээ” гэсэн энэ өгүүлбэр миний зүрх сэтгэлд, тархинд завсаргүй үндэслэсэн юм. Мөн залуучууд маань ч тархи зүрхэндээ мөнхөд санаж явах хэрэгтэй.

-Одоо ямар ямар уран бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?

-Монгол жүжгийн өдрүүд маань “Тамгагүй төр” жүжгээр өндөрлөж байна. Миний хувьд “Тамгагүй төр” жүжгийн Ачирын дүр дээр ажиллаж байна. Мөн хүүхдийн шинэ уран бүтээл Зохиолч, найруулагч Мөнх-Амьдралын “Миний аав миний баатар” жүжиг дээр ажиллаж байна. Энэ сарын 27-ны өдөр буюу монгол бахархлын өдөр “ТЭНГЭРИЙН ХҮҮ” жүжиг маань дахин тоглогдоно.

-Саяхан БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан 2 хүний –жүжгийн фестивалд оролцоод ирсэн гэсэн. Ямар жүжиг тоглосон бэ? Энэ талаар хуваалцаач?

-БНСУ-ын Сөүл хотноо 19 дэх жилдээ зохион байгуулагдсан “World duo art performing festival”-д Монгол Улсаа төлөөлж анх удаа В.Краснагоров "Хувь заяаны хүлээс" жүжгээр Гэгээн муза академийн ерөнхийлөгч АЖ С.Сарантуяа эгч болон жүжгийн найруулагч УДЭТ-ийн найруулагч О.Итгэл, мөн миний гэргий УДЭТ жүжигчин  Номуун  миний бие явсан юм. Энэхүү фестивальд Монгол , БНСУ , Грек, Румин , Украйн таван улсын  нийт  долоон бүтээл оролцож гурван бүтээлд “Special perfonmance”шагналыг гардуулсан юм. Үүний нэгэнд нь “Хувь заяаны хүлээс” жүжиг маань шалгарч амжилттай оролцоод ирлээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Эх сурвалж: УДЭТ