Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮ-ийн салбарын зээлийн ЗУРГААН дэвшил

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд нэн хөнгөлөлттэй зээл авсан нь ил болсноос хойш тус сангаас төсөл сонгон шалгаруулах журмыг шинэчилж, өнгөрсөн тавдугаар сарын 9-нөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Ийнхүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд тавдугаар сарын 27-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд төслүүдийг орон даяар хүлээн авахаа зарласнаар энэ жил нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгж 487.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт илээснийг аравдугаар сард сонгон шалгаруулж дуусав.

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтад 467 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 47 тэрбум төгрөгийг урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болсон юм. Хэдийгээр энэ нь нийт хүсэлт ирүүлсэн иргэдийн 17 хувь ч хүртэж буй хүмүүсийн тоо өмнөхөөсөө хамаагүй нэмэгдсэн бөгөөд үр дүнд нь 2,656 шинэ ажлын байр бий болж, 2,067 нь хадгалагдах боломжтой хэмээн ХХААХҮЯ тооцсон байна.

Шалгарсан төслүүдийг салбараар авч үзвэл нийт санхүүжилтийн

  • 7 хувийг арьс шир боловсруулах үйлдвэр
  • 8.1 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах
  • 18.8 хувийг ноос ноолуур боловсруулах, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • 15.6 хувийг мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр
  • 7.6 хувийг төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр
  • 3.6 хувийг шинэ техник технологи нэвтрүүлэх чиглэлээр тус тус эзэлж байгаа аж.

ЖДҮХС-ийн журам өөрчлөгдсөнөөр бий болсон зургаан ололтыг дурдвал:

НЭГ. Зээлийн хүртээмж

2018 онд 97 тэрбум төгрөгийг 213 зээлдэгчид олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид олгох шийдвэр гарч, сангийн зээлийн хүртээмж 2.2 дахин өссөн байна.

ХОЁР. Зээлийн хүү

Арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хүү урьд жилүүдэд 8% байсныг 2.2%-2.6%-аар бууруулсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны хувьд эцсийн зээлдэгчдэд мөнгө нь  5.4%-5.8%-аар олгогдох нь.

ГУРАВ. Даатгалын тогтолцоо

ЖДҮХС-аас шууд олгож буй зээлдэгчдэд зээлийн эрсдлийн даатгалын тогтолцоог бий болгож, даатгалд хамруулдаг болов. Зээлийн эрсдлийн даатгал хийлгэхээр даатгалын зургаан компанитай гэрээ байгуулжээ.

ДӨРӨВ. Зөв төсөл шалгарах боломж

Төсөл сонгон шалгаруулалтыг 3-4 үе шаттайгаар хийдэг болов. Ингэхдээ эрсдлийн үнэлгээг олон улсын болон санхүүгийн шинжилгээний загвар, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны боловсруулсан зөвлөмж, олон улсын рейтингийн үнэлгээнд суурилан, урьдчилсан шатыг 15 үзүүлэлт бүхий 90, нарийвчилсан судалгааг 14 үзүүлэлт бүхий 56 хэмжүүрээр, 100 онооны системээр 16 аймгийн 69 сум, есөн дүүргийн 378 төсөлд эрсдлийн үнэлгээг хийжээ.

ТАВ. Нээлттэй, ил тод байдал

Шалгаруулалтын үр дүн, шаардлагатай мэдээллийг төсөл ирүүлэгчид гар утсаар нь мессэжээр хүргэж, шалгаруулалтын явцыг цаг тухай бүрт олон нийтэд нээлттэй, ил тод авах боломжуудыг бүрдүүлсэн.

ЗУРГАА. Хамтран ажиллах боломж

Орон нутагт зарим эрх мэдлийг шилжүүлж, тухайн аймаг эх үүсвэрээ татан төвлөрүүлж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал, Өмнөговь аймаг 3.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгосон бол орон нутгийн зээлийн багц гаргаснаар 21 аймгийн 366 төсөлд 20.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх боломжтой болсон.



2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль баталсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар тэр өдөртөө 60 дугаар тогтоол баталж, Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулахаар тусгасан. Түүнчлэн 61 дүгээр тогтоолдоо жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байгуулахтай холбогдуулан шаардлагатай зардал, санхүүжилтийг тооцож, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгаж, 2020 оны нэгдүгээр сараас байгуулах тухай заасан.

Гэвч энэ тогтоол огт хэрэгжээгүй бөгөөд Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2020 оны төсөвт ЖДҮ-ийн газар байгуулах битгийхэл ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр нэг ч төгрөг төсөвлөлгүй батлаад байгаа билээ. Учир нь тус сангийн эргэн төлөлтөөр 2020 онд 69 тэрбум төгрөг орж ирэх тул тэр мөнгөөр санхүүжүүлэх нь хангалттай гэж үзээд сонгуулийн тойргууддаа зориулсан дэд бүтцэд дийлэнх мөнгөө хуваарилаад байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн хорооноос танилцуулснаар Монгол Улсын Бизнес регистрийн санд 2019 оны III улиралд 184.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 93.4 мянга буюу 50.7% нь үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 67.5 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нуцагт харьяалагдаж байгаа.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1-т “жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ хэмээн заасан.

Тэгвэл дээрх аж ахуйн нэгжүүдийн 87.2 хувь нь 1-9, 5.7 хувь нь 10-19, 4.5 хувь нь 20-49 ажиллагчидтай байгаа юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүд төлж буй татвар, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээрээ Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж, томоохон хувь нэмрээ оруулдаг билээ.