Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гантөмөр: Барилгын цонх сайн байх үндсэн шалгуур нь дулаан алддаггүй байх

Барилга.мн
2019 оны 11 сарын 20
Барилга.МН
Зураг зураг

Сүүлийн 10-15 жилд манай улсын барилгын салбар тун эрчимтэй хөгжиж ирсэн. Нэг талаас энэ нь төр засгаас удаа дараа явуулж ирсэн, мөн явуулж байгаа агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг орон сууцжуулах бодлоготой шууд холбоотой юм.

Барилгын салбар дахь энэ хөгжил, дэвшлийг дагаад шинэ шинэ барилгын материалууд, хийц, бүтээцүүд орж ирсэн. Эдгээрийн нэг нь барилгын хуванцар цонх, хаалга юм. Өнөөдөр Монгол Улсад нийтдээ том, жижиг нийлсэн 350 орчим цонх, хаалганы үйлдвэр, цех үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 250 орчим нь Улаанбаатар хотод байна. Дээрх үйлдвэрлэгдэж, барилгад суугдаж байгаа нийт цонхны 85 орчим хувь нь хуванцар цонх байна. Мөн хуванцар цонх, хаалганы бэлдэцийн 3 ч үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Хуванцар цонх нь барилгын салбарт нэвтэрсэн технологийн нэг дэвшил болж олон давуу талуудыг бий болгож чадсан. 

Дээрх хуванцар цонхнууд нь өөр хоорондоо хүрээ рамныхаа өргөн, бэлдэц материалын доторх дулаан тусгаарлах таславчны  тоо, мөн аль улсад, хаана хийгдсэнээрээ ялгагдаж, үнэ ханш, эрэлт хэрэгцээ нь янз бүр байна. Ер нь хуванцар цонхны хүрээ рамны өргөний хэмжээ аль болох өргөн, доторх дулаан тусгаарлах таславчийн тоо олон байх  тусам сайн цонх гэдэг ерөнхий ойлголт цонхны үйлдвэр, барилгын угсралтын компани мөн иргэд, хэрэглэгч нарт бүгдэд нь адилхан байдаг. Яг энэ ойлголт нь өнөөдрийг хүртэл барилгын цонхны чанарын гол үзүүлэлт түүний хэмжүүр болж ирсэн.

Гэтэл хуванцар цонхыг барилгын нэгэн чухал хашлага бүтээц барилгын цонх гэдэг утгаар нь хэрвээ үзвэл түүнд тавигдах чанар, стандарт, барилгын норм дүрмийн талаархи ойлголт өөр болно. Өнөөдөр манайд хүчин төгөлдөр мөрдөж байгаа барилгын норм дүрэм, холбогдох стандартын хүрээнд барилгын цонхонд тавигдах шаардлага үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлох ёстой. Үүнд:

  1. Тухайн барилгын цонх нь ямар материалаар хийгдсэнээс үл хамааран цонхны дулаан техникийн үзүүлэлт нь БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалал” барилгын норм дүрмээр тавигдсан шаардлагыг хангасан байна.
  2. Тухайн барилгын цонх нь ямар материалаар хийгдсэнээс үл шалтгаалан цонхны суулгалт, заадлын дулаалга болон ус  чийг, уур тусгаарлалтын шийдэл нь холбогдох техникийн бичиг баримт MNS 6266-2011 “Барилгын хана, цонхны уулзварын суулгалтын заадал” стандартыг бүрэн хангасан байх.
  3. Тухайн барилгын цонх нь ямар материалаар хийгдсэнээс шалтгаалан уг цонхны материалд тавигдах шаардлага мөн цонхны угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа ажилбар нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байх.

Барилгын цонхны хувьд зайлшгүй хангасан байх дээрх 3 үзүүлэлтийг тус бүрт нь тодорхой авч үзье.

Барилгын цонхонд тавигдах эхний шаардлага үзүүлэлтийн талаар:

2009 онд батлагдсан БНбД 23-01-09 “Барилгад  хэрэглэгдэх уур амьсгал, геофизикийн үзүүлэлт”, БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” барилгын норм, дүрмүүд нь Монгол Улсын газар нутгийг галлагааны хугацаагаар нь 4-н бүсэд болгон хувааж, тухайн бүсүүдэд баригдах барилгуудыг зориулалтынх нь ангиллаар хамааруулан, барилгын хана, дээврийн хучилт, барилгын цонхны дулаан техникийн үзүүлэлтийг нарийвчлан тооцоолж гаргасан байдаг. Тухайлбал, Улаанбаатар хот нь тухайн бүсчлэлийн 2-рт хамаарагдаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг орон сууц, нийтийн эзэмшлийн барилгын хана нь 4.2м2с0/вт, дээврийн хучилт нь 6.5м2с0/вт, барилгын цонх нь 0.65м2с0/вт-ийн дулаан техникийн үзүүлэлттэй байхаар туссан. Гэхдээ барилгын цонхны шиллэгээний нийт талбайн хэмжээг уг барилгынхаа гадна талбайн хэмжээнийхээ 18 хувиас хэтрэхгүй байхаар заасан байдаг.  

Аливаа барилгын цонхны /мод, хуванцар, металл/ дулаан техникийн үзүүлэлтэд голлон нөлөөлдөг хүчин зүйл бол цонхны шиллэгээ буюу цонхны шилэн багц юм. Учир нь тухайн цонхны нийт талбайн 80-90 хувийг цонхны шиллэгээ эзэлдэг. Тиймээс цонхны шилэн багцны дулаан техникийн үзүүлэлтийг сайжруулснаар барилгын цонхны нийт дулаан техникийн үзүүлэлт нэмэгдэх, улмаар тавигдаж буй норм, нормативыг хангах нөхцөл нь бүрдэх ёстой.

Энэ үүднээс 2011 онд MNS 4753-2011 “Наамал шилэн багц” техникийн ерөнхий шаардлага стандарт батлагдаж гарсан. Энэ стандартад нийтдээ 50 гаруй шилэн багцны шийдлүүдийг тусгаж, тэдгээрийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл, гэрэл нэвтрүүлэлтийн үзүүлэлтүүдийг тус бүрээр нь гаргасан байдаг.

Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дээрх барилгын норм дүрэм, стандарт нь цонхны үйлдвэрлэлийн салбарт огт мөрдөгдөхгүй байгаа нь нууц биш. Үүний үндсэн шалтгаан захиалагч байгууллагуудын хүсэл, зорилго, чанар стандартын тухай ойлголт мөн худалдаж авч буй бараа бүтээгдэхүүнийхээ үнэ ханшны талаар баримтлаж байгаа бодлоготой шууд холбоотой. 

Өнөөдөр барилгад суугдаж байгаа нийт цонхны 70 хувь нь нэг хөндийт буюу 2 давхар ердийн шилтэй, 30 хувь нь 2 хөндийт буюу 3 давхар ердийн шилтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа. Нэг хөндийт буюу 24 мм зузаантай шилэн багцны дулаан техникийн үзүүлэлт нь 0.35м2с0/вт хоёр хөндийт буюу 32 мм-ийн зузаантай шилэн багцны дулаан техникийн үзүүлэлт нь 0.45м2с0/вт-ийн үзүүлэлтийг хангадаг. Тиймээс өнөөдөр барилгад суугдаж байгаа цонхнууд нь хангах естой дулаан техникийн үзүүлэлтийнхээ 50-70 хувийг л дөнгөж хангаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнөөдөр барилгад суугдаж буй бараг бүх цонх дулааны алдагдалтай.

Ер нь барилгын цонх норматив дулааны алдагдалтай барилгын хашлага бүтээц юм. Тийм учраас түүний шиллэгээний талбайн хэмжээг барилгын гадна талбайн хэмжээтэй  харьцуулсан  хязгаарлалтыг барилгын норм, дүрмэнд тодорхой заагаад өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр барилгын цонхны хэмжээг улам томруулж, цонхны хуваалтыг улам багасгах чиг  хандлага бий болж байгаа. Энэ тохиолдолд барилгын цонхны дулаан техникийн үзүүлтийг улам нэмэгдүүлэх шаардлага зүй есоор тавигдах ёстой.    

Шилэн багцны дулаан техникийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үндсэн 3-н шийдэл байдаг. Энэ нь шилэн багцандаа эрчим хүчний хэмнэлттэй тусгай зориулалтын түрхэцтэй шил (Low-E) ашиглах, шил хоорондын зайг хүнд хий (аргон криптон) –гээр дүүргэх, мөн металл бус (хуванцар, уян) гуурс (зай баригч)-ыг ашиглах юм. Цонхны шилэн багцанд тусгай зориулалтын түрхэцтэй (Low-E) шил оруулж хэрэглэснээр цонхны дулаан техникийн үзүүлэлт нэмэгдэхээс гадна өвлийн цагт өрөөний дулааныг гадагш алдахгүй байх, зуны цагт тухайн өрөөг хэт халаахгүй байх, мөн ердийн шилээр нэвтрэн орж ирж, өрөөн доторх эд юмсын өнгийг алдуулдаг хэт ягаан туяа (ULTRAVIOLET) –г нэвтрүүлдэггүй байх зэрэг олон давуу талуудыг бий болгодог.

Барилгын цонхонд тавигдах 2 дахь шаардлага үзүүлэлийн талаар:

Барилгын цонх нь тухайн барилгынхаа ханатайгаа он удаан жил байх үндсэн нөхцөл нь барилгын ханандаа цонхыг хэрхэн бэхэлж суулгасан байдал мөн барилгын хана, цонхны уулзварын заадлын дулаалга, ус чийг, уур тусгаарлалтыг технологийн дагуу хийсэн байдал зэргээс хамаардаг. Иймд 2011 онд MNS 6266.2011 “Барилгын хана, цонхны уулзварын угсралтын заадал” технологийн ерөнхий шаардлага стандарт батлагдсан. Энэ стандартыг санаачилж мөн боловсруулахад миний бие оролцоогоо хийж ажилласан.

Энэхүү стандартын хэрэгжилт өнөөдөр туйлын хангалтгүй бараг хэрэгжихгүй байна. Цонхны үйлдвэрүүд, барилга угсралт, зураг төслийн байгууллагууд энэ стандартын талаарх ойлголт муу, түүний ач холбогдлын талаар огт мэдэхгүй байна. Төрийн хяналт, шалгалт ч энэ чиглэлээр хийгдэхгүй байна. Ялангуяа цонхны үйлдвэрүүд стандартын дагуу цонхны суулгалтыг хийж, барилгын хана, цонхны уулзвар, заадлын дулаалга, мөн ус чийг, уур тусгаарлалтыг хийж гүйцэтгэх сонирхол огт байхгүй. Учир нь тэд зөвхөн хялбар аргаар, технологийн бус шийдлээр барилгын хананд цонхыг суулгаж, түүнийгээ “Үнэгүй суулгалт”  хийж өгч буй мэтээр тайлбарладаг. Энэхүү хялбар аргаар суулгасан цонхны бэхэлгээ нь салхины хүчний ачаалал, барилгын хийц, бүтээцийн үйлчлэлийн хүчийг даах чадвар муу цаашилбал дулаан, дуу чимээ тусгаарлалт нь туйлын хангалтгүй болдог. Иймээс энэхүү асуудлыг шийдэх арга зам нь тухайн цонхны суулгалтыг дахин хийж цонхны бэхэлгээ, заадлын дулаалга, тусгаарлалтыг технологийн дагуу хийх юм. 

Барилгын цонхонд тавигдаж байгаа энэхүү 2 үндсэн шаардлага үзүүлэлтийг өнөөдөр барилгад суугдаж буй бараг бүх цонх хангахгүй байгаа нь туйлын ноцтой үр дагаварыг бий болгож байна. Өнөөдөр цонхоор алдаж байгаа дулааны алдагдлын 60 гаруй хувь нь шиллэгээгээрээ, 30 орчим хувь нь барилгын хана, цонхны уулзварын заадлаараа алдаж байгааг судалгааны материал харуулж байна. Үүний гол хохирогч нь зөвхөн хэрэглэгч гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хэдийгээр сүүлийн 15 жилд барилгын дулаалгын материалын үйлдвэрлэлд чанарын маш том өөрчлөлт, хувьсал гарсныг олон тоо баримтаар ярьж болох ч харамсалтай нь энэ хугацаанд барилгын цонхны дулаан хамгаалалтад ямарч өөрчлөлт гарсангүйг дээрхи дүгнэлт харуулна. 

Харин Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, хэсэг үйлдвэрлэгчдийн уйгагүй хүчин чармайлтын үр дүнд барилгын цонхны дулаан хамгаалалт сайжрах эрх зүйн шинэ нөхцөлийг бий болгож чадсан. Энэ нь Барилга хот байгуулалт /БХБ/-ын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-нд гарсан 217 тоот тушаал юм. Уг  тушаалаар барилгын цонхны үйлдвэрлэл, шилэн багц, шилэн фасадны үйлдвэрлэл, цонх, хаалганы хуванцар бэлдэцийн үйлдвэрлэлүүдийг “Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл” ангилалд хамааруулан төр захиргааны байгууллагаас олгосон “Тусгай зөвшөөрөл”-ийн үндсэн дээр тухайн үйлдвэрлэлийг явууж байхаар журамласан.

Мөн Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, БХБ-ын сайдын 217 тоот тушаал, БХБЯ, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо /МБМҮХ/-ны  2019 оны хоёрдугаар сарын 02-ны “Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг гүйцэтгүүлэх 2019/27 тоот гэрээ”-ний 3,4 заалт мөн холбогдох газруудаас авсан санал, дүгнэлтийг үндэслэн МБМҮХ-ны тэргүүний тогтоол гарч Эрчим хүчний хэмнэлттэй барилгын цонхны суурь шаардлагыг баталсан. БХБ сайдын 217 тоот тушаал, МБМҮХ-ны  тэргүүний 02 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоонд ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна.

Барилгын цонхонд тавигдах 3 дахь шаардлага үзүүлэлтийн талаар:

Энэ нь тухайн барилгын цонх ямар материалаар хийснээс шалтгаалж уг цонхны материалд болон мөн тухайн цонхны угсралтын ажилбарт тавигдах холбогдох стандартын шаардлагыг хэрхэн хангасан талаарх үзүүлэлт юм. Хэрвээ хуванцар материалаар хийгдсэн бол MNS 5874-2008 “Цонх, хаалганы поливиналхлорид /PVC/ хэлбэржүүлсэн, цувимал эдэлхүүн” MNS 5830-2007 “Барилгын хуванцар цонх, хаалга” зэрэг стандартуудын шаардлагыг бүрэн хангасан байх естой. Эдгээр стандартын хэрэгжилт нь цонхны үйлдвэр бүрээр янз бүр байна. Ерөнхийдөө хэрэгжилт дунд зэрэг. 

MNS 5874-2008 стандарт нь хуванцар цонх, хаалганы бэлдэцийн чанар, стандартын шаардлагыг тодорхойлсон техникийн баримт бичиг юм. Цонхны бэлдэцийг хүйтэн сэрүүн, бүс нутагт зориулж үйлдвэрлэж байгаа тохиолдолд бэлдэцийн найрлага, хананы зузааны хэмжээ зэрэг нь тухайн ангилалд тавигдах шаардлагыг хангасан байх естой.

MNS 5830-2007 стандартад хуванцар цонх, хаалганы исгэлт, наалтны бат бэхийн хэмжээ цонхны угсаргаанд хэрэглэгдэх технологийн шийдлүүдийг тусгаж өгсөн байдаг. Тухайлбал, хүрээ рам, салхивчны булангийн наалтыг хийхдээ товгор үүсгэхгүй хийх, резинин жийргэвчийг суулгахдаа цагираг байдлаар хийж нэг цэг дээр 2 үзүүрийг уулзуулж наах, хуванцар цонхны үндсэн хэсгүүдэд /хүрээ, дунд хөндлөн, салхивчний рамуудад/ заавал хүчитгэгч төмөрийг хийх, хүрээ рам, дунд хөндлөнг хооронд нь холбохдоо тусгай зориулалтын холбогчийг ашиглах гэх мэт  шийдлүүдийг тусгасан байдаг.

Цонхны иж бүрдэл болох зарим бүтээгдэхүүний чанар, онцлох төлөв байдлыг нарийн тусгасан байдаг. Тухайлбал, резинин жийрэг нь зөөлөн полимер /EPDM/ материалаар  хийгдсэн байх, нугас түгжээ, тээглүүр дарагч нь тохиргоо хийх боломтой байх, хүчитгэгч төмөр нь хүйтэн, сэрүүн бүст баригдах барилгад суугдах цонхонд бол 1.5 мм зузаантай зарим тохиолдолд 2 мм зузаантай байхаар заасан байдаг.

Гэтэл өнөөдөр зарим цонхны үйлдвэр эдгээр шаардлагыг бүрэн хангахгүй, хямд үнэтэй цонх үйлдвэрлэж барилгад нийлүүлж байгаа тохиолдол гарсаар байна. Энэ үйлдлээ тэд зөвтгөж “бүх цонхнууд адилхан чанар, стандартаар хийгдэж байгаа ба зөвхөн ашгийн хэмжээгээр ялгаатай цонхны үнэ хямд болон үнэтэй байгаа” мэтээр ташаа мэдээлэл тарааж байгаа нь зохисгүй юм. Наад захын чанарын шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй хямд үнэтэй цонхнуудыг төрийн болон орон нутгийн хөрөнгөөр барьж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, түрээсийн орон сууцны барилгуудад нийлүүлж, суурилуулж байгаа нь мөн л нууц биш.

Л.ГАНТӨМӨР /МЦХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч, зөвлөх инженер/ 

Зураг