Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Эрдэнэсүрэн: Төрийн өмчит их сургуулиудыг механикаар нэгтгэх үр дүнгүй гэдэг нь батлагдсан

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос "Судалгааны их сургууль механик нэгдэл биш" сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэдний зүгээс их, дээд сургуулиудад дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй, дэмжээгүй, анхаарал хандуулаагүй атлаа төрийн өмчийн их, дээд сургуулиудыг "Судалгааны сургууль байгуулах" нэрийн дор МЕХАНИКаар нэгтгэх гэж байгааг багш, ажилтан, албан хаагчид эрс эсэргүүцэж байгаа ажээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэлтэй төрийн өмчит сургуулиуд буюу МУБИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, Улаанбаатар их сургуулийн багш ажилчдаас "Нэгтгэх нэрийн доор ажлын байрны эрсдэлд оруулж байна" гэх агуулгатай шаардлагыг тус холбоонд ирүүлснийг салбарын яам, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХААИС-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Я.Эрдэнэсүрэн "Судалгааны их сургууль байгуулах асуудлыг төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх замаар гүйцэлдүүнэ хэмээн яам болон УИХ дахь байнгын хорооны түвшинд яригдаж байна. Ингэж механикаар нэгтгэх нь үр дүнгүй гэдэг нь батлагдсан. Тухайлбал, ХҮИС-ийг МУИС-д нэгтгэсэн нь багш ажилчид төдийгүй оюутнуудын ч эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон учраас хоёр жилийн өмнө буцаан салгаж ХҮИС-ийг Улаанбаатар их сургууль болгосон.

2008 оноос хойш үе үеийн төрийн түшээд, салбарын яамны удирдах ажилтнууд хувийн их дээд сургуулиудыг байгуулсан байдаг. Тэр хүмүүс өнөөдөр дээд боловсролын салбарыг хөгжүүлэх нэрээр төрийн өмчийн их сургуулиудыг бужигнуулж байгаа нь эрх ашгийн зөрчил гэж харж байгаа" хэмээн хэллээ.

Энэхүү МЕХАНИК нэгтгэл нь хувийн ашиг сонирхолд нийцсэн, сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн өнгө аястай, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул төрийн өмчийн их, дээд сургуулиудын академик эрх чөлөө, судалгааны эрх чөлөөг хүндэтгэн эдгээр сургуулиудыг нэгтгэх асуудлыг нэн даруй зогсоохыг шаардаж байгааг Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос танилцууллаа.

Тэд шаардлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарт хүргүүлсэн байна.