Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтний нүдээрээ харсан хамгийн алс орших сансрын биетийн нэрийг сольжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

2014 онд АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хот дахь Hubble телескопоор нэгэн өвөрмөц сансрын биетийг илрүүлж байв. Дараа нь NASA-гийн New Horizons сансрын хөлөг уг биетийн дүрсийг тодруулснаар хүн төрөлхтний нүдээрээ харсан хамгийн алсын сансрын биет болсон юм. 

Манай нарны аймгийн хамгийн холын гараг болох Далайн вангийн цаад талд (Куйперын бүслүүрт) орших энэ биет мөс, чулуунаас бүтсэн “Цасан хүн” хэлбэртэй байжээ.

 

Нээснийх нь дараа эрдэмтэд түүнд “Ultima Thule” хэмээх нэрийг өгсөн байна. Энэ нь дундад зуунд газрын зурагны зах хязгаарт орших нутгийг нэрлэдэг байсан үг юм.

Сүүлд нацистууд үүнийг Ари хүмүүсийн амьдарч байсан домгийн газар нутгийн нэр хэмээн тайлбарлах болжээ. Одоо ч хэт барууны үзэлтэй байгууллагууд уг нэрийг ашигладаг.

Нэрийг анх өгсөн эрдэмтэд эхэндээ солихоос татгалзаж байв. “Зарим муу хүмүүс хэрэглэдэг байсны төлөө нэр солих бодолгүй байна” гэж New Horizons төслийн судлаач Алан Стерн сэтгүүлчдэд хариулж байжээ.

Гэвч “Цасан хүн”-ий шинэ нэрийг Олон Улсын Астрономийн Холбоонд бүртгүүлэх болоход асуудалтай тулгарсан байна.

Ингээд “Ultima Thule” нэрийг “Arrokoth” гэсэн нэрээр солих болсныг өчигдөр зарлажээ.

“Arrokoth” нь сансрын биетийг анх илрүүлсэн Мэрилэнд мужийн нутагт амьдардаг уугуул индиан овгийнхны хэлээр “тэнгэр” гэсэн утгатай үг юм байна.

NASA шинэ нэрний зөвшөөрөл авахаар Поухатан овгийн ахмадуудад ханджээ. Өнгөрсөн долоо хоногт Поухатан овгийн өндөр настнууд зөвшөөрөл өгснөөр “Цасан хүн” хочтой сансрын биет “Arrokoth” хэмээх албан ёсны нэртэй болсон байна.

 

Эх сурвалж: The Washington Post