Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын сүрдүүлсэн үгтэй захиаг Туркийн ерөнхийлөгч буцааж өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Эрдоган аравдугаар сард өөрт нь илгээж байсан сүрдүүлсэн агуулгатай захиаг өөрийн биеэр эзэнд нь буцааж өгсөн тухай сэтгүүлчдэд мэдэгджээ.

Аравдугаар сарын 9-ний өдөр Трампын илгээсэн захианд Сирийн нутагт түрэмгийлэл үйлдэхгүй байхыг Туркийн ерөнхийлөгчид хатуу анхааруулсан байв. Захиандаа тэр Эрдоганыг “тэнэглэхгүй”, бас “хатуурхахгүй” байхыг анхааруулсан нь албан ёсны харилцаанд хэвийн бус үзэгдэл болсон юм.

Лхагва гарагийн өглөө Цагаан ордонд уулзахдаа захиаг нь буцааж өгснөө Эрдоган сэтгүүлчдэд ярихад Трамп ямар нэг тайлбар хийлгүй, чимээгүй өнгөрсөн байна.

Трампын захиаг үл тоомсорлосон Эрдоган маргааш нь цэргийн хүчээ Сирийн хойд нутагт оруулсан юм. Мөн захиаг уншсаныхаа дараа шууд хогийн саванд хаясан тухай мэдээ тухайн үед тарж байв.

Үүнээс гадна Эрдоган өчигдөр хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын бодлогыг хүчтэй шүүмжилж байжээ.

Тэрээр үг хэлэхдээ Трампаас урт хугацаа зарцуулж, Цагаан ордны эзнийг залхаасан байна.  Эрдоган АНУ-ын засаг захиргааг “террорист” Курдүүдтэй холбоотон болсoн, 2016 оны төрийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг Фетуллах Гюленийг шилжүүлж өгөхгүй байгаа, саяхан АНУ-ын конгресс Оттоманы эзэнт улсын үед Армени үндэстний эсрэг геноцид болсныг хүлээн зөвшөөрсөн зэргийг хурцаар шүүмжилсэн байна.

Төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа Гюлен одоо АНУ-ын Пеннсилванид амьдардаг. Туркийн засгийн газраас Гюленийг шилжүүлж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан ч Вашингтон зөвшөөрөхгүй байгаа юм.

 

Эх сурвалж: AFP