Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Зуухыг халах ХИЙ, ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААН, ЦАХИЛГААН халаалтын шийдлүүдийг танилцууллаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэр хорооллын сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж буй дулаан хангамжийн технологиудыг танилцуулах, туршлага судлах уулзалт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.

Уг уулзалтын үеэр халаалтын гурван технологийг онцлон танилцуулж байна.

Хийн халаалт

Сургууль, цэцэрлэг, барилга байгууламжийн халаалтын техникийн нөхцөлд тохирсон хийн халаалтын бойлер суурилуулах тухай танилцуулгыг "Газ ком" ХХК"-ийн захирал Д.Сэржбүдээ хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Манай компани ISO14001 стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагаа тал дээр дэлхийд тэргүүлж буй Японы технологийг нутагшуулж байна. Түүнчлэн европын орнууд, америкт ашиглаж байгаа тоног төхөөрөмж хэрэглэж байгаа. Эдгээр тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны стандарттай бөгөөд хий алдах ч юм уу ямар нэгэн эрсдэл гарахад автоматаар хийгээ зогсоох системтэй. Мөн мэдээллийг төв рүү дамжуулах газын хэрэглээг тоолуураар хэмжих гэх мэт бүхэлдээ ухаалаг систем гэж хэлж болно.

Зардлын хувьд нам даралтын зуух ашиглаж байх үеийнх нь буюу нүүрсний үнийн зардалд дүйцүүлсэн үнээр дулаан үйлдвэрлэж, сургууль цэцэрлэгийг халааж байна. Нүүрсний хэрэглээг хязгаарлаж, халаалтын шинэ шийдлүүд танилцуулагдаж байгаагийн нэг нь хийн халаалт. Ер нь хийн халаалтын системийг эрчимтэй нэвтрүүлэх цаг болсон гэж бид үзэж байгаа" хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар тус компани гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийг хийн халаалтад шилжүүлээд байгаа юм. Түүнчлэн төвийн дулаанд холбогдох боломжгүй ААН-үүд, 50 гаруй өрхөд хийн халаалтын систем суурилуулаад байгаа бөгөөд иргэд Ногоон зээлд хамрагдан хийн халаалтын шийдлийг гэртээ ашиглах боломжтойг энэ үеэр онцлон хэлж байлаа.

Газрын гүний дулааны хосолмол шинэ технологи

122 дугаар сургуулийн дулаан хангамжийг газрын гүний дулааны хосолмол шинэ технологиор шийдсэн "Зет энд Икс" ХХК-ийн захирал Ө.Мөнхбаатараас уг технологийн талаар тодруулахад,

 
Гэрэл зургийг mpa.mn

"Газрын гадаргаас доош 100-150 метрт нөхөн сэргээгдэх 0-5 градусын температуртай орчин байдаг. Монгол орны нөхцөлд босоо байдлаар гүн рүү өрөмдөж, хоолой байрлуулаад дулааны насос ашиглан халаалтад ашиглаж байгаа юм.

Дулааны насос 1 кв цахилгаан зарцуулж температурыг өсгөөд 2.5-3 кв дулаан үйлдвэрлэнэ. Цахилгаан халаагуур 1 кв цахилгаан ашиглаад, 1 кв дулаан үйлдвэрлэдэг. Тэгэхээр үр ашигтай технологи гэдэг нь харагдаж байгаа биз. Гэхдээ анхны хөрөнгө оруулалт өндөр" хэмээсэн юм.

Хамгийн сүүлд 122 дугаар сургуульд нэвтрүүлсэн уг технологиор өмнө нь Асем вилла хотхон, зуслангийн бүс дэх айлууд халаалтаа шийдсэн нь одоог хүртэл ашиглагдсаар байгаа аж.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр долоон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус компанийн зүгээс уг технологийг урт хугацаандаа ашиглахад үр ашигтай гэдгийг онцолж байв.

Цахилгаан халаалт

 
Гэрэл зургийг mpa.mn

Цахилгаанаар халаах шийдлийг нэвтрүүлэн ажиллаад 10-аад жил үйл ажиллагаа явуулж буй "Бест энержи сейвинг" компанийн зөвлөх Н.Даваа "Жилд халаалтын зардалдаа 48 сая төгрөг зарцуулдаг байсан 38 дугаар цэцэрлэг цахилгаан халаалт ашиглаж эхлээд 15 сая төгрөгийн зардалтай болоод байна. Цахилгаан өндөр үнэтэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр ийм үнэтэй байна.

Энэ онд Германд болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр цахилгаанаар халаах нь хамгийн зөв шийдэл гэдгийг онцолж байсан.

Сая БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр нэг сарын дотор 26 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг хэрэглээнээс гаргаж, цахилгаанаар халаалтыг нь шийдлээ. Үүний үр дүнд 3,200 тонн нүүрс түлэхгүй, утаа гарахгүй болсон. Тогтмол дулааныг барьж чаддаг гэдгээрээ цахилгаан халаалт давуу талтай бөгөөд цэцэрлэг, сургуульд тохиромжтой" гэлээ.

Нэг сарын хугацаанд 26 барилгад цахилгаан халаалт суурилуулсан тус компанийн зүгээс нам даралтын зуухыг орлох зардал багатай, эко, бохирдолгүй ирээдүйн хамгийн төгс шийдэл бол цахилгаан халаалт хэмээж байв.

Уг уулзалтад харьяа яамд болон шинэ технологийг танилцуулж буй байгууллагуудын төлөөлөл оролцож байна.