Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэбулган: Монголчуудад газар шороо, нутгаа, биенээ хайрлах сэтгэл их үгүйлэгдэж байна

С.Батзаяа, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 28
Үндэсний шуудан
Зураг зураг

-Театр бол миний амьдралын гол зүйл, орон гэр минь юм даа-

Эмээгээ, нутгаа ярихаар нулимсаа барьж дийлдэггүй энэ эрхэм Монголын сонгодог урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Өсгөж торниулж, амьдралын их ухаанд сургасан эмээгээ хөдөөлүүлчихээд явж байхдаа “Орчлонд ганцаараа үлдлээ дээ” хэмээн гуниглаж, зөв л гишгэхийн төлөө амьдарсаар нэг л мэдэхэд хүний амьдралын 80 жилийг туулснаа, хийж бүтээснээ ярьж суугаа энэ хүн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган юм.

-Нутагтаа амьдарч байгаад ирлээ гэж та ярилаа. Тэтгэвэрт гарснаасаа хойш л таныг нутаг руугаа “гүйдэг” болсон гэж ойр тойрныхон тань хэлж байсан. Нас ахих тусам нутаг ойр санагддаг юм байна уу?

-Их эгдүүтэй асуулт байна. Би 1940 оны хоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат сумын (тэр үеийн Цонхлон сум) Бухын гол гэдэг газар төрсөн. Төрснөөсөө хойш би ээжийн бүүвэйн дууг төдийлөн сонсож чадаагүй хүн.

Намайг төрөөд 13-хан хонож байхад хүнд өгчихсөн юм билээ. Хүнд өргүүлсэн хүүхдүүд төрүүлсэн ээж, аавдаа жаахан гомдож өсдөг. Их зовлонтой л доо. Төрүүлсэн ижий маань бурхан болохынхоо өмнө “Гангар гунгар гээд аяга халуун цайгаа хуваагаад уучихдаг хүүгээ хүнд өргүүлчихсөн хүн шүү дээ, би. Ижий нь уг нь хүнд өгөхгүй л гэж бодож байсан. Гэтэл чиний өмнө хоёр хүүхэд гараад эндчихсэн.

Аргаа бараад нутгийн юм мэддэг хүнээс асуухад чамайг бас өгөхгүй бол бүтэхгүй гэсэн юм. Айлд өгөхөөс өөр арга байгаагүй” гээд дуу нь гарахаа больсон үедээ хэлж байсан. Түүнээс өмнө энэ талаар огт дурсаж байгаагүй хүн. Одоо би харамсдаг.

Тухайн үед залуу ч байж, дургүй хүрсэн үедээ ижийдээ “Би танай хаягдмал хүүхэд” гэж хэлж байсан. Тэр үг ижийд минь ямар хатуу тусаж байсан бол гэж одоо би боддог. Тэтгэвэртээ гарснаасаа хойш бараг л нутагтаа амьдарч байна. Энэ талаар хоёул сүүлд ярина аа. 

-Бага нас тань хаана өнгөрөв. Өргөж авсан ижий, аав тань ямар хүмүүс байв?

-Намайг өргөж авсан ижий, аав хоёр маань долоон нас хүрдэг жил нэг нь баасан, нөгөө нь даваа гарагт бурхан болсон. Ердөө гуравхан хоногийн зайтай. Түүнээс хойш өргөж авсан ижий, аавынхаа талыг дагаж явсаар 17 хүрсэн.

Санжаа гэж Булган аймгийн сонинд эрхлэгч, сурвалжлагч хийж байсан айлд бага нас маань өнгөрсөн юм. Эхнэр нь багш. Тэр хоёр намайг нэлээд торниулж өгсөн. Буянтай хүмүүс байж дээ гэж өнөөдөр бодож сууна. 17 хүрдэг жилээ хөдөө мал дээр гарсан.

Долгор гэж хамаатныхаа эмгэнийд очиж 22 нас хүртлээ мал малласан, эмээ маань их сайн хүн байсан даа. Миний ээжийн оронд ээж, аавын оронд аав болж байсан хөгшин. Эмээгээ үхэр тэргэн дээр ачиж Тарагтайн даваанд нутаглуулчихаад буцаж явахдаа “Энэ амьдралд цор ганцаараа үлдлээ. Яаж амьдарна даа” гэх бодол орж ирж байсан. Түүнээс хойш зөв алхахдаа зөв, буруудахдаа буруудсаар өнөөдрийг хүрчээ.

-Тэгээд хот бараадсан хэрэг үү?

-Эмээ маань насан туршид маань миний оюун санаанаас нэг ч удаа гарч байгаагүй. Амьдралын маш нарийн нандин ухааныг надад зааж, сургажээ, миний эмээ. Би их уян, өрөвч сэтгэлтэй хүн. Энэ занг ч эмээ надад өвлүүлжээ.

“Миний хүү хэзээ ч хүнд дээрэнгүй хандаж болохгүй. Харин хүн чамайг дээрэлхвэл зүгээр сууж болохгүй” гэдэг байсан. Уур хүрсэн үедээ омгоо хэрхэвч хэн нэгэнд гаргаж болохгүй гэдгийг л байн байн захина. Олонтой байвал амьдрал сайхан болдог юм. Чи хүн бүхний хайрыг татаж яваа л гэсэн үг гэнэ. Хүн, амьтныг хайрлах, энэрэх ухааныг надад бодитоор харуулдаг байсан.

Малчин хүний амьдрал өвөрмөц шүү дээ. Тугал, ишиг, хурга эхээсээ өнчрөхөд маш их өрөвдөж, хайрлана. Яг үүн шиг хүнийг ялангуяа хүүхэд багачуудыг хайрлаж яваарай гэдэгсэн. Манайх тариа тарьдаг айл байлаа. Эмээтэйгээ тэргээ хөллөөд тариан талбай дундуураа явна. Тэр үед нууран дээр маш гоё шувуунууд ирнэ.

Заримдаа зүггүйтээд чулуу шиднэ. Тэр бүрт эмээ “Амьтныг хайрла. Чи чулуу, модоор цохиод үргээчихвэл ирэх жил ирэхээ больчихдог юм” гэнэ. Энэ бүхэн аливаа юмыг хайрлаж, энэрэх агуу том сургууль байжээ. Хөгшчүүл намайг “Малд нүдтэй хүүхэд, их сайн малчин болно доо” гэнэ. Гэхдээ хувь заяа маань намайг хот бараадуулсан. Их сонин тохиол байсан даа.

-Энэ тухайгаа ярихгүй юу?

-Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмыг манай улс 1959 онд зохион байгуулсан юм. Тэр их нижгэр наадам болсон. Зөвхөн урлагийн авьяастай бус тэргүүний малчин, ажилчин гээд бүхий л салбарынхан оролцож байсан юм. Яагаад ч юм, би түүнд багтах завшаан тохиосон. Энэ наадамд соёл урлагийн хэсгийг нь Булган аймагт гурван хүн ирж бэлдсэн.

Эд бол гавьяат жүжигчин Б.Мижиддорж, алдарт дуучин Ж.Дорждагва, цэргийн ассамблейн хоормейстер н.Очирбат нар байв. Сум бүрээс хүн шалгаруулж авсан юм билээ. Тэр үед санаандгүй тохиолоор оролцож, Улаанбаатар хотод ирэх эрхээ авч байсан. Ингээд хотод ирээд тэр наадамд дуу дуулаад мөнгө, хөгжим тоглоод хүрэл медаль авдаг юм байна.

Тэгээд нутаг руугаа буцах гэж байтал нэг хүн ирээд “Таныг Хөгжимт драмын театрын Лувсаншарав гэдэг хүн уулзъя” гэж байна гэсэн. Театрын нэг хэсэгт шат тавиагүй байсныг мэдэлгүй, хальт гишгэж ойчоод нүүр маань авах юмгүй боллоо. Энэ чигээрээ Лувсаншарав гэдэг хүний өрөөнд анх удаа ордог юм. Тэгсэн “Чи зодоон хийсэн юм уу. Яасан юм” гээд учраа хэлтэл шалгалт аваад “Урлагт дуртай юу” гэлээ.

Дуулах дуртай гэтэл “Он гараад ирээрэй. Би чамайг театрт авна” гээд явуулсан. Нутагтаа оччихоод байж сууж чаддаггүй, бүр очмоор санагдаад болдоггүй. Арваннэгдүгээр сард ачааны машины таталган доогуур ороод нууцаар суугаад хотод хүрээд ирсэн. Жолооч нь ачаагаа буулгахдаа намайг харчихаад “Хөлдөж үхэх нь байна шүү дээ” гээд баахан загналаа.

Ингээд хамаатны айлд хүргэж өт, ах, эгч хоёр маань театр руу дагуулж ирсэн. Лувсаншарав гуай “Чамайг ирэх хавар дуудна гэсэн биз дээ. Одоо авахгүй” гээд буцаасан. Миний багш хэлсэндээ хүрдэг шударга үнэний туйл хүн байсан юм. Удалгүй он гарч 1960 оны гуравдугаар сарын 15-нд театрт найрал дуучнаар орж байлаа. Театр их буянтай сайхан газар. Намайг ажилд орж байхад драм, хүүхэд залуусын театр бүгд энэ ягаан байшинд байлаа.

-Хагас зуун жил гаруй хугацааг та театрт өнгөрүүлжээ. Найрал дуучнаас ерөнхий найруулагч хүртэл хар үсээ цагаан болтол та зүтгэсэн байх юм?

-Хүний амьдрал их сонин шүү дээ. Театрт найрал дуучнаар хоёр жил ажиллаад 1962 онд Финляндын Хилсинк хотод Залуучууд, оюутны VIII их наадам болсон юм. Түүнд оролцох боломж гарч, тэндээсээ Европын ардчилсан орнуудаар явж тоглолт хийсэн.

Ингээд буцаж байтал тухайн үед Соёлын яамны сайд байсан Ч.Лодойдамбын цахилгаан Элчин сайдын яаманд очсон юм билээ. Намайг “Болгар улсын Софи хотын хөгжмийн дээд сургуульд шалгуулаад тэнцвэл сурга” гэжээ. Тэр сургуульд тэнцээд таван жил сураад төгсөж ирээд ДБЭТ-т арван жил гоцлол дуучнаар ажилласан.

Тухайн үед их өөдрөг сэтгэлтэй байж. Мэргэжлийн найруулагч хэрэгтэй юм байна гэх бодол надад төрсөн. Багш нартаа “Найруулагчийн сургуульд явмаар байна” гэхэд зөвшөөрч, шалгалт өгч тэнцсэн. Ингээд ЗХУ-ын Ленинград хотын хөгжмийн дээд сургуульд таван жил сурч, Хөгжмийн театрын найруулагч мэргэжил эзэмшсэн. Болгарт таван жил сурахдаа би Монголд огт ирээгүй. Хэндээ ч очих вэ дээ гэж боддог учраас яараагүй, зуны амралтаараа Европын орнуудыг үзнэ, аялна.

Харин Ленинградад сурч байхад гэр бүлтэй болсон байсан учраас жил бүр Монголдоо ирнэ.

Төгсөж ирээд театртаа 30-аад жил ерөнхий найруулагчаар ажилласан. Миний үндсэн мэргэжил энэ. Өчигдөр, өнөөдөр, маргааш ч энэ мэргэжилтэйгээ үлдсэн, үлдэнэ. Театрт ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач, дарга зэрэг алба хашжээ. Энэ театр бол миний амьдралын гол зүйл, орон гэр минь юм даа. Энэ л театраас хань ижилтэй боллоо.

-Танай гэр бүлийн бүхий л зүйл гэж ойлгож болох нь ээ. Ханийнхаа тухай ярихгүй юу?

-Гэр бүлийн хүнийг маань А.Навчаа гэдэг, Монгол Улсын гавьяат жүжигчин. Мэргэжлийн анхны балетчидын нэг. Бид 1969 онд гэр бүл болсон. Одоо 50 жил ханилжээ. Хүний дурлал, хайр ялгаатай гэж боддог. Дурлал бол шохоорхол.

Хайр гэдэг үнэ, цэнтэй зүйл. Навчааг испани бүжиг энэ тэр хийхэд нь би нүд унагана. Ардын жүжигчин Зангад гуайн гэргийтэй Навчаа нэг анги. Тэднийх манайх хоёр гэр ойр. Навчаа Зангад гуайнхаар орж, гарна. Тэгэхэд нь л уулзах гэж яарна. Ингэж явсаар нэг гэрт орж өнөөг хүртэл хамт амьдарч байна. Энэ хугацаанд янз бүрийн асуудал гарч, ам муруйж байсангүй

Нэг гэм нь манай хүн тамхи нэлээд татна. Үүнийг нь болиулах гэж их оролдсон ч амжилт олоогүй. Бүх аргыг хэрэглэсэн ч дийлэхээ болиод гадаад, дотоод явахаараа тамхи авчирч өгдөг болсон.

-Та тамхи татдаггүй юм уу?

-Үгүй. Би түрүүп их цуглуулна. Их ядарсан үед өрөөндөө орж ирээд түрүүпэндээ ганц нэг тамхи татахад сайхан амардаг. Гэхдээ архи, тамхи ч ялгаагүй ямар нэг зүйл хэм хэмжээнээс хэтрэхээр зовлон, өвчин авчирдаг гэж боддог.

-Дуурийн театрын тайзнаа арван жил гоцолжээ. Анх ямар дуурьт тоглож байв?

-Би нэлээд хэдэн дуурьт тоглосон. Энэ дотроос “Учиртай гурван толгой” дуурь чухал орон зайг эзэлнэ. Эл дуурь Монголын үе үеийн дуурийн дуучдын хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж өгдөг гайхамшигтай бүтээл. Би 319 удаа Юндэнд тоглож, 13 Нансалмаатай суусан түүхтэй.

Яагаад ч юм төрүүлсэн ээж, аавдаа үзүүлмээр санагдаад нэг удаа дуудав аа. Тэр үед Лувсаншаравын хөгжим “Ханбүргэд” дуурийн Дэмчигбал гээд эсрэг дүрд тоглож таарсан юм. Орой нь гэртээ очсон намайг ер магтахгүй, муулах ч үгүй байгаад байна. Бүр гайхаад ээжээсээ асуутал “Чи чинь одоо аятайхан байж байгаад дуусчихдаг дүрд тоглож болдоггүй юм уу. Байсхийгээд л амьтны муу үзэх юм, тэгж байгаад үхчих юм” гэдэг байгаа.

Төгсөж ирээд театртаа 30-аад жил ерөнхий найруулагчаар ажилласан. Миний үндсэн мэргэжил энэ. Өчигдөр, өнөөдөр, маргааш ч энэ мэргэжилтэйгээ үлдсэн, үлдэнэ.

Хүний эх хүн ямар ч тохиолдолд үрийгээ сайхан байгаасай гэж боддог юм шиг. Сүүлд “Учиртай гурван толгой” дуурьт тоглосныгоо үзүүлэхэд их сэтгэл хангалуун, байн байн үзэх дуртай байсан.

“Жанжин клуб”-т Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн, Пүрэвсүрэн нартай “Учиртай гурван толгой” жүжигт анх тоглож байлаа. Удирдаачаар нь Санжмятав гуай ажиллаж байсан юм. Ингэж л театрын Юндэнд тоглох эрх авч байв. Түүнээс хойш хот, хөдөөгийн олон театрт тоглосон доо.

-Гоцлол дуучнаас найруулагч руу “урвах” ямар байв. Өөрийнхөө бодож, сэтгэснээ тайзан дээр амилуулах үеийн сэтгэлзүйг танаас асуумаар байна л даа?

-Найруулагчаар ажиллаад 29 дуурь найруулжээ. ОХУ-ын Улаан-Үүд, Якутад гурав, Говь-Алтай аймагт нэг дуурь найрууллаа. Найруулагчаар ажиллах хугацаандаа тодорхой алхмуудыг хийсэн гэж боддог.

Нэгдүгээрт, би энэ театрын урын сангийн бодлогыг их зөв авч явжээ. Яагаад гэхээр, дэлхийн ямар ч дуучин ирээд манай театрт дуулъя гэхэд урын сан хангалттай бий. Дэлхийд таван янзын хоолой голлодог. Тэр хоолойнуудын аль нэгээр нь дуулдаг дуучин ирээд дуулъя гэхэд манайд бүгд байгаа. Дуурийн театрын дуучид дэлхийн тав, зургаан театрт дуулж байна. 

Миний урын сангийн бодлого тодорхой хэмжээнд нөлөөгөө үзүүлсэн болов уу. Монголдоо тоглочихоод хүний газар очиж шалгуулахад ямар ч асуудалгүй. Хоёрдугаарт, Монголын үндэсний дуурийн бодлого дээр сайн ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадсан гэж боддог. Энэ маш чухал. Яагаад гэхээр, саяхныг болтол буюу наяад оны дунд хүртэл энэ театрыг бий болгосон билэг авьяас төгөлдөр ахмадуудын маань бүтээлүүд авч явж байсан.

Тэдний бүтээл өөрийнхөө цаг үе, нөхцөлийг туулаад өнгөрсөн түүх нүдэнд харагдаж эхэлсэн. Ямар нэг шинэ хөгжмийн уур амьсгалыг энэ театрт оруулж ирэх ёстой юм байна гэдгийг нэлээд бодсоны эцэст шийдэлд хүрч, оруулж ирсэн. Залуу хөгжмийн зохиолч, яруу найрагчдыг татах хэрэгтэй байв.

Энэ театрыг бусадтай зүйрлэж болохгүй урлагийн төрөл л дөө. Тийм учраас амар биш байсан. Хөгжмийн зохиолчдыг их хайсан, амаргүй цаг хугацаа. Тэр үед надад Д.Нацагдоржийн өгүүллэгийн түүврээс хөгжим үнэртээд болдоггүй байсан юм. Ялангуяа “Ламбугайн нулимс”, “Шувуун саарал” хоёр намайг зүгээр суулгадаггүй. Залуухан хөгжмийн олон ч зохиолч дээр очсон.

Их олон хүн “Энэ миний хийх сэдэв биш” гээд халгаадаггүй. Тэгтэл хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж “Би таны эрээд байгаа хүнийг олсон. Тэр хүн ирэх жил сургуулиа төгсөнө” гэсэн.

Дараа хавар нь утас дуугараад автал Ц.Нацагдорж “Нөгөө хөгжмийн зохиолч ирсэн, хүрээд ирээч” гэлээ. Тэр хүн бол хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал байсан юм. Ингээд бид хамтарч ажиллахаар болоод цомнолыг нь Бавуугийн Лхагвасүрэн бичсэн. Билэгжаргалын хөгжим Монголын дуурийн урлагийн хөгжилд шинэчлэлийг авчирсан юм шүү дээ. Одоо ч “Ламбугайн нулимс”-ыг тоглож байна.

Лхагвасүрэн ч тэр цомнолыг гайхалтай бичсэн. Хэрэв их зохиолч Д.Нацагдорж өөрөө цомнолоо бичсэн бол яг л Лхагвасүрэн шиг бичих байсан гэж би боддог юм. Лхагвасүрэн ч тэр үед залуу байсан “Энэ чинь миний нутгийн зохиолч. Би бичихгүй бол хэн бичих юм”гэнэ. Ингээд тэр дуурь тал талаасаа их сайхан бүтсэн. Үүний дараа Билэгжаргал “Гэрэл сүүдэр” гэж хэлмэгдүүлэлтийн талаар их сайн дуурь бичсэн.

Монголд хэн ч хэлмэгдүүлэлтийн талаар ярьж эхлээгүй байхад Билэгжаргал, Мэнд-Ооёо хоёр бичсэн юм. Ингэж анхны эхлэлийг хийсэн. Түүнээс хойш хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Б.Шарав, Г.Алтанхуяг, Х.Алтангэрэл нартай хамтарч ажиллалаа. Ингэснээрээ би энгийн нэг найруулагчаар ажиллах бус театрынхаа хөгжилд өөрийгөө бүрэн зориулж чадсан гэж боддог.

Би 319 удаа Юндэнд тоглож, 13 Нансалмаатай суусан түүхтэй.

Зарим хүн намайг өөрийгөө магтаж байна гэж магадгүй. Энэ магтаал биш үнэн юм. Өнөөдөр ч эднийг тоглож байна. Дуурийн театрт тоглож байгаа жүжгүүдэд Эрдэнэбулган гэсэн нэр ороогүй нь ховор. Өнөөдөр ч хийж, бүтээсэн маань нүднээ ил байна. Тийм ч учраас театрын удирдлагуудаас “Хөхөө намжил” дуурийг шинэчилж тавих хүсэлт надад ирсэн.

Л.Мөрдорж гуайн 100 насны ой энэ жил тохиож байна. Түүний ганц дуурь нь “Хөхөө намжил”. Энэ сарын 5, 6-нд дуурийг шинэчилж дахин тайзнаа амилууллаа. “Хөгжмийн урлагийг мэддэг хүмүүс ч их аятайхан, сайхан боллоо” гэж хэлж байна.

Өмнө нь 1999 онд зураач Ч.Гунгаасүхтэй хамтарч, “Хөхөө намжил” дуурийг би тайзнаа амилуулсан юм. Түүнээс хойш дутуу хийчихлээ гэж өөрийгөө жаахан голонгуй явдаг байсан. Үүнээс хойш “Хөхөө намжил”-ын домгийг судалж, явсаар өнөөг хүрсэн л дээ.

-Санасандаа хүрч чадав уу?

-Чадсан шүү. Гурав, дөрвөн жилийн өмнө “Хөхөө намжил” дуурийг тавих санал би театрын тухайн үеийн удирдлагуудад өгсөн юм. Тухайн үед зөвшөөрөөгүй. Энэ удаа өөрийнхөө санаж, бодож байсан хэмжээнд тавьчихлаа.

Зураачаар нь Ариунболд гэж залуу ажилласан. Тайз, гэрлийг нь ч их аятайхан хийлээ. Хэдэн зуун жилийн өмнө хөдөө ийм маягаар л эл домог үүссэн болов уу гэж бодож, тунгааж, тийм орчныг бүрдүүлж ажиллалаа. Найруулагчаар ажиллахдаа би олон оронд Монголын соёлын өдрүүдийг хийсэн. Зарим газар нь өөрөө найруулж тоглуулсан гээд бодохоор сэтгэл өег сайхан байдаг.

-Таныг ажиллаж байх үеийн урлаг, орчин одоо хэр өөрчлөгдсөн байна вэ. Урлагтай ойр хэр нь ахуй амьдрал талаасаа тодорхой түвшинд та хол байсан байна шүү дээ?

-Өнөөдөр их бужигнаантай байна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг байдаг. Энэ их айхавтар үг шүү. Урлагийн боловсон хүчнийг бэлдэхийнхээ хажуугаар тэдний ажиллах газрыг бэлдмээр байна.

Хатуухан хэлэхэд, нийслэлд мэргэжлийн театр байхгүй. Монгол Улс 90 гаруй жил хөгжлөө. Мэргэжлийн боловсон хүчинг ардчиллаас өмнөх үед бодлогоор маш сайн бэлдэж байсан. Тийм ч учраас сонгодог урлагийн театр байгуулагдсан. Энд мэргэжлийн хөгжмийн зохиолч, яруу найрагч, удирдаач, балетмейстер, хөгжмийн театрын найруулагч, балетын жүжигчин, мэргэжлийн дуучин хэрэгтэй. Эднийг сайн бэлдсэн, зөвхөн энэ театрын хэмжээнд биш шүү дээ.

Энэ мэргэжилтнүүд ардчиллаас өмнө бүх аймагт байсан. Социализмын үед ижилхэн соёлын төв, театр орон нутагт барьснаас өөрөөр мэргэжлийн театр барьсангүй.

Сүүлд Баянхонгор, Ховдод театр барьсан ч Улаанбаатарт байхгүй. Драмын театр, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр нэг байранд байна. Энэ байшинд 1957 онд байгуулагдсан Залуучуудын соёлын төвийн байр юм шүү дээ.

Үндсэндээ, мэргэжлийн театрын байр алга. Манай театрын энэ байрыг хөгжмийн биш драмд зориулж барьсан юм. Ардчилал гарснаас хойш урлагийг дур зоргоор нь тавьсан. Зах зээл гэдэг нэрийн дор зөнд нь ингэж орхиж болохгүй юм. Бид олон зуун сая хүн амтай улс орон биш. Тэгсэн мөртлөө төрт ёсны түүх арвин хэр нь соёлынхоо гол үзүүлэлтийг хаячихсан. Урлаг өөрийнхөө төрөл жанраар байж байх ёстой.

Тэр чанараараа бид 30 жил задгай явлаа. Хэн ч анхаарсангүй. Манай уран бүтээлчид хэнд ч гомдол гаргасангүй. Өөрсдийн хийж чадах ажлаа олдсон мөнгөөрөө хийгээд явсаар өнөөдрийг хүрлээ. Зориулалтын байргүй ч байлгах ёстой шүү гэх хандлагаар авч явж ирсэн. Тийм учраас боловсон хүчний илүүдэл, дутагдал бий боллоо. Дэлхийд дуурийн театрыг төр нь авч явдаг.

Гэхдээ би дэлхийг дуурайя гэж байгаа юм биш. Монгол гэдэг гуравхан сая гаруй хүн амтай, гайхамшигтай ард түмэнтэй улс. Үүнийгээ л өөд нь татаж авч явах ёстой. Харамсалтай нь, ингэж чадахгүй байна. Драмын урлаг ч мөн ялгаагүй.

Гурван театраа өөд нь татаж явах шаардлага Монголын төрд өнөөдөр байна шүү дээ. Орон нутгийн бусад театрыг зохицуулах хэрэгтэй. Монгол бол хүн амын хувьд залуу ард түмэн.

ЕБС-ийн өч төчнөөн сургууль байна. Гэтэл зориулалтын хүүхэлдэйн театр алга. Упстөрчид шал худлаа “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” гэж байна. Тийм л сүрхий юм бол энэ гучин жилд хүүхэлдэйн театр барьж болоогүй гэж үү. Тийм өндөр өртөгтэй юм биш шүүдээ.

-Таны насаараа ажилласан театрыг нурааж шинээр барих тухай нэг хэсэг ярилаа. Үүнд та ямар бодолтой байв?

-Манай театрын 60 найрал дуучин үүдний танхимд сургуулилалтаа хийдэг. Гэтэл манай театрын дуучид дэлхийд гайхагдаж байна. Сонгодог урлаг дэлхий дахинаа хөгжөөд 500 гаруй жил болсон. Манайд театр 70 жил болох гэж байна. Ийм түүхтэй хэр нь дэлхийн тайзан дээр гарчихаад байна гэдэг Монголын ард түмний авьяас, хөдөлмөрч чанар том үзүүлэлт болж харагдаж байгаа биз дээ.

Үүнийг төр жаахан ч болтугай дэмжмээр байна. Энэ гурван театрын урлагийн мөн чанарыг зайлшгүй хадгалах шаардлагатай. Тэгэх тусам, ажиглаж байхад Өвөрмонгол, Тува, Буриадууд биднээс л хуулаад байна.

Буриадуудад цирк, ардын оркестр гэж байгаагүй юм шүү дээ. 1990-иэд оноос хойш ажилгүй болсон манай мэргэжлийн хүмүүс гадаад руу очиж ажиллаад, тэдний урлагийг мундаг хөгжүүлж байна. Өөрийнхөө урлагийг хүний улсынх болгоод зарлачих вий дээ гэж эмээх юм. Бид дүр үзүүлмээргүй байна. Өвөрмонгол, Буриадын үзүүлээд байгаа тэр урлагийн бүтээлийг төрүүлсэн иргэд нь та, бид юм шүү дээ. Эрхэмлэж, хайрлаж, халамжилж, хөгжүүлж, хойч үедээ үлдээх нь манай төр засгийн үүрэг болоод байна.

-Сонгодог урлагт бүхий л амьдралаа зориулахаас гадна та хэд хэдэн киноны дүр бүтээсэн. Хатанбаатар Магсаржавд хэрхэн сонгогдож байсан бэ?

-Найруулагч Г.Жигжидсүрэнгийн арав гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Сономын Удвал гуайн “Их хувь заяа” романаар найруулагч Г.Жигжидсүрэн “Хатан-баатар” киног бүтээсэн юм. Тэр кинонд тоглосон тохиол их сонин. Миний сайхан яваа маань ч энэ кинотой холбоотой. Цаашлаад Г.Жигжигдсүрэн, С.Удвал гуайтай холбогдоно.

Нас нэмэгдэх тусам Жигжидсүрэнд улам их талархаж явдаг юм. Би Жигжидсүрэнг өмнө нь танихгүй. 1980 онд Ленин клубийн автобусны буудал дээр зогсож байтал нэг хүн ирээд “Намайг Жигжидсүрэн гэдэг. Би кино найруулагч хүн.

Өөрийг чинь “Хатанбаатар Магсаржав” кинонд тоглуулах гэсэн юм. Проб хийх шаардлагагүй, өөрийг чинь шууд тоглуулна” гэдэг юм байна. Тэр үед би Ленинградад сурч байв. Түүнээс хойш хоёр жил өнгөрлөө, өнөө киноноос чимээ анир байдаггүй. Сургуулиа төгсөөд иртэл нэг өдөр Жигжидсүрэн найруулагч дуудаж байна гэв. Яваад очтол “Хувцасны хэмжээгээ өг. Нүүрээ будуул” гэлээ.

Нүд ирмэхийн зуурт л болж өнгөрсөн явдал. Жигжидсүрэнгийн нүдэнд би Хатанбаатарын дүр бүтээчихмээр харагдсан юм байлгүй. Тухайн үед би “Өмнө нь тоглож байсан мундаг жүжигчин байгаа шүүдээ. Тэднийг тоглуулбал яасан юм гэхэд “Би мэдэж байна” л гэсэн. Бодвол, надаас нэг зүйл олж харсан юм байлгүй дээ. Энэ кинонд тоглосны дараа Монголын ард түмэн их сайхан хүлээж авсан.

Түүний буянаар намайг Эрдэнэбулган гэхээсээ илүүтэй Баатар ван гэж дуудна. Энэ нэрэндээ ч дуртай. Тухайн үед киногоо үзчихээд “Тэрүүн дээр алдчихаж гээд санаа зовно”. Кино гэдэг нэгэнт гарсан хойно засаж болдоггүй эд юм даа.

Одоо киногоо үзэхээр “Дажгүй тоглочихож шүү” гэж бодно. Энэ өндөр настай холбоотой байх. Хөдөө явж байгаад айлд орохоор таниад дээшээ суу гэж цай, хоолныхоо өнгөтэй өөдтэйг барьдаг. Энэ бол цаг үедээ нийцсэн том хүндлэл юм даа.

-Та бас кино найруулсан байх аа?

-Ганц, хоёр юм бий. Түүн дотор манай Жигжидсүрэнгийн үнэлдэг нэг кино нь “Учиртай гурван толгой” юм. Жүжгээр кино хийсэн хэрэг. Энэ жүжгийг хамгийн анх 1934 онд тавьсан хэв загвараар нь Ардын зураач Ц.Доржпалам, гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоо гуайгаар зөвлүүлээд “Түмэн эх” чуулгад ардын дууны аян дээр тавьсан.

Дараа киног нь хийхдээ Д.Нацагдоржийн эх зохиол руу дөхүүлэх гэж оролдсон юм. Дууг нь манай театрынхан дуулж, жүжиглэхийг нь УДЭТ-ийн жүжигчид тоглосон. Үүний дараа “Үхэж үл болно Чингис хаан” киног найрууллаа. Хамгийн сүүлд “Хүнчин” гээд кино хийсэн. Хоригдол, ялтан хоёрын тухай өгүүлэхдээ эцсийн эцэст бүгд хүн шүү гэдэг санаа гаргахыг хичээсэн хэрэг.

-Хүн дурсамжаараа амьдардаг “амьтан” юм шиг. Нас ахисан хойноо эмээтэйгээ хамт байсан тэр гол усанд амьдрахад юу бодогдож байх юм?

-Хүн дурсамжаараа хөглөгдөхгүй бол уйтгартай шүү дээ. Алдаагүй, жаргалгүй хүн гэж байхгүй. Хүн бүхэн жаргалтай. Гэхдээ тэр жаргал нь хүн бүрт харилцан адилгүй, өөрийнх нь сэтгэлд, оюун ухаанд хадгалагдаж явдаг учраас ил бус далд байдаг. Харин хүний алдаа ил харагддаг. Эмээтэйгээ хамт байсан тэр нутагтаа очлоо, одоо ч амьдарч байна. Би том болтлоо хөдөө байсан болоод ч тэр үү сүүлийн жилүүдэд нутаг руугаа л явах болсон.

Манай нутгийнхан ч намайг халуун дулаан сэтгэлээр угтана. Сүүлийн 20 гаруй жил амралтаа аваад л нутаг руугаа явдаг байсан. Сүүлдээ тэнд төрсөн болохоор ясаа ч тавих ёстой гэх бодол эзэмдэж байна.

Зарим хүн “Та театрт насаараа ажилласан хүн. Тэндээ байвал зүгээр юм биш үү” гэнэ. Намайг Бухын голд төрөхөд хэдэн хот айл л байсан байх. Тэд л баярлаж хөөрч байсан байлгүй. Үхэхдээ би баяр ёслол мэтээр үдүүлмээргүй байна. Өссөн орчинд минь миний төгсгөл байх ёстой. Хүн сонсоод гайхахаар сонин газар би амьдардаг. Булган аймгийн Бугат сумаас гурван км-т зүүн тийш харсан уулын аманд модон дотор миний байшин байдаг. Тэр их учиртай.

Уулынхаа дээд үзүүрт дэрээ дэрлэж, хөл хэсэгтээ төрсөн газраа харж хэвтэж байгаад бурхан болбол миний сүнс баярлах байх. Байшингаа яг ингэж байхаар барьсан. Үүнийг ярихаар манай нутгийнхан эхэндээ ойшоодоггүй байсан л даа. Одоо бүгд мэднэ. Зарим өвөл би ганцаараа очоод өвөлжчихнө. Тэр үед “Та айж сандардаггүй юм уу” гэнэ.

Тэр үед нь би “Та нар намайг өлгийтэй байгааг ажигладаггүй юм уу. Эргэн тойрон модон дунд өлгийтэй юм шиг байгаа биз дээ” гэдэг юм. Одоо манай нутгийнхан намайг ойлгож, “Өөрийн үзэл бодолдоо үнэнч хүн юм” гэх болсон. Нутгийнхан маань намайг өөрийн ах, дүү шигээ санаж, зун, өвөлдөө сүү, таргаар таслахгүй. Миний нутаг үнэхээр үзэсгэлэнтэй, зүйрлэж ярихын аргагүй.

Монголдоо ганц “Өргөн Сэлэнгэ”. Дуу, шүлэг ч байна. Би энд эмээгийнхээ тухай нэг түүхийг дахиад яримаар байна. Хонь, мал эргүүлэхдээ эмээ маань гуулин шанага дээлийнхээ бүсэд хавчуулж, мод тулаад явна. Тэгэх бүртээ “Миний хүү нэг сүүтэй ямаа бариад ир” гэнэ. Аваад очиход өнөө ямаагаа гуулин шанагадаа саагаад, надаар хөх хомоол түүлгэнэ. Манай нутагт цагаан мөөг, улаан цэцэгтэй цагаан төмс их ургана.

Түүнээс түүж бэлдсэнээ сүүнд хийж буцалгаад надад өгнө. Одоо бодоход, хамгийн үнэтэй хоолыг миний эмээ надад өгч байжээ. Магадгүй өсөхөд маань эмээгийн өгч байсан тэр хоолны хүчээр эрүүл саруул өдий насыг насалж байгаа юм болов уу гэж боддог. Хоёр ээж, аавыг миний эмээ орлож байсан.

-Хүний амьдралын наян жилийг та туулж өнгөрүүлжээ. Хоёр нийгэмд ажиллаж, амьдарлаа. Өнгөрснөө эргэцүүлж суухад дутуу үлдээсэн юм байна уу?

-Хоёр нийгэм дамнан сайхан л амьдарлаа. Социализм, ардчилсан нийгмийн засаглалыг харж суухад юм юм л бодогддог юм байна. Уг нь зөв чиглүүлээд аваад явбал ардчилсан нийгэм хүнд илүү их боломж өгч чадах юм байна гэх ойлголт төрсөн. Харамсалтай нь, бид тэгж чадсангүй, өнөөдрийг хүрчээ. Түүгээр ч барахгүй өнгөрсөн 30 жил Монголын түүхэнд жаахан таагүй, эмгэнэлтэй цаг хугацаа болж үлдэх вий.

Ардчилсан нийгэм тогтсоныг би хэлж байгаа юм биш. Бий болсон ардчиллыг хөгжүүлж, авч явж чадаагүй улс төрийн хүчнийг хэлж байгаа юм. Хэрвээ ардчилсан нийгэм тогтсон 30 жилийг байх ёстой голдрилоор нь авч явсан бол сайхан зүйл олныг цогцлоох байсан.

Ингэж чадаагүй учраас өнөөдөр харамсах зүйл их байна. Хамгийн наад зах нь, 30 жилд төр тогтвортой байдлаа нэг ч удаа харуулж чадсангүй. Байнгын өөрчлөлт, халаа сэлгээ, үнэн худал нь мэдэгдэхгүй яриагаа хэвлэлийг ашиглаж тараах хандлага давамгайлж иржээ. Монголын газар шороо, нутаг, хүний ертөнцийг хайрлах сэтгэл их үгүйлэгдэж ирлээ. Энэ маш харамсалтай.

Ардчиллыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ирсэн бол хэнээс ч гуйхгүй баян тансаг амьдарч ирэх нөөц миний Монголын газар шороонд байжээ. Ийм сайхан өв хөрөнгийг ихэс дээдэс маань өвлүүлэн үлдээсэн байна. Чингис хаан нэрээрээ дэлхийд дархалжээ. Хэрэв Чингисийн Монгол гэж дэлхийд дархлагдаагүй байсан бол энэ 30 жилд үгүй хийгээд дуусах байсан биз гэсэн сэтгэгдэл төрөх болсон.

Монголын газар шороо, нутаг, хүний ертөнцийг хайрлах сэтгэл их үгүйлэгдэж ирлээ. Энэ маш харамсалтай.

Монгол орноо улстөрчид зөв залж, өндийж босгох цаг болжээ. Үүнээс оройтвол хэцүүдэх байх. Улс төрийн хүчнүүд сэтгэлтэй, зүтгэлтэй хандмаар байна. Магадгүй Монгол гэж нэр байж болно, өөрийн эрх мэдэлгүй болоод үлдчих вий гэх болгоомжлол хааяа төрөх юм. Ардчилал гэдэг зарим талаар социализмаас нарийн дэг жаягтай. Аливаа улс үндэстэн хуулийн үнэн дээр тогтох ёстой.

Хаана ч очсон ч “Манай хуульд ийм байдаг” гэдэг мөрдлөг иргэн бүрийн оюун ухаанд яг таг суух нь чухал. Үүний тулд төр засгийн эрхмүүд гаргасан хуулиа чанд мөрддөг болох ёстой.

Хүний итгэлийг усаар хариулж болохгүй гэж бодож явдаг. Улс төрчид ч мөн ялгаагүй. Хүний ертөнцөд сайн, муу зүйл байлгүй яах вэ. Гэхдээ боловсролтой, мэдлэгтэй, оюуны потенциалтай ард түмнээ, залуусаа төр бодлогоор дэмжиж ажиллуулмаар байна.

Дэмжихгүй, тоохгүй байгаа учраас тэд гадагшаа гарч ажиллаад, гадны улс оронд мэдлэг оюунаа зараад байна шүү дээ. Олон машинтай, их мөнгөтэй хүнийг би лав жаргаж байна гэж хэлэхгүй. Сэтгэлийн дарамтгүй, амар тайван, дуртай ажлаа хийж байгаа хүнийг жаргалтай хүн гэж хэлнэ.

Зураг