Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Эцэг, эхчүүдийн дөнгөж 6 хувь нь хүүхдийнхээ интернет хэрэглээг шүүлтүүр программаар хязгаарладаг"

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг зохион байгуулж байна.

Форумын үеэр "Хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал", "Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, боломжууд", "Холбогдох талуудын оролцоо" гэсэн сэдвийн хүрээнд илгэлт танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэдгээрээс "Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, боломжууд" сэдвийн хүрээнд тавьсан илтгэлүүдийн агуулгаас танилцуулж байна.

"11-17 насны хүүхдүүдийн 92 хувь нь интернет хэрэглэдэг"

"Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх арга хэмжээ" сэдвээр ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал илтгэл танилцууллаа.

Тэрбээр "Өсвөр үе ба цахим хэрэглээ-2018 судалгааны зарим онцлох тоон мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Уг судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2,240 хүүхэд, 378 эцэг, эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд 85 хувь интернет хэрэглээг бие даан эсвэл найз, нөхдөөсөө сурсан хэмээн хариулсан байгаа.

Хүүхдүүд фэйсбүүк, Юүтүб, Инстаграмыг хамгийн түгээмэл ашиглаж байна. Мөн олон хаяг давхар хэрэглэх нь ч байгаа.

График 1:

 

Хүүхдүүдийн интернет хэрэглээ нэмэгдэхийн хэрээр "цахим дарамт" мөн нэмэгдсээр байна. Тодруулбал, хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх цахим дарамтын талаар дуудлага 2015 оноос хойш жил ирэх тутам өссөөр байгаа.

График 2:

 

Интернетийн зохистой зөв хэрэглээг бий болгохын тулд гэр бүл, хүүхэд, багш гэсэн хүрээнд хяналт тавих, зөвлөн туслах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй хэмээн үзэж байна. Харамсалтай нь 2018 оны судалгаагаар эцэг, эхчүүдийн 41 хувь хүүхдийнхээ ямар сайтад зочилсныг мэдэхгүй бөгөөд 42 хувь нь интернет хэрэглэх цаг, агуулгад заримдаа хяналт тавьдаг, 16 хувь нь огт хяналт тавьдаггүй хэмээн хариулсан.

Мөн эцэг, эхчүүдийн 64 хувьд шүүлтүүрийн программ хангамжийн талаар мэдээлэл байхгүй хэмээн хариулсан бол 30 хувь нь сонсож байсан дөнгөж 6 хувь нь ийм төрлийн программ хэрэглэдэг байна" гэдгийг тодотгон  танилцууллаа.

"Хохирогчдын 53 хувь нь10 болон түүнээс доош насны хүүхдүүд байгаа нь санаа зовоох асуудал болоод байна"

Үргэлжлүүлэн Их Британийн "Internet Watch Foundation"-н олон улс хариуцсан менежер Валентина Пикко сангийнхаа үйл ажиллагаа, Монголд ашиглах боломжийн талаар мэдээлэл өгч, илтгэл танилцуулсан юм.

IWF нь Их Британид бүртгэлтэй ашгийн бус байгууллага бөгөөд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглаж байгаа тохиолдлыг харуулсан зураг агуулгын талаар мэдээллийг иргэдээс хүлээн авч, хууль бус агуулгыг интернет орчноос устгах ажлыг зохион байгуулдаг байна.

Иргэд тус байгууллагад мэдээлэл өгөхдөө өөрийн нэрийг нууцалж эсвэл ил тод мэдэгдэж болох бөгөөд иргэний мэдээллийг үнэн эсэхийг мэргэжлийн экспертүүд нягталж, хууль бус агуулгыг устгах, түүнийг түгээж буй хаягийг хаалгах арга хэмжээ авахуулдаг ажээ. Түүнчлэн гэмт хэрэгтнийг олж илрүүлэх чиглэлд цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг байна.

Илтгэгч Валентина Пикко "Манайх 1996 онд байгуулагдсан. Интернет орчинд хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглаж байгаа агуулгыг багтаасан нийт мэдээллийн 18 хувийг Их Британиас оруулдаг байсан учраас манайх шиг байгууллагын хэрэгцээ шаардлага үнэхээр байсан юм. Харин одоо интернет дэх дээр дурдсан агуулгын 0.2 хувийг л Их Британиас нийтэлж байна. Энэ нь тухайн агуулгыг оруулдаг байсан этгээдүүд байршлаа сольсон, зарим нь мэдээлэл ихтэйгээс үүдэн тийм агуулга оруулахаа больсонтой холбоотой гэж харж байгаа.

Манай байгууллага 2018 онд иргэдээс нийт 230 мянган мэдээлэл хүлээн авснаас 105 мянга нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, тухайн агуулга, зургийг устгасан. Гэмт хэргийн хохирогчдын 53 хувь нь 10 болон түүнээс доош насны хүүхдүүд байгаа нь санаа зовоох асуудал болоод байгаа.

Монгол Улсын иргэдийн хувьд  ХХЗХ-ны вэб хуудсаар дамжин IWF-т хандаж энэ талаар мэдээллийг манай байгууллагад өгөх боломжтой. Одоогийн байдлаар 26 улс манай байгууллагатай ижил порталтай болсон бөгөөд Монгол Улс 27 дахь нь болох боломжтой юм" хэмээн ярилаа.

Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниуд IWF-н үйл ажиллагааг дэмжиж, эерэг хандлагатай байдгийг мөн илтгэгч хэлж байв.

“Цахим орчны хүүхэд хамгаалал” форумд Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид, Контент агрегатор, Дата хостинг, вэбсайтын үйлчилгээ эрхлэгчид болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар оролцож байгаа юм.

Эдгээр байгууллагын төлөөллүүд цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд, залуучуудыг хамгаалах хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид энэ чиглэлээр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэн ажиллах боломжуудын талаар хэлэлцэж байна.